АН 60 тэрбумын асуудлаар дахин гомдол гаргана
2016/08/22
Ардчилсан намын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Батхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Онцгой комиссыг байгуулсан бөгөөд тус комисс нь эрх баригчдын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг байнга хүлээн авч, олон нийтэд мэдээлэх, хууль, шүүхийн байгууллагад хандах зэргээр ажиллаж буй билээ. Энэ удаад Онцгой комисс МАН-ын удирдлагуудын сонгуулийн зардал босгосон гэх 60 тэрбумын асуудлаар гомдолтой байгаагаа мэдэгдлээ.
Онцгой комиссын нарийн бичгийн дарга Б.Батхуяг “Сонгуулийн үеэр МАН-ын дарга М.Энхболд тус намын нийслэлийн хорооны дарга Ц.Сандуй нарын 60 тэрбум төгрөг босгохтой холбоотой бичлэг цацагдсан. Энэ мэдээллийн дараа тус намын хариуцлагатай албан тушаалтан болох Ц.Сандуй нь тухайн бичлэг МАН-ын удирдлагуудын ярьж байсан яриа мөн болохыг хүлээн зөвшөөрч, яагаад алдагдсан шалтгааныг хайж байна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөөр байхад прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас АН-ын зүгээс эл асуудлаар дээд шатны прокурорын байгууллагад гомдол гаргах болно. Дахин хянан, шалгуулна” гэлээ.
Түүнчлэн тэрээр 2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбоотой зөрчил, гомдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд Орхон, Дархан-Уул аймгуудад ИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан хэд хэдэн нэр дэвшигчдийг шүүхээс эргүүлэн татах шийдвэр гарсан байна. Тиймээс дээрх аймгуудад ИТХ-ын сонгууль дахин явуулах шийдвэр гарсан талаар мэдэгдлээ. Мөн Сүхбаатар аймагт ИТХ-ын хуралдаан нь болж, Засаг даргаа сонгосон процессыг шүүхээс “хууль зөрчсөн” хэмээн үзсэнийг онцоллоо.
АН-ын Онцгой комиссоос мөн өмнөх сонгуулийн үеэр “СЕХ захиргааны акт гаргах замаар сонгуулийн үр дүнд санаатайгаар нөлөөлсөн” гэж үзэж буй юм. Энэ талаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах болсноо ч мэдэгдсэн.
Зочин · 2016/08/22
cool
Зочин · 2016/08/22
Улсын данс 0 лэж хаясан асуудлаар харин АН ыг сайн шалгамаар байхын!!!