Я.Содбаатар: С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин нар сууж байгаад алдаа оноогоо ярих хэрэгтэй
2013/02/27
УИХ-ын гишүүн Я.Содбаатар улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярьсан ярилцлагыг хүргэж байна
-Намрын чуулганы завсарлагаанаар ямар ажил хийж байгаа бол. Ер нь намрын чуулганыг хэр үр дүнтэй ажилласан гэж та дүгнэж байна вэ?
-Тойргоос сонгогдсон гишүүд сонгогчидтойгоо ажиллаж байгаа байх. Миний хувьд Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль зэрэг төслүүдийн ажлын хэсэгт багтаж байна. Энэ удаагийн намрын чуулган өмнөх хуралдаануудаас ялгарах онцлоггүй байх аа. Болж өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуулийн дүнгээс бүрдсэн парламентыг харахад үндэсний зөвшилцөл, ойлголцол шаардсан дөрвөн жил ирж байгаа юм байна. Намрын чуулганаар ч энэ байдал илүү ажиглагдлаа. Нам намаараа талцаад урьд хойдохоо ярьж, өс хонзон яриад байвал үр дүн муутай дөрвөн жил өнгөрч магадгүй. Ямар ч байсан манай нам УИХ-ын үйл ажиллагаанд оролцох эрхээ хагас дутуу ч гэсэн бүрдүүллээ. Гэхдээ өнөөдөр АН-ын гишүүд гурван байнгын хороонд орох эрхтэй. Ардын намын гишүүд нэг л байнгын хороонд орж, хэлэх үг, хийх үйлдлээ хязгаартайг санаж яваа. Мөн одоо болтол УИХ-ын 76 гишүүн бүрэн гүйцэд болсонгүй. Орон нутгийн сонгуулийн дүн ч албан ёсоор зарлагдаагүй. Зарим газар ажил цалгардах маягтай байна. Гэх мэтчилэнгээр бушуу туулай борвиндоо баастай байгаа зүйлүүд байна л даа. Энэ бүхнийг цэгцлэх шаардлагатай байна.
-Танай намын гишүүд МАН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин байхын тулд өөрийнхөөрөө зүтгэ, тэмц гэж шаардаад байгаа юм биш үү?
-Эрх баригч нь эрх баригч шиг байж сонгуулиар амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ачааны хүндийг үүрч явах хэрэгтэй. Сөрөг хүчин хяналтаа хэрэгжүүлж, иргэдийн дуу хоолой болох үүргээ биелүүлэх ёстой. Энэ тэнцвэрийг хангаж ажиллаач гэж байгаагаас биш учир зүггүй орилоод тэмц гээгүй байх. Төрийн бодлогыг Үндсэн хуулийн хэмжээнд шинэчлэх шаардлага тулгарч байх шиг байна. Энэ утгаараа олон түмний эрх ашгийн төлөө дуугардаг, хүчтэй сөрөг хүчин байх хэрэгцээ бидэнд бий. Ер нь ажил хийж байгаа хүнийг шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Ингэж ажиллахыг шаардаж байгаа хүмүүс ч байдаг. Нөгөө талд эрх баригчаас илүү зөв бодлого, байр суурь гаргаж, улс орны нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулах бодлого хэрэгжүүлдэг сөрөг хүчин байдаг. Ард иргэдийн оролцоотой хяналтын механизм бүрдүүлсэн сөрөг хүчин ч бий. Бид энэ зарчмыг баримтлан ажиллахыг илүүд үзэж байгаа. Нийгэм ч өнөөдөр сэлэм эргүүлж, популизм хийж тодрох гэсэн дүрийг хүлээж авахгүй байх. Нийтлэг том эрх ашгийн төлөө, Монголоо яаж авч үлдэх вэ гэж дуугарч байгаа улс төрийн хүчинд нэмэх оноо тавих болов уу. Ямагт эрх баригчийн байранд байсан Ардын нам сөрөг хүчин шиг байхын тулд нэлээд шүүмжлэлд өртөж байгаа. Мөн ялгаагүй сөрөг хүчний байр суурь дээр олон жил явсан АН ч эрх баригч байхын үүрэг хариуцлагыг үүрэх гэж нэлээд бэрхшээлийг давж, зовлон мэдэрч байгаа байлгүй. Заримдаа сөрөг хүчин байсан шигээ асуудалд хандаж, сэлэм эргүүлэх гээд байгаа тал ч бий. Амны зоргоор шоу хийж, нийгэмд таалагдах гэсэн оролдлогууд ч гарч байна. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүртээ хариуцлага хүлээдэг зовлонг АН-ынхан ч амсч л байгаа. Сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байж, эрх баригч нь эрх баригч шиг байх шаардлага хэн хэнд нь бий. Үүний тулд үндэсний зөвшилцөл хэрэгтэй байгаа юм.
