Доналд Трамп

Америкийн Нэгдсэн Улсын дараагийн ерөнхийлөгч

(Биш байх болтугай)

~ Оршилын оронд

The Big Short гээд болсон явдал дээр үндэслэж хийсэн холливуудын кино өнгөрсөн жил гарсан даа. Оскар авах шахсан. Үзэж амжсан уу яасан. Ерөнхий сэдэв нь том акул арилжааны банкууд, хөрөнгийн биржийн шуналын тулам нар байшин, орон сууцны зах зээлийг хиймлээр хөөсөрүүлсээр байгаад эцэсдээ 2008 онд америкийн хөрөнгийн бирж нурдаг. Үүний үр дүнд америкт улмаар дэлхийд санхүүгийн их хямрал нүүрлэж буй. Тэгээд яалт ч үгүй АНУ засгийн газраас бонд гаргаж (татвар төлөгчидийн халааснаас) даварсан хэдэн банкаа улмаар улс орноо бүрэн дампуурлаас арай чүү нэг юм гаргаж байгаа тухай кино л доо. Тэгээд яг киноны төгсгөлд энэ бэрх цаг үе, болж бүтэхгүй юм болгоны бурууг муусайн цагаачид, үндэсний цөөнх рүүгээ чихэж ард түмэн, хар масс-д ойлгуулах зам л бий гэсэн байгаа.

Сүүлийн жилийн товч хураангүй

Яг л түүн шиг энэ элдвийн цагаачид, мексикүүдээс л хамаг гай зовлон үүсээд байна гэсээр тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн ханхүү, санхүүгийн их хямрал болоход жинхэнэ тогоон дотор нь байсан Доналд Трамп ерөнхийлөгчийн сунгаанд анх орсон билээ. Америкийн хоёр том намын нэг Бүгд найрамдах намаас нэрээ дэвшүүлэхэд нь намын боссууд эхэндээ юунд нь түдгэлзэх билээ. Бөөн олз. Энэ намаас арван хэдэн хүн нэрээ дэвшүүлсэнээс том нь ч биш, бага нь ч биш зөвхөн нэг нь. Давая “мөнгөтөй хүн лаагаа иднүү, луувангаа иднүү”, жаал шоудаж байгаад нэрээ татаад бүгд найрамдахчуудын ирээдүй гэгддэг Марко Рубио, Жэб Буш эсвэл Тэд Круйз нарын хэн нэгнийхэн галд нэгдэнэ биз гэтэл байдаггүй. Ойч гэсэн команд өгөөд байхад өвдөг шорооддогүй дүлий цэрэг шиг өнөөх чинь үзсээр байгаад их сунгаанд түрүүлээд, намдаа ялалт байгуулаад гараад ирлээ. Намын лидерүүд ёстой л “цааш харж уйлж, наашаа харж инээх” гэгч болсон. Өнгөрсөн долоо хоногт бүгд найрамдах намын үндэсний их чуулган Кливлэнд хотод дөрвөн өдөр болж, Доналд Ж.Трампыг албан ёсоор 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд илгээхээр болсоноо зарлалаа.

Өст хүн, өлийн даваан дээр

Түүхэнд аливаа нэгэн өөрчилөлт гарахад олон зүйлийн нөхцөл байдал бүрдсэн байх ёстой байдаг. Хүн төрлөхтөний түүх хэрэгтэй цагт хэрэгтэй хүнээ бий болгодог шиг, хэцүү цагт олиггүй этгээд ч тодрох тохиолдол цөөнгүй. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг хэн жолоодох нь бүх дэлхийд хамаатай хэрэг гэдэг нь мэдээж. Гэхдээ энэ удаагийнх магадгүй өнгөрсөн олон сонгуулиас хамаагүй их ач холбогдолтой байж ч болох юм. Тийм ч учраас надаас эхлээд олон сая хүн өнгөрсөн намраас эхэлсэн их сунгааг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн 2-р дайнаас хойш үүссэн хүчний хувиарлалт сарниж эхлэсэн. Товчоор хэлбэл бужигнахад бэлэн болсон. Энэ нь Дорж, Болд хоёрын хэн нь Оросын тал, хэн нь Америкийг дэмждэгтэй түй ч хамаа байхгүй. Энэ нь нийтээрээ л, бөмбөрцөгөөрөө л зовно гэсэн үг. Лалын хэт даврагч нар, энд тэнд гарч байгаа террорист аллагууд, ойрхи дорнодын бужигнаан, орос хятадын нөхөрлөл, европын холбооны доройтол, америкийн дотор болж байгаа түмэн проблемууд, хүний их нүүдэл, залуу үеийн залхуурал, умард солонгос, шашны мөргөлдөөн, дэлхийн дулаарал, цэвэр усны хомсдол, цахим ертөнцийн галзуурал гээд үй түмэн асуудал алаг дэлхийд нүүрлээд байна. Эгзэгтэй энэ цагт, дэлхийн тэргүүлэгч гүрний жолоог Трамп жолоодно “Америкийн дахиад агуу болгоно” гэнэ шүү. Чадах уу?

