Жил жилийн намар эцэг, эхчүүд хүүхдээ шинээр цэцэрлэгт өгөх гэж бөөн асуудал болдог. Тэгвэл энэ жил ч мөн адил асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Бүртгэл эхлээгүй байхад энэ сарын 15-наас эхлэн эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүд сахилаа.

Тухайлбал, БГД-ийн тавдугаар хороонд байрлах 123-р цэцэрлэгийн үүдэнд энэ сарын 15-ны үдээш хойш эцэг, эхчүүд цугласан байв. Тэд хүүхдээ шинээр бүртгүүлэх гээд аав, ээж, өвөө эмээ, ах эгч нар гээд л аль завтай нь цэцэрлэгийн гадаа хүмүүс цуглаад байхаар нь гараад иржээ. Бүртгэлийг наймдугаар сарын 22-нд хийнэ гэдгийг мэдэж байгаа ч эртнээс ийнхүү дугаарлаж байгаа энэ аж. Өдөр болгоны үдээш хойш 17 цагийн үед л тэд цугладаг. Өчигдөр мөн адил цуглаpсан байв.

 

 

 

Өмнөх жил хүүхдүүдийг бүртгэхдээ сугалаа явуулсан. Тэгвэл энэ жил хоёр настангуудыг сугалаагаар бүртгэхгүй юм байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ажлын хэсэг байгуулах тухай” А/603 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсэг нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмааг томилсон байна. Тэд одоогийн байдлаар эцэг эхчүүдэд хүлээлт үүсгээд байгаа цэцэрлэгийн бүртгэлийн талаар анхан шатны хэлэлцүүлэг үүсгээд байгаа бөгөөд энэ жил сугалаагаар бүртгэл явуулахгүй гэсэн шийдэлд хүрчээ. Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Үүнд:

Хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад чиглэсэн зөвлөмж гаргах

Элсэлтийг зохион байгуулахдаа цэцэрлэг, сургууль бүр дээр нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга, эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллах

Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаа сугалуулах, албан бусаар бүртгэл явуулах байдлаар цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлэхээс зайлсхийх, хамран сургах тойргийн дагуу хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын судалгаанд тулгуурлан ажиллахаар зохион байгуулах

Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажилд хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Ийнхүү эцэг, эхчүүд дугаарласаар байхад ажлын хэсгийнхэн бүртгэлээ хэрхэн хийхээ шийдэж дуусаагүй байгаа бололтой. Ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа орлогч оо ирэх даваа гаригаас өмнө бүртгэлээ яаж явуулахаа шийдэхгүй бол эцэг, эхчүүдийн дунд зөрчил маргалдаан үүсэх вий.