-Асуудалд бодит үнэнээр, эрүүлээр ханддаг сөрөг хүчин байхыг зорьж байгаа юм уу. Энэ үүднээсээ одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэвэл?
-Энэ Засгийн газар "Бид хийсэн" гэдэг пиарыг их хийж байгаа. Гэвч тэр зүйлүүд нь өнгөрсөн Засгийн газрын хийсэн ажлуудын шувтарга шүү дээ. Харин одоо л АН-ынхны өөрсдийнх нь бодсоноор төсөв батлагдаж, бодлого чиглэл гарлаа. Энэ жилээс нөхдүүдийн хийх ажлын үр дүн харагдаж эхэлнэ. Түүнээс биш одоо "энд ийм зам тавьчихлаа, тэнд байшин барьчихлаа" гээд тууз хайчлаад байгаа чинь өмнөх Засгийн газрын эхлүүлсэн ажил. Төсвөө орон нутаг өөрөө шийддэг боллоо, орон нутгийн удирдлага иргэдийн оролцоотой шийдвэр гаргадаг болно гэдэг асуудлыг өмнөх УИХ, Засгийн газрын үед хийсэн. Гэтэл АН-ынхан үүнийг шууд ардчилал гэдэг гоё нэрээр сурталчлаад байгаа байхгүй юу. Тиймээс энэ Засгийн газрын үйл ажиллагаанд сайн, муу гэж дүгнэлт өгөх цаг болоогүй. Яахав Засгийн газар хүний гарт баригдаж, айл бүрийн хаалгаар орох бодит ажил, шинэ бодлого, арга хэмжээ авах нь хомс байна уу гэж харагдаж байна. Иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг зүйлүүдийг танах, багасгах бодлого явуулах нь их байлаа. Тэглээ гээд оронд нь санал болгож, амьжиргаанд нь нэмэр болгох зүйл санаачилсангүй.
-Хавтгайруулсан халамжийг багасгасан нь буруу гэж үү?
-Хавтгайрсан халамж өгөх бодлогыг хамгийн анх эхлүүлсэн улс төрийн хүчин нь аль вэ гэдгийг эргээд бодох ёстой. Халамж хавтгайрлаа гэдгийг манай нам хүлээн зөвшөөрөөд татгалзаж эхэлсэн шүү дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд ард түмэнд халамж хэрэгтэй. Энэрэнгүй төр байгаа л юм бол тодорхой хэмжээнд халамжийн бодлого явуулах ёстой. Тэгсэн АН муу сайн хэлүүлээд ч хамаагүй хэдэн төгрөгийнх нь цалинг нэмчихсэнгүй. Байгалийн баялгийн хувь гээд хэдэн төгрөг өгчихдөг байсан, тэр байхгүй. Төрийн албан хаагчдад орон сууц авах хөнгөлөлттэй олгодог байлаа. Тэр нь зогсчээ. Хэзээ ч үр дүн гарах нь мэдэгдэхгүй бонд, хэзээ баригдах нь тодорхойгүй төмөр замын тухай ярьж л байна. Юм л бол хаана, нураана, устгана, гадныхныг хөөнө гэсэн шийдвэрүүдийг гаргалаа шүү дээ. Цалин нэмэхээр юмны үнэ өсч, инцляци хөөрөгдөнө гэж Ерөнхий сайд ярьж байна. Гэтэл цалин нэмээгүй байхад ч юмны үнэ өссөөр л байна. Цалин нэмэгдэхгүй байхад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал дунд нь иргэд туйлдаж байна. Үүнийг бодолцож, иргэдийн нуруун дээрх ачааг багасгах бодлого явуулах хэрэгтэй.