Энд би түүний эдийн засгийн бодлого, тэгнэ ингэнэ гэсэн болгоныг дурьдаад яахав. Угаасаа ойлгодоггүй юм. Харин түүнийг хувь хүний хувьд, зан төлвийн төвшинд хэр нуруутай хүн болохыг дүгнэсэн маш сонирхолтой нэгэн нийтлэлээс олон зүйлийг иш татаад, чадан ядан энэ нийтлэлийг бичлээ. Уншигч авхай өөрийнхөө дүгнэлтийг хийнэ бизээ. Мэдээж ноён Трамп-д сайн аав, мундаг бизнесмэн, удам угсаа сайтай, хүүхэнд нүдтэй гээд л олон сайн чанар байгаа нь гарцаагүй.

~Зуумтгай, жижиг сажиг олон юманд өш өвөрлөдөг нэгэн.

Тэрээр ерөнхийдөө эсрэг намынхаа нэр дэвшигчийг шоронгийн хадаас болгох хэрэгтэй гэсэн уриатай үндэсний нэгдсэн чуулганаа явууллаа. Өөрийн эсрэг бичсэн хэд хэдэн сэтгүүлч, сонины газрыг шүүхдэж байна. Сонгуулийн илтгэл болж байхад түүний эсрэг протест хийсэн хүнийг “цохиод унагаа, би шүүхийн зардалыг чинь даана” гэж индэр дээрээс хэлдэг эр дээ. Нэг ч биш, нэжгээд удаа иймэрхүү зүйл хэлсэн гэж байгаа.

~ Трамп бол жинхэнэ арьс өнгөөр ялгаварлагч нөхөр.

Тэрээр мексикийн бүх цагаачидыг алуурчид, хүчиндэгч гээд нэг шуудайнд чихсэнээр сонгуулийн компанит ажлаа эхлүүлсэн билээ. Улмаар лалын шашинтай ямар ч хүнийг хилээр оруулж болохгүй гэж айлдсан. Рэйсист гэдгийг нь түүнтэй нэг нам, одоогийн их хурлын дарга Пол Райн хүртэл хүлээсэн байгаа.

~ Нэр дэвшигч бол шалгарсан сексист нэгэн.

Хов жив хөөцөлдөөд л ТВ-ын эмэгтэй хөтлөгч нартай хэрүүл хийгээд л яваа харагддаг юм. Фокс-Ньюс сувгийн Меган Келли гэдэг хүүхнийг бүүр эмэгтэй хүнийхэн хувьд муухай доромжилсон. Тэгээд уучилалт гуйчихгүй үргэлжлүүлж хэрэлдээд. Бас өөрийн намын адилхан нэр дэвшигч Карла Фиоринаг царай муутай тэр авгайг хэн сонгох вэ дээ гээд л ярилцлага өгсөн. Мөн гол өрсөлдөгч Круйзын эхнэрийг өөрийнхөө эхнэртэй харьцуулаад л жиргээд, сайхан муухайгаар нь дуудаж унтраагаад байсан. Яг дунд сургуулийн хэрүүлч охид шиг. Зурагтийн шууд халз мэтгэлцээн дээр энэ хэрүүлээ үргэлжилүүлсэн. Ажил хэрэг яриад л овоо байсанаа шууд авгай хүүхний хэрүүл хийгээд л эхэлсэн дэг. Харин манай Элбэгээ, Энхээ хоёр хажууд нь эрийн хугархай юм билээ.

~ Түүний хамгийн муу чанар бол худалч.

