АН дотор намын даргын сунгаа хүчтэй явагдаж байна. Хэдийгээр Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт хуралдуулахаар товлосон ч бүлэг, фракцууд эртнээс зохион байгуулалтад орсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Үүний нэг тод илрэл нь ҮЗХ-ны хурлаа ирэх баасан гаригт хуралдуулахаар болжээ.

 

Энэ хурлаар намын даргаа тодруулах бөгөөд Их хурлаараа батламжлах юм байна. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарын аль нэг нь АН-ын дарга болно гэсэн таамаг эртнээс дуулдсан. Тэгвэл саяхнаас МоАН Лу.Болдыг, МҮДН-ынхан Д.Эрдэнэбатыг, “Алтангадас”-чууд Я.Санжмятавыг, “Шонхор” фракцынхан С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн гэсэн мэдээлэл байна.

 

Намын дарга болсон эрхэм 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Тэгэхээр намын даргын төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүчтэй лидерүүд ийнхүү өрсөлдөх болж байна. Бүлэг, фракцаасаа “виз”-ээ авсан дөрвөн хүний тухайд намын гишүүд нь дотооддоо ярьж тохирсон учраас асуудалгүй гэцгээж буй.

 

Харин Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын хувьд танхимаас нэр дэвшиж, олонхийн саналаар намын дарга болчих боломжтой гэж ажиглагчид харж байна. Хамгийн гол нь 2017 оны төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшихэд ард түмнээс оноо цуглуулж чадах, хийсэн ажилтай, нэр хүндтэй, хэл ам дагуулах элдэв “но”-гүй, хууль эрхзүй болоод улс төрийн элдэв занганд орчихоор бараан зүйлд хутгалдаж байгаагүй ариун мөртэй, нэр цэвэр эрхэм байх ёстой.

 

Эдгээр зургаан эрхмээс дээрх шалгуурыг хангасан хүн АН-ын даргаар сонгогдох болов уу. Нэр нь яригдаж буй зургаан эрхмийн хэн нь АН-ын дарга болохоос тус намын улс төрийн алхмууд, Ерөнхийлөгчийн сонгуулийн том зураг тодорхой болох учиртай.

 

Л.ХЭРЛЭН