-Тэгэхээр намын асуудал руу яриагаа хандуулъя. Ардын намд олон бүлэг, холбоо байгуулагдаж шинэчлэлийн талаар ярих боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Улс төрийн намд явдаг зөв процессууд өрнөж байна. Дараагийн шатны сонгуульд ялахын тулд манай нам ямар бодлого баримтлах вэ гэдгээр намын гишүүд санаа бодлоо чилээж байна. Энэ бол байх зүйл. Түүнээс биш нэг их сонин содон юм болоод бужигнаад байгааг олж харахгүй байна. Улс төрийн нам гэдэг бол миний ойлгосноор үндэсний язгуур эрх ашгийн төлөө үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдсэн нэгдэл гэж ойлгодог. Түүнээс биш эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч хамаагүй аргаар бүлэглэдэг зүйл биш шүү дээ. Түүнийг мафи гэдэг юм.
-Танай нам ийм мафийн түвшинд оччихоогүй юу?
-Ардын намын тухайд улс орны нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн түүхтэй. Тийм учраас нам өөрөө яаж өөрчлөгдөж, нийгмийн захиалгад яаж нийцэх вэ гэдгээ бодох ёстой. Бид хаанаа алдаад байна гэдгээ тунгаах хэрэгтэй. Шинэчлэлийн процессийг нэг өглөө хийгээд болчихдог зүйл биш. Тиймээс энэ бол зарим үед амаргүй. МАН гэдэг уугуул нэрээ сэргээсэн явдлыг ийм л замаар зөв хийсэн гэж боддог.
Намын нэр сольсны дараа дараагийн процессуудыг монголчууд мэдэж байгаа. Түүнийгээ олон нийтэд зөв ойлгуулах тал дээр манай нам алдсан байхыг үгүйсгэхгүй. Одоо шинэчлэлийн асуудлыг хөндөж байгаа гишүүддээ хүндэтгэлтэй хандаж, анхааралтай ажиглаж байгаа. Тэд мэдээж намаа сайхан болгоё гэж л зүтгэж байгаа шүү дээ. Тэрнээс нам дотроо хөлөө жийлцээд байгаа үзэгдэл биш.
-Одоогийн МАН-ын нэрийг авах үед та голчлон оролцсон хүмүүсийн нэг. Гэвч өнөөдөр танай намынхан намын нэр сольсон та нарт буруу өгч байх шиг байна...
-Шат шатны сонгуульд амжилтгүй оролцсон үйл явцыг олон талаас нь харж дүгнэх ёстой. Ганц асуудлаас болж нам ялагдахгүй шүү дээ. Тийм учраас тухайн үед намын шат шатанд ажиллаж байсан бүх хүн өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Цөөн хэдэн хүн рүү буруу өгөх учиргүй л дээ. Ардын нам нэрийг сэргээсэн явдал зөв гэж бодож явдаг. Н.Энхбаяраас нь эхлээд Сү.Батболд хүртэлх бүх дарга нарын толгойд Ардын нам нэрээ сэргээх хүсэл байсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэх боломж байна гэж тухайн үед ойлгоод олонхиороо шийдээд явсан хэрэг. Үнэхээр манай нам сонгуульд ялагдахад намын хуваагдал нөлөөлсөн нь үнэн. МАХН нэртэй 19 дэх нам манай саналыг хуваасан.
Яахав ард түмэн өнгөрсөн сонгуулиар Ардын намыг дотоодын асуудалдаа илүү анхаарах завсарлага өглөө гэж ойлгож байгаа. Энэ хугацаанд зөв харж алдаагаа засаасай гэж бодож байна. Намын үзэл баримтлал, боловсон хүчний бодлого, үнэт зүйлээ эргээд нэг харах шаардлага манай намд бий.
-Үзэл баримтлалдаа дахин тодотгол хийж, гишүүдийн яриад байгаа эх оронч үзлийг тусгах нь зөв гэж та дэмжиж байгаа юм уу?
-Ардын нам бол байгуулагдахаасаа эхлээд үндэсний ардчилсан шинж чанартай зүүн төвийн улс төрийн хүчин байсан. Тийм учраас үзэл баримтлалдаа тодотгол хийж, нийгмийн ардчилсан үзлийг тусгал болгож авсан. Түүх, намтар, угшлаа бодсон ч манай нам зүүн төвөөс нэг их хол нүүхгүй байх аа. Ардчилсан үзэл санаа, эх орон байгаль дэлхийгээ авч ирсэн уламжлалт бодлогыг энд яаж шигтгэж өгөх вэ гэдэгт харин жаахан ухаан зарах юм байна гэж бодож байгаа. Удахгүй болох 27 дугаар их хурлаар хамгийн их яригдах нэг асуудал энэ байж таараа. Тэр нь манай намын гишүүдийн тавьсан Дахин сэргэлтийн хөтөлбөр байх болов уу.