Худлаа ярьсаар байгаад аль нь үнэн аль нь худал болохыг өөрөө ч ойлгохоо байсан шинжтэй. Нөгөө манай Дэмбэрэл шиг. “Би хоцордогийн” гээд зогсож байсан лугаа адил. Худлаа ингэж ярьж энэ тэр гэхээр тоох ч үгүй. Хэтэрхий удаан реалити шоунд орохоор ийм болчихдог байж болно шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийг жинхэнэ реалити шоу болгож байгаа сайн эр ээ. Түүний эхнэр, магадгүй ирээдүйн тэргүүн хадагтай Мелани Трамп саяны их чуулган дээр үг хэллээ. Ер нь анх л удаагаа олон өмнө үг хэлж байгаа нь. “Миний нөхөр та бүхний итгэлийг эвдэхгүй..., бид хоёр хатуу амьдралыг мэднэ, бэрх амьдралыг туулсан...,” гэх мэтээр түүний гурав дахь эхнэр, экс модел, насаар бараг нэг дахин дүү хүүхэн илтгэл тавьдаг юм байна. Сонин л сэтгэгдэл төрж байна лээ. Тэгтэл тэр илтгэлийн нилээд хэсгийг одоогийн тэргүүн хадагтай, түүний байнга муулдаг Мишээл Обамагийн 2008 онд хэлсэн илтгэлээс хулгайлсан болох нь баригдаад, батлагдчихав. Трамп болон түүний талынхан шууд “гүлдийцэн”. Нэг туслах хүүхэн ажилгүй болоод л өнгөрөх шив.

~ Асар их биеэ тоосон хүн шиг.

Хийгээгүй бизнес байхгүй л гэдэг юм. Тэгтэл зах зухаасаа хир буртаг нь тодроод л байдаг. Трамп их сургуулиас эхлээд зөвхөн цаасан дээр байдаг сайхан сайхан луйварийн бизнес овоо олон байдаг бололтой. За тэр ч яахав. Хар юманд хуруу дүрээгүй тэрбумтан ер нь байдаг юм уу. Өөрийнхөө баруун гар, дэд ерөнхийлөгч болох хүнээ албан ёсоор анх удаагаа олонд зарлах болоход эхлээд өөрийнхөө тухай 28 минут чалчаад, баахан өөрийгөө магтсаны эцэст нэг юм өнөөхөө дууддаг байхгүй юу. Сэтгүүлчид, хамтран зүтгэгчид, ирээдүйн дэд ерөнхийлөгч гээд л цугаараа гайхаад л, нүд хөмсөгөө хөдөлгөөд л суугаад байдаг. Тэгтэл ч мань эр “уяа нь таарсан, түмний эх” шиг өөрийгөө магтаад л хадуурч, хадуурч нэг юм дэд ерөнхийлөгч болох хүнээ индэр дээр дуудав. Тэгээд өөрөө буугаад явчихсан. Бүгд эвгүй байдалд орсон гээд л оройн мэдээгээр гараад байсан.

~ Орж гарсан, туйлбаргүй нөхөр.

Биеэ тоосон, байнга худлаа ярьдаг болохоор тэгдэг биз дээ. Зурагтын нэвтрүүлэгт орж байхдаа үр хөндөлт хийлгэсэн эмэгтэй хүнийг шүүхээр шийтгэх хэрэгтэй гэсэн юм хэлээд цэцэрхдэг юм даа. Тэгтэл эмийг нь яахав тэгдэг юм байж. Харин хэргийн эзэн залууг яахав гээд хөтлөгч их хөөрхөн асуулт асуугаадахсан. Трамп хэтэрхий хадуурсан болохоо дор нь ойлгоод тэр талаар бодно гэх ухааны юм хэлээд өнгөрсөн. Удалгүй л Трампын сонгуулийн штабаас асуултаа буруу ойлгож энэ тэр гээд хөтлөгчид бурууг чихээд өнгөрсөн. Бас нэг удаа Нью-Иорк Таймсд ярилцлага өгөхдөө НАТО-гын гишүүн орнуудыг Оросоос хамгаалахгүй гээд бурж. Тэгснээ би тэгж хэлээгүй гэж гүрийсэн байгаа юм. Тэгтэл мэдээж Нью-Иорк Таймс тэр ярилцлагийн бичлэгийг гаргаад ирсэн. Мөн нэг удаа Япон, Солонгос хоёр манайд төлбөр төлөх хэрэгтэй, үгүй бол бид тэднийг хамгаалахгүй гэж авсан. Нэмээд өөрсдөө цөмийн зэвсэгтэй ч болбол бол гэдэг байгаа. Дараа бас л тэрнээсээ буцсан. Ажиглаад байхад ноён Трампын гадаад бодлого гээч нь тогтмол хувирч байдаг шиг байгаа юм.

Дэлхийн дулаарлыг бол бүүр Обамагийн зохиосон үлгэр ухааны юм ярьсан. Мексикийн засгийн газраар зардлыг нь төлүүлээд хилийн дагуу цагаан хэрэмээс дутуугүй мундаг хашаа барина гэсэн. Хөтлөгч Мексикийн ерөнхий сайд энэ талаар “хуцваа” ухааны юм хэлсэн та үүнд хариулаач гэхэд “тэгвэл тэр хашааг дахин арван фүүт өндөрсөглөө” гээд л даналзаж байна лээ.

