УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрээр эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй гарсан, үнийн өсөлтийн хурд өнгөрсөн жилээс тодорхой хэмжээгээр багассан  зэрэг эерэг үзүүлэлт байгааг дурдлаа. Харин нүүрсний үнийн уналт зэргээс хамаарч экспортын хэмжээ буурсан бол импорт 8.6 хувиар өссөн гэв.

Мөн өнгөрөгч долоодугаар сараас өсч эхэлсэн валютын ханш бага багаар тогтворжиж байгааг онцлолоо. Цаашлаад өнгөрсөн хугацаанд ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр МСҮТ-ийг дэмжиж, 77 мянган ажлын байр нэмэгдүүлсэн, төмс хүнсний ногоо худалдаалах 28 цэг нийслэлд бий болгосон, энэ сарын 2-ноос хямд нүүрс иргэдэд түгээх ажил эхэлсэн, зургаан аймгийг нийслэлтэй авто замаар холбохоос хоёр  аймаг нь холбогдсон, Шинэ төмөр замын ажил 40 хувьд хүрсэн, барилгын материал цемент, арматурын үнийг тогтворжуулсан. Түүнчлэн нийслэлийн 12 байршилд дахин төлөвлөлт хийх ажил үргэлжилж байгаа, найман хувийн хүүтэй зээл рүү 16200 иргэн зээлээ шилжүүлсэн, шинээр 8200 иргэн зээлд хамрагдсан зэрэг хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Харин гишүүдийн зүгээс Оюутолгойн ТУЗ-ын уулзалтын үр дүн, өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, зам засварын ажлын чанар, нийслэлийн иргэдийг дулаанаар хангах зэрэг цаг үеийн асуудлаар асуулт тавьж хариулт авсан юм. 

Харин МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нарын цөөн гишүүн чуулганыг орхин гарлаа.

Ингэснээр өнөөдөр үдээс хойш хуралдсан чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.

Х.Даваа