Хуучин он улиран одож, шинэ онтойгоо золгосон энэ торгон агшинд рок попын ертөнцөөр багахан аялал хийе. Хэдийнээ өөрсдийн орон зайгаа олж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд идэр залуу насандаа, ид шуугиулж байсан оргил үедээ ямар дүр төрхтэй байсныг эргэн нэг санацгаая. Залуу идэр насны дүр зургийг одоогийнхтой харьцуулан хараад хэн нь илүү өөрчлөгдсөнийг олж хараарай. Мэдээж ихэнх уран бүтээлчдэд насны намба төрх суусан байгаа биз?

“Харанга” хамтлаг бол домог. Монголын рок попын ертөнцийг өдий зэрэгт хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлаг өдгөө 26 “нас”-тай. Юу ч хийхээс буцахгүй гал цогтой залуус одоо ихэнх нь өвөө болжээ. Рок өвөө нар шинэ жилээр хамгийн их эрэлттэй.


Урлагт хөл тавиад удаагүй байх үеийн “3 охин” хамтлаг. Өдгөө тус хамтлагийн гишүүн Г.Анхмаа гэр бүлээ зохиож, үрийн зулай үнэрлэжээ.

1996 онд “Эрос №1” анхны цомгоо гаргаж байсан МУГЖ, поп дива, дуучин Т.Ариунаа тухайн үедээ шинэ тэсрэлтүүдийг рок попын ертөнцөд хийж байсан эрч хүчтэй уран бүтээлч. Өдгөө ч эрч хүч, цог золбоолог гэдгээрээ бусад уран бүтээлчдээс эрхгүй ялгардаг.

Охидын анхны хамтлагуудын нэг “Эмоушн” сүүлд нэрээ “Sweetymotion” болгон өөрчилсөн билээ. Хөгжим бүжгийн нэг ангийн охид ийн хамтлаг байгуулж, нэг гишүүнээ хоёр удаа сольсон байдаг ч өдгөө “Sweetymotion” рок попын ертөнцөд гялалзсаар явна. Хамтлагийн хоёр гишүүн болох Сүндэрээ, Сарнай нар гэр бүлээ зохиож, үрийн зулай үнэрлэсэн бол уг хамтлагийн гишүүн явсан дуучин С.Сэрчмаа, Б.Солонгоо нарын хувьд мөн гэр бүлээ зохион, хөөрхөн хүүхдүүдтэй болсон билээ.

Хөвгүүдийн домог болсон “Камертон” энэ онд 20 жилийнхээ ойг сонсогч фэнүүдийнхээ дунд нижгэр хийсэн бөгөөд бүгд гэр бүлээ зохиож, үрийн зулай үнэрлэсэн. Тэдний дундаас хамгийн олон буюу 4 хүүхдийн аав болсон нь хамтлагийн гишүүн Эба. Томдсон пиджактай анх тайзнаа гар байсан хөвгүүд 20 жилийн дараа намба суусан эрчүүд болсон байгаа биз?

Цагтаа олон охидын сэтгэл зүрхийг булааж явсан “Номин талст” хамтлаг энэ жил 18 нас хүрсэн. Хамтлагийн гишүүн Дээгий нэлээн “гоолиг” байсан байгаа биз? Өнөөдөр тэд бүгд айл гэрийн ноён нуруу болж, үнэрлэх үр, халамжлах ханийнхөө төлөө зүтгэж, хажуугаар нь уран бүтээлээ орхигдуулалгүй хийсээр явна. Харамсалтай нь Дээгийгийн хувьд энэ онд хайртай гэргийгээ өвчний улмаас алдсан билээ.

Олон өнгөөр өөрсдийгөө гоёж, басхүү цагтаа хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан охидын хамтлаг “Гала” цаг хугацааны эрхээр тарж, хамтлагийн гишүүн Ч.Уранхолбоо буюу Ану бие даасан уран бүтээлүүдээ хийсээр ирсэн. Тэрээр одоо хоёр хөөрхөн охины ээж, удахгүй тэсрэлт хийсэн уран бүтээлүүдээ хийхээр төлөвлөж буй гэсэн шүү.

10 жилийн сурагч байх үеэсээ л гитартай нөхөрлөсөн гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших буюу Өөжгий одоо ч гэсэн гитар хөгжимдөө үнэнч. Монголын №1 гитарчин хэмээн өргөмжлөгдсөн тэрээр мөн л айл гэрийн эзэн болсон.

Домогт “Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайхан залуудаа. Тэрээр одоо ч урт үсэндээ үнэнч.

Энэ зурагт хэн хэн байна вэ? Таагаарай. Тиймээ, энд продюсер Б.Ангирмаа, МУГЖ, поп дива, дуучин Б.Сарантуяа, МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, СТА, дуучин С.Наран нар хамтдаа гэрэл зургаа татуулжээ.

 

Эх сурвалж: www.ubs.mn