Өрөөсгөл хүр эрвээхэй аюултай юу
2016/08/04
Ойрын өдрүүдэд олноор үзэгдэх болсон том, цагаан далавчит эрвээхэйний талаар сошал ертөнцөд багаггүй шуугиад байгаа билээ. Тэгвэл Өрөөсгөл хүр эрвээхэйний талаар хүргэж байна.
-Өрөөсгөл хүр эрвээхэй манай нийт нутгийн ой хөвчид тархсан шавьж. Намрын улиралд авгалдайгаа шахах гэрэлтэй, дулаан газар хайн нүүдэллэж, хамгийн тохиромжтой газраа сонгодог. Ингэхийн тулд бүр 150 км-ийн цаанаас нүүдэллэх нь бий.
-Намар гарсан авгалдай өвөлжиж, хавар бүрхүүлээсээ гардаг. Үүнийг хүрэнцэр гэж нэрлэдэг. Хүрэнцэр нь хаврын турш модоор хооллож, модыг маш ихээр сүйтгэнэ. Гэхдээ хавраас намар хүртэл хооллоод бусад үед хооллодоггүй амьтан. Идэш тэжээлээ хангалттай хүртсэн хүрэнцэр зургаагаас долдугаар сарын үед хүүхэлдэй шатандаа орж, наймдугаар сард эрвээхэй болдог. Эрвээхэй нь эвцэлдэж, улмаар авгалдайгаа шахах тохиромжтой газар хайн нүүдэллэнэ. Авгалдайгаа шахсан эрвээхэй шууд үхдэг.
-Байгаль дээр байдаг амьтан учир далавч болон бусад зүйлд нь хүрэхгүй л бол хүнд онцын аюул учруулах нь ховор. Хүрсэн тохиолдолд харшил тусах магадлал бий. Бусдаар бол хазах гэх мэт аюулгүй.
-Гэрт болон өрөө тасалгаанд орж ирсэн тохиолдолд шууд устгах шаардлагатай. Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй. Мөн угаалгын нунтагтай усаар угаавал авгалдай амьсгалах чадваргүй болж үхдэг. Харин эрвээхэйг нь заавал шатаалгүйгээр устгаж болно. Эрвээхэйнээс сэргийлэхийн тулд нүүдэллэх хугацаанд цонх, хаалгаа сайтар хаах нь чухал.
-Онцын шаардлагагүй тохиолдолд орой гэрэл асааж, эрвээхэй цуглуулахгүй байхыг иргэдэд мэргэжилтнүүд зөвлөв. Хэрэв харшлын шинж тэмдэг илэрч, нүд рүүгээ оруулвал хөдөлмөр хамгааллын анхан шатны арга хэмжээ авч, гар, нүдээ сайтар угаах хэрэгтэй. Энэ эрвээхэй хүний нүдийг сохлох хэмжээний хор хөнөөл үзүүлэхгүй. Өрөөсгөл хүр эрвээхэйн нислэгийн үе 14-20 хоногийн хугацаанд үргэлжлээд дуусна.
-Хэт хуурайшилттай холбоотойгоор тоо толгой нь, давтамж нь ойртох магадлал өндөр болдог. Тиймээс хөнөөлт шавьжны хэт олшрол дараа жил ч гэсэн үргэлжлэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, хэт халуун, гантай холбоотойгоор энэ үзэгдэл давтагдаж болзошгүй. Өнгөрсөн жилээс энэ үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ төрлийн эрвээхэй нь гэрэл гэгээтэй газар руу тэмүүлдэг учраас хот суурин газарт ч олноороо амьдардаг.
Зочин · 2016/08/04
okay