Сонгууль сайхан болж өнгөрсөн. Маргах юмгүй. Ард түмэн эрх баригчдаас үнэхээр “залхсан” байсан учраас тэдэнтэй хариуцлага тооцож, тухайн үеийн сөрөг хүчин байсан Монгол Ардын намд үнэмлэхүй ялалтыг өгсөн билээ.

МАН ч ялалтынхаа гавьяаг эдэлж, Засгийн газар, дэд сайд, агентлаг, төрийн нарийн бичгийн дарга, хэлтэс, албадын дарга … гээд л албан тушаалын томилгоонууд хийсээр байна. Харин энэ бүгдийг хөндлөнгөөс ажиглаж суухад “арай ч үгүй байлгүй дээ” гэмээр томилгоонууд их хийгдэж байна. Ямар тохироо хийчихсэн болоод төрийн чухал албан тушаалд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс томилоод байгааг ойлгохгүй юм. Ялсан намын дотоод асуудал л байх даа. Гэхдээ л үнэхээр байж боломгүй, үнэмлэхүй ялалт авсан намын нэр хүндийг унагам хүмүүс олон байгааг анхаармаар.

Тухайлбал, үнэмлэхүй ялалтын маргааш Нийслэлийн Иргэдийн хурлын даргаар томилогдсон Ц.Сандуй гэгч байна. Түүнийг албан тушаалд томилж болохгүй ашиг сонирхлын зөрчил, арвин түүхтэй хүн гэдгийг хэвлэлийн хуудаснаа бичигдэж үлдсэн мэдээ, мэдээллээс харах боломжтой. Хамгийн сүүлд л гэхэд албан тушаалын томилгооноос дан нийслэлээс л гэхэд 60 тэрбум төгрөг олно хэмээн ярьж буй бичлэг нь олон нийтэд нээлттэй болсон билээ. Ц.Сандуй ч тус яриаг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч “намын стратеги тактикын асуудал ярилцах хуралдааны бичлэг алдагдсан” гэж тайлбарласан байгаа.

Өөрөөр хэлбэл Ц.Сандуй гэх эрхмийн албан тушаалд очмогцоо нийслэлээс л гэхэд 60 тэрбум төгрөг босгох зорилготой нэгэн байжээ гэдэг нь батлагдаж байна. Гэвч МАН үүнийг үл тоон албан тушаалд томилж байгаа нь итгэл хүлээлгэж, үнэмлэхүй ялалтыг өгсөн иргэдийнхээ сэтгэл рүү ус цацсантай адил зүйл болчихлоо.

Одоо МАН-аас албан тушаалд томилогдож буй бүхий л хүнийг “төлбөр төлсөн” гэж ойлгогддог болж. Чадвартай, салбартаа мэргэшсэн, чин шударгаар томилогдсон эсэх нь огт хамаагүй. Ц.Сандуй нарын тус бичлэгээс болоод МАН-ын чадварлаг боловсон хүчин “албан тушаал худалдаж авсан” гэх шошготойгоор ажил үүргээ гүйцэтгэж байна. Үнэмлэхүй ялалтыг “юу ч биш” болгож, намын нэр хүндийг шороотой хутгаж байгаа нь үнэхээр харамсалтай.

Гэхдээ МАН-д энэ алдааг засах боломж бий. “Яаж вэ” гэвэл ашиг сонирхлын зөрчилтэй Ц.Сандуй нарыг албан тушаалаас нь чөлөөлж, нэр цэвэр шударга ажиллана гэдгээ тайлбарлахад л хангалттай. Өөрөөр хэлбэл үнэмлэхүй олноор саналаа өгсөн иргэдийн итгэлийн гал унтраагүй байна. Энэ үед л МАН чадалтай, чадвартай, боловсон хүчний хувьд бусад намаа дагуулахгүй нөөцтэй, албан тушаалыг наймаалцдаггүй гэдгээ баталж, зарим томилгоог зоригтойгоор цуцалж гэмээн Монгол Улсыг удирдан чиглүүлсэн түүхийн хуудас нэмэгдэж, иргэд ч сэтгэл бардам сонголтоо хийж, нуруу тэнэгэр алхах буй за.

 

Эх сурвалж:duulian.mn