Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа байгалийн энэхүү үзэгдлийг эрдэмтэд хичээнгүйлэн судалж байна.

Түйрэнгээс болж электрон бараа үйлдвэрлэгч томоохон компаниуд ч хохирол амсч байсан удаатай. Энэхүү гамшигт үзэгдлийн талаар Монгол, Хятад, Япон зэрэг таван орны 50 гаруй эрдэмтэн судлаачид Улаанбаатарт чуулж, санал бодлоо солилцож байна. Судлаачдын яриагаар 1960 оноос хойш Монгол орны шороон шуурганы давтамж гурав дахин ихэссэн ажээ. Ялангуяа говийн бүс нутаг, Их нууруудын хотгорт хамгийн их давтамжтай байдаг. Эдгээр бүс нутагт жилд 30-аас дээш хоног шороон шуургатай байдаг гэдгийг судлаачид тогтоосон байна.

Шар шороон шуурга буюу түйрэн цунами, хар салхи шиг асар их аюул учруулаагүй ч эрдэмтдийн анхаарлын төвд байсаар иржээ. Харагдах хор нөлөө нь бага ч эдийн засгийн тооцоо хийхэд хар салхинаас дутахгүй хохирол учруулж байгаа. Хүчтэй салхи, шуурга газрын суларсан хөрсийг 1.6 км өндөрт хөөргөж чаддаг. Түйрэн Өвөрмонгол, Шинжаанаас улбаатайг эрдэмтэд тогтоожээ. Бүр тодруулбал, Монгол, Хятадын нутаг дахь говиос дэгддэг юм байна.

Түйрэнг яг хаанаас дэгдээд байгааг тогтоох гэж эрдэмтэд их маргалддаг гэнэ. Яг үнэндээ Монгол, Хятадаас л дэгдээд байгаа гэвэл өрөөсгөл болохыг ч тэд хэлж байна. Сахарын цөлөөс ч эхтэй байхыг үгүйсгэхийн аргагүй шүү дээ. Тэр ч байтугай Иран, Пакистан, Энэтхэг, Хятадын шуурга Номхон далайд түйрэн дэгдээдэг гэсэн яриа байдаг. Нэршлийн хувьд ч тогтоогүй гэж ойлгож болох ажээ. Хятадын, эсвэл Монголынх гэж тодотгох нь буруу гэдэг дээр эрдэмтэн, судлаачдын олонхи нь санал нилээд байна. Тэгээд ярилцаад түйрэнг Азийнх гэж нэрлэхээр тогтжээ.

Ер нь шар шороон шуурга өнгөрсөн зуунд буюу 1950-иад оны үед жилд дунджаар таван удаа болдог байв. Харин өнөөдөр давтамж нь хэд дахин нэмэгдэж, зарим жилд гуч гаруй удаа шуурч байгаа. Шороон шуурганаар шороо, элсний том ширхэгтэй нь ойрхон хийсч, жижиг нарийн ширхэгтэй нь 1-3 км-ийн өндөрт дэгдэн хуй салхи хэлбэрээр хэдэн мянган км зам туулж Америкт ч хүрч байна.

Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд, улмаар Номхон далайг “гатлан” Канад, Хойд Америкг ч хүрч, аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хамж хаа сайгүй тарааж байна. Энэ бол аюул. Хүчтэй шуурга хөрсний үржил шимт хэсгийг хийсгэх, хөрс элэгдэх, элс нүүхэд нөлөөлөхөөс гадна цацрагийн балансад тодорхой өөрчлөлт оруулдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон.

Түйрэнгийн талаар эртний түүхэн сурвалжид ч бичсэн байдаг. МЭӨ 524 онд Египетийн Сива хэмээх газар Персийн хунтайж хоёрдугаар Камбисесийн арми түйрэнд өртөж сүйрсэн гухай бичжээ. Ийм түүх олон бий. Өнгөрсөн зуунд л гэхэд 1935 онд Америкт “Хар баасан гариг” нэртэй түйрэн дэгдсэн байдаг. Калифорни мужид дэгдсэн түйрэн 26.8 м/сек хурдалж, 300 мянган тонн газрын хөрсийг тэнгэрт босгосон түүхтэй.

Соёл иргэншил бий болохоос өмнө нь ч түйрэн байсан, хойшид ч байх нь тодорхой. Нөгөө талаар Төв Азид байгаль цаг уурын болон хүний нөлөөгөөр их хэмжээний газар цөлжсөн юм. Үүнд ган, хуурайшилт, уур амьсгалын дулаарал зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлдөг ч хүний буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн
гэдэг. Ялангуяа хөрсний эвдрэл багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь хөдөө аж ахуйн буруу төлөвлөлт, уул уурхайн салбарт хоцрогдсон технологи хэрэглэх, гар аргаар алт олборлох зэрэг олон шалтгаантай холбоотой. Монгол, Хятадын тодорхой бүс нутагт л гэхэд сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй нэмэгдэж байна.

Үнэн хэрэгтээ говийн хөрс ч өнгөн хэсэгтээ түйрэн дэгдээчихээргүй хатуу байдаг. Харин дээрх олон учир шалтгааны нөлөөгөөр хөрс суларсны улмаас хүчтэй салхи дэгдэх үед жижиг ширхэг бүхий шар шороо агаарт дэгдэж түйрэн үүсгэдэг. Агаарт дэгдсэн шар шороо амархан бууцаггүй, ингээд түйрэн нэг нутгаас нөгөө рүү нүүсээр хэдэн зуун мянган км хол газарт очдог ажээ.

Түйрэн электрон бараа үйлдвэрлэгчдэд их хохирол учруулдаг. Ялангуяа гар утас, компьютерийн үйлдвэрлэлд нарийн ширхэгт тоосонцор маш их хохиролтой. Хэдийгээр компаниуд хамгаалалтын тусгай орчин бүрдүүлдэг ч нарийн ширхэгтэй тоосонцроос төгс хамгаалж чадахгүй л байна. Энд олон сая долларын алдагдал учирдаг ажээ.

Түйрэн хүний эрүүл мэндэд ямар хортой талаар эрдэмтэд хичээнгүйлэн судалж байна. Шар шороон шуурга, тэр дундаа хумхын тоос хүний биед хамгийн их хор хөнөөлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Тэгэхээр жилд хэд хэдэн удаа тохиож байгаа түйрэн олон сая хүний эрүүл мэндийг хохироож байгаа нь ойлгомжтой . Өнөөдөр дэлхий дээр агаарын бохирдлоос болж жилд хоёр сая орчим хүн нас бардаг. Үүний бараг тал хувь нь тоосжилтоос болж байгаа аймшигтай тоо бий. Ер нь агаарт дэгдсэн тэр их хэмжээний нунтаг шороогоор амьсгалж байгаагаас болж хамгийн түрүүнд хүний элэгний үйл ажиллагаа мууддаг гэдгийг сулдаачид хэлдэг. Ийм л аймшиггай үзэгдэлтэй бид нүүр тулаад байгаа ч огт тоохгүй явна.

 

Н.ЭНХБАЯР

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/