-Намын нэр сольсон нь сонгуулийн ялагдалд нөлөөлөөгүй яах аргагүй намын хуваагдлыг бий болгосон нөхцөл мөн үү?
-Намын нэр сольсноос болж нам хуваагдсан гэдэгт би эргэлздэг. Намын нэр солиогүй байсан ч энэ хуваагдал явах байсан гэдгийг халуун тогоонд нь ажиллаж байсан хүний хувьд боддог.
-Юунаас болж хуваагдсан гэж?
-Намын нэрийг сэргээсний дараа Удирдах зөвлөлөөс Н.Энхбаяртай уулзсан хүн нь би. Тэр үед нэр сольсноос биш хувь лидерүүдийн зөрчлөөс болж нам хуваагдаж байна гэдэг итгэл үнэмшил төрсөн. Тийм учраас ард түмнээр овоглосон Ардын нам нэрийг авснаасаа болоод нам хуваагдаж, Ардын нам одоо ийм байдалд орчихоогүй. Эрх ашгийн болон бизнесийн асуудлыг хардаг өнцөг нь өөр болчихсон хүмүүсийн хуваагдал байсан. Тийм учраас одоо хоёр нам нэгдэж болно. Гэхдээ механик хиймэл нэгдэл нэг их хол явахгүй байх. Үзэл бодол, үнэт зүйлээрээ нэгдэж нийлнэ гэвэл надад татгалзаад байх юм байхгүй.
-Н.Энхбаяртай уулзаад юу ярьж байсан гэж?
-Таны хийж байгаа зүйл буруу байна. Үүнээс болж нам хуваагдана. Цаашилбал Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй гэдгийг нь хэлж ойлголцох гэж оролдсон. Гэвч бүтэмж муу байсан л даа.
-Таны ярьж байгаагаар хоёр нам хэзээ ч нэгдэхгүй юм байна. Тухайн үед зөрчилдсөн Ардын намын лидерүүд болох С.Баяр, Сү.Батболдыг явсан цагт Н.Энхбаяр гэдэг хүн эргэж нийлэх бололтой. Гэвч ийм зүйл болохгүй болов уу?
-Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байх ёстой. Хувь хүний тоглолтоор асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Хоёр нам нэгдэж ч магадгүй, нэгдэхгүй ч байж магадгүй. Энэ талаар хэлэхэд эрт байна. Тодорхой циклиэр аваад яривал улс төрд дөнгөж үүр цайж байна шүү дээ. Цаашид юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэгэхээр одоо С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин гэдэг хүмүүс бүгдээрээ сууж байгаад алдаа оноогоо ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр наад нэгдэл чинь үнэн байдлаасаа хэлбийчих вий гэж болгоомжилж байна. Энэ талаар 27 дугаар их хурлаараа сайн ярих хэрэгтэй байх.
-Ө.Энхтүвшин даргын хэлээд байгаа бүтэлгүй хүмүүс ньнамын нэрийг сольсон Сү.Батболд, У.Хүрэлсүх та нар мөн үү?
-Намын удирдлага гэдгийг дарга, генсек хоёроос гадна намын Удирдах зөвлөл, намын шат шатны дарга нар гэж хардаг. Зарим хүн намын удирдлагад ажиллаж байж "удирдлага болохгүй байна" гээд яриад байх юм. Ө.Энхтүвшин даргын хувьд өнгөрсөн дөрвөн жил намын удирдлагад ажилласан хүн. УИХ дахь бүлгийн дарга байсан. Тэгэхээр энэ хүн намын удирдлагад хариуцлага тооцох тухай яривал өөртөө ч хамааруулах болж таарна гэсэн үг.
mjfvlv · 2013/04/13
Fos6Ra esckuunwyhkv
iwtyhls · 2013/04/12
LI2Pp5 fonshwoylbne
Lyubov · 2013/04/11
At last! Soemtinhg clear I can understand. Thanks!