~ Галзуу, шизотой (sociopath).

Түүнийг өөрийхэн намтраар “Art of Deal” гэсэн ном бичсэн Тони Щварц гэгч ингэж дүгнэсэн. Тэрээр Трамптай чамгүй урт хугацаанд хамт байсан болохоор хүний хувьд хэр зэрэг хүн болохыг сайн таньсан нь гарцаагүй. Тэрээр хэлэхдээ “Хэрэв Трамп ялаад, цөмийн зэвсгийн товчлуур дээр суух юм бол, хүн төрлөхтөнийг үгүй хийх алхам тун амархан болно гэдгээс айж байна..., би тухайн үед гахайг уруулын будгаар будаад бичсэн дээ харамсаж явдаг” гэх мэтээр олон сонин олны мэддэггүй зүйлийг ярьсан байгаа. Нетээр ухаарай.

Трампын бодол бол дэлхийд ганцхан Америк л байгаа, бусад улсууд бол тэдэнд төлбөр төлөөд л, газрын баялгаар хангаж байх л үүрэгтэй. Хятадтай ямар ч наймаа дахиж хийхгүй. Худалдааны гэрээг америкт ашигтайгаар дахин хийсний дараа л юм яриж болох юм. Оросууд болон Путинд аятайхан байцгаа гээд хатуухан хэлэхэд л гүйцээ гэх ухааны юм хэлсэн. Лалын хэт даврагч нар бол хамгийн амархан. Шууд л цэрэг мордуулаад, пуужингаар харваад хүн ард, хүүхэд хөгшидтэй нь цугааранг нь үнсэн товрог болгож, газартай тэгшилнэ гэжуугай. Энэ нэг аймхай Обама, урвагч Хиллари гэсэн гайнууд л замд тээг болоод байгаа болохоос, их амархан гэсэн. Улс дотроо бол цагаануудаас бусад нь хог шаарнууд. Газрын гаваар оруул таарсан цагаачид, харууд, исламын шашинтнууд, латиногуудыг бүгдийг нь хөөж гаргана гэсэн. Ингэж боддог хүнийг нээрээ шизо гэхээс ч өөр юу гэхэв. Хамгийн харамсалтай нь хэзээ ч ялагддаггүй боксчин Роки, суманд оногддоггүй баатар Рэмбо-г үзэж өссөн, Гитлерийн Германыг зөвхөн Америк л ялсан гэдэгт итгэдэг, түүний агуу их алдар гавьяаг магтан дуулсан сая сая америкчууд Трампын “сонгууль нэртэй релити шоу-г” алга нэжигнүүлэн хүлээн авч байна.

 

~Төгсгөлийн үг

За ингээд эцэст нь дүгнэж хэлэхэд хэрэв та бид нэг иймэрхүү ааш араншин гаргаад шизотойд, галзуураад явбал хэнд ч хүртээлтэй хэрэг биш. Харин дэлхийн тэргүүлэгч гүрэн, тэр тусмаа цэргийн зардал нь бусад том гэсэн бүх улсуудыг бүгдийг нь нийлүүлсэнээс ч өндөр байдаг АНУ-ын тэргүүнд ийм хүн гарвал гарвал америкийн ч биш магадгүй энэ бөмбөрцөгийн зовлон ч болж мэднэ шүү гэдгийг л сануулах гэсэн билээ. Яагаад Бүгд найрамдах намын зарим нөлөө бүхий лидерүүд Блумберг, Митт Ромни, Бушийн гэр бүл, Тэд Круйз гээд олон эрхэмүүд Трампыг дэмжихгүй байна. Хилларид худалдагдсанд гэдэгт бол үнэмшил төрөхгүй байна. Харин тохиолдож болох хожмийн зовлонгоос л эмээж байгаа болуу. Нийгэм, улс төр, түүхийн зарим судлаачидын тодорхойлсоноор бол мань хүний аяглаж байгаа энэ тэр нь өнөөх хамран доороо сахалтай, үсээ хажуу тал руугаа налчийтэл нь самандаг, өнгөрсөн зууны нэг айхтар мангастай тун чиг төстэй байна гэнэ лээ шүү. Муу бүхэн холуур. Даян дэлхийд энх тайван үүрд мөнх мандтугай.

 

Викторын Пагва

Индиана муж, АНУ

7-24-2016