РИО-2016: Таван тамирчин тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ
2016/08/12
Зуны олимпийн XXXI наадмын зургаа дахь өдрийн тэмцээнүүд амжилттай боллоо. Энэ өдөр манай тамирчдаас,
Н.Түвшинбаяр аваргын оноог дарав
Жүдогийн эрэгтэйчүүдийн -100кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Кубын бөх Хосе Арментеростой барилдаж юко үнэлгээгээр ялагдал хүлээв. Үзэгч түмэн түүнийг илт давуу илүүрхсэн хөдөлгөөнтэй байсан оноог нь Японы шүүгч эсрэг тамирчид өгчихлөө хэмээн дүгнэж байна.
П.Лхамдэгд бэртэл нь сэтэрч, олимпоо өндөрлүүллээ
Жүдогийн эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд Монгол улсын тамирчин П.Лхамдэгд хэсгийн эхний барилдаанд Унгарын жүдоч Абигел Жоотой таарч барилдсан юм. Харамсалтай нь П.Лхамдэгдийн зүүн гарын гэмтэл сэдэрч, Унгар улсын бөх Абигел Жоод ялагдав.
ОУХМ Г.Нандинзаяа хамгийн өндөр үзүүлэлт үзүүлэв
Олимпийн наадмын урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн төрөлд Дэлхийн шилдэг 37 тамирчин гурван дасгалд өрсөлдөж, шилдэг найман тамирчин тодорлоо. Манай улсын ОУХМ Г.Нандинзаяа Чехийн тамирчинтай адил 582 оноо авсан ч хяналтын оноогоороо есдүгээрт эрэмбэлэгдэж, олимпоо өндөрлүүлэв. Хэдийгээр есдүгээр байрт эрэмбэлэгдсэн ч урт бууны төрөлд манай улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлттэйгээр олимпийн наадамд оролцсон амжилтаар бүртгэгдэж байна
Боксын 69 кг-ын жингийн тэмцээн Ирландын ялалтаар дууслаа
Боксын 69 кг-ын жингийн тэмцээнд Б.Түвшинбат Ирландын боксчин Донелли Стивен Жерардтай тулалдаж, эхний хоёр үеийг гурван шүүгчийн үнэлгээгээр 2:1-ээр ялагдал хүлээсэн бол гурван үеийн дараах байдлаар Ирландын ялалтаар дуусав. Ийнхүү манай тамирчин олимпын тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.Дөлгөөн амжилттай оролцлоо
Чөлөөт сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн төрөлд Олон Улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн амжилттай оролцлоо. Энэхүү төрөлд эхний халаалтын үе 11 хэсэг тус бүр найм, найман тамирчид өрсөлдсөн бөгөөд Б.Дөлгөөн тавдугаар хэсэгт уралдсан юм. Тэрбээр 24,90 секундийн амжилтаар хэсэгтээ 8 дугаарт, 85 тамирчнаас 60 дугаар байранд эрэмбэлэгсэн, хагас шигшээд шалгарч чадсангүй.
Ийнхүү манай тамирчид дэлхийн хүчтэнгүүддээ эн тэнцүү гэдгээ батлан харуулж РИО-2016-доо амжилттай оролцлоо.
Зочин · 2016/08/12
nice