Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ыг давхар дээлгүй, жинхэнэ мэргэжлийн хүмүүсийг нь сайдаар томилон, мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ гэж ард түмэн горьдож байсан ч үгүй байжээ.

Олон нийтийн горьдлого талаар боллоо. Мэргэжлийн Засгийн газар байгуулж, чадаагүй, мөнгөтэй хүмүүсээ сайдаар томилчихлоо хэмээн намын нөхдийн зарим нь хүртэл сэтгэл дундуур байгаагаа хэвлэлээр илэрхийлээд амжсан.

Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр тэргүүтэй мөнгөтэйчүүд хамгийн чухал салбарын сайдаар ногоон гэрлээр томилогдчихлоо. Ингэхдээ намдаа мөнгө босгож, өгдөг сайд болох үнэ хэдэн тэрбумаар яригддаг гэх яриа байдаг.

Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон ч өнөөдөр Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг давхар хашихаар боллоо. Сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр Эрүүл мэндийн яамны ажилтан албан хаагчидтай уулзалт хийж байна.

Ингээд гурвын гурван давхар дээлтэй болчихож байгаа юм. Сүүлдээ МАН гэдэг чинь Н.Номтойбаяр гэх баян айлын хүүхдийн мэдлийн нам юм болов уу ч гэж ойлгогдох юм.

Мөн тэрээр Хөдөлмөрийн яамыг хариуцаад, үр бүтээлтэй, сайн ажиллана гэхэд бас итгэх хэцүү байна. Учир нь өмнө нь Номтойбаяр Шинэ дэлхий телевиз, Өдрийн шуудан сонин ажиллуулдаг байсан ч ажилчдынхаа цалинг өгөхгүй, хэдэн сараар хүлээлгэн луу унжсаар, сүүлдээ дампууруулсан түүхтэй. Мөн тэднээ компаниуд ажилчдынхаа цалинг заримдаа цагтаа өгдөггүй, нэлээд цомхтгол хийдэг зэрэг олон асуудалтай юм билээ. МАН Номтобаярт гурван давхар дээл өмсүүлж, ард түмний итгэлийг хугалах шиг боллоо доо.

Г.Наран