Дэлхий дээрх амьдрал илүү сайжирч, хүмүүсийн сэтгэл санаа тогтуун тайван, аз жаргалтай байгаа эсэхийг“Дэлхийн аз жаргалын индекс”-ээр харьцуулсан бөгөөд Монголчууд бүс нутагтаа хамгийн “Аз жаргалгүй” улс “тэмдэг”-ээр шагнуулжээ.

Монгол улс дэлхийн хамгийн аз жаргалгүй 10 улсын нэгээр тодорч...

Бид аз жаргалыг эд хөрөнгө, эрүүл мэнд, эрх чөлөөгөөр харьцуулж төсөөлдөг. Харин энэхүү судалгаанд тогтвортой байдлыг чухалчилжээ. Томъёо нь эрүүл мэнд, насжилт, тэгш байдлыг үржүүлээд, эцэст нь байгаль орчны нөхцөл байдалд хувааснаар хариу гаргана.

Тэгэхээр байгаль орчиндоо хамгийн бага сөрөг нөлөө үзүүлж, хүмүүс нь урт удаан, аз жаргалтай амьдардаг орнууд энэ индексээр дэлхийд тэргүүлэх юм. Гэхдээ таны бодож байгаа шиг Барууны өндөр хөгжилтэй орнууд бус Латин Америк, Ази Номхон далайн орнууд жагсаалтыг тэргүүлжээ.

Дэлхийн аз жаргалын индексийг гурав дахь удаагаа тэргүүлж буй Коста Рикагийн ард түмэн хамгийн урт удаан насалж, хамгийн аз жаргалтай амьдардаг бөгөөд байгаль орчноо сүйтгэдэггүй аж. Тэдний дундаж наслалт 78,5 жил.

Цахилгаан эрчим хүчнийхээ 99 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарган авдаг, Засгийн газар нь 2021 он гэхэд нүүрсхүчилгүй улс болох зорилт тавьсан. Түүнчлэн 1949 онд зэвсэгт хүчингүй болсон, эрүүл мэнд, боловсрол үнэгүй гээд дурдаад байвал олон зүйлээр тэд дэлхийн олон орноос ялгаатай.



Харин Монгол улсын хувьд байдал эсрэгээрээ. Иргэдийн дундаж наслалт 68,6 жил. Эрүүл мэндийн индекс 10 онооноос 4,9. Тэгш эрх 22 хувьтай. Хамгийн аймшигтай нь нэг хүн тогтвортой амьдрахын тулд 6,1 га газрыг бохирдуулж, баялгийг нь ашигладаг(gha/p) гэжээ.

Ийнхүү Монгол улс дэлхийн хамгийн аз жаргалгүй 10 улсын нэгээр тодорч, Дэлхийн аз жаргалын индексээр 14,3 оноо авснаар 140 улсаас 136 дугаар байрт орсон юм. Түүнчлэн бүс нутгийнхаа хамгийн аз жаргалгүй орноор шалгарчээ.

Эх сурвалж: Happy Planet Index