АСЕМ-ийн үеэр үйл ажиллагааг нь зогсоосон арьс, ширний үйлдвэрүүд дахин ажилласнаар нийслэлд дахин өмхий үнэр үнэртэж эхлэв. Нэг үе нийслэлийнхэн цэвэрлэх байгууламжийн бохирт живэх нь холгүй болж, анхаарлаа тэр зүгт л хандуулж байв.

Ганц байгаа цэвэрлэх нь сөхөрчихвөл Улаанбаатарт амьдрах талаар яриад ч хэрэггүй болно байх.

Үүнээс гадна Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалт болох гээд байдаг. Тиймээс тэр зүг анхаарлаа хандуулахаас аргагүйд хүрсэн. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлээс эхлээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хүртэл очиж үйл ажиллагаатай нъ танилцсан. Улсын төсвөөс өмнө нь гаргаж байгаагүй мөнгийг Төв цэвэрлэх байгууламжид зарцуулсан. Тодруулбал, 8.1 тэрбум төгрөг төсвөөс гаргахаар болж эхний дөрвөөр нь засвар үйлчилгээ үзүүлж, өмхий үнэр дарах үйл ажиллагаа идэвхтэй өрнөсөн. Нийтээрээ анхааралдаа авсны хүчинд өнгөрсөн сарын 14-16-ны хооронд манай улсад болсон АСЕМ-аар нүүр бардам байсан билээ. Тэгвэл АСЕМ-аас хойш мартагдсан Төв цэвэрлэхийн үнэр дахин үнэртэж эхэлсэн хэмээн иргэд шүүмжилж буй. Үүнтэй холбоотойгоор өмнө нь очиж байсан газраа дахин зорих хэрэгтэй болсон юм.

Төв цэвэрлэхийн өмхий үнэр дарах үйл ажиллагааг “И Си Си” компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-наас эхлүүлсэн. Үүний үр дүнд тухайн бүс орчмын айлууд цэвэр агаараар амьсгалсан ч удаан үргэлжилсэнгүй. Саяхныг хүртэл үнэртэхгүй байсан өмхий үнэр баруун хойшоо Тахилт, Орбит, Цэргийн хотхон, наашлаад I хороолол хүртэл үнэртэж эхэлжээ. Баруун урагшаа Нисэх, Сонсголон гээд үнэртэхгүй газар алга. Эрх биш улсын нийслэлийн төв талбайд арай үнэртдэгүй. Зуны бүгчим халуунд дээр дурдсан хорооллуудын айлын цонхоор агаар биш өмхий үнэр л ханхийдэг аж. Зарим нь бүр цонхоо ч нээдэггүй сэнс ажиллуулдаг байна.

Ази, Европын дээд түвшний чуулга уулзалтын үеэр өмхий үнэргүй байсан шигээ одоо ч, цаашид ч яагаад тийм байж болохгүй гэж. Үүнийг сурвалжлахаар Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. 22-ын товчоо орох төв замаасаа салж Төв цэвэрлэх рүү эргэхэд муудсан арьс, шир, өлөнгийн өмхий үнэр хамар сэтлэх дөхнө. Энэ орчмын айлууд яаж амьдардаг юм болоо л гэж бодогдохоор. Нуулгүй хэлэхэд. “Ийм үнэрт яаж удаан тэсэх вэ, хурдхан шиг ороод гаръя” гэж бодогдсон. Харин харуулын байр хүртэл үргэлжилсэн үнэр Төв цэвэрлэх рүү орохтой зэрэгцэн үнэртэхээ больчихлоо. Харуулаас нь учрыг асуувал энэ орчмын арьс ширний үйлдвэрүүдээс үнэртдэгийг хэлэв. Цааш нь явж хүн хэдхэн минут болохын аргагүй хэцүү үнэртэй байсан бохирын лагийн талбай руу очлоо. Эдгээр талбайг бохирын карт буюу бохирын усан сан гэдэг. Энд 2500-7000 хүртэлх ам.метр талбайтай том жижиг нийлсэн 44 бохирын усан сан байдаг. Тэдгээрийн долоо нь хоосон, нэг рүү нь бохир шахаж байсан. Үлдсэн 36-гийнх нь үнэрийг дарж, хатаах бодис цацаж байгаа аж. Бохирын усан сангийн гүн нь 3-4 метр. Өмнө нь ирэхэд ханхалдаг байсан үнэр ор мөргүй гэж хэлэхгүй ч хэдэн хороолол дамжин үнэртэхээргүй байв. Үүнээс харахад үүдэнд байхад үнэртсэн арьс, ширний үйлдвэрүүдээс өөр хардах зүйл олдсонгүй.

Төв цэвэрлэхийн бохир лаг цуглуулдаг усан сангаар дүүрэн зэрлэг өвс ургаж, энд тэнд хатсан лагийн шороог овоолжээ. Биднийг очих үеэр 7-8 хүн зэрлэгийг нь түүж, хатсан лагийн шороог хүрзээр овоолж, овоолсноос шуудайлж машин руу зөөж байв. Хаашаа зөөж байгааг нь сонирхвол бордоонд ашиглах зорилгоор лабораторийн шинжилгээ, туршилтад оруулахаар авч яваа юм байна. Талбай бүрээс энэ мэтээр дээж авч байгаа аж. Өмнө нь явуулсан дээжний хариу бордоонд ашиглах боломжтой гзж гарчээ.

Лаг цуглуулсан талбай дээр гишгэж үзэхэд хатаад, малын бууц шиг хөнгөн болчихож. Харин хүрзээр ухахад 30-50 см-ээс доошоо ногоон өнгийн бамбалзсан ялгадас гарч ирж байв. Хатсан хэсгийг хуулж аваад дахин бодисоо цацахад дээрх шиг 30-50 см газар хатаж, үнэр нь дарагдана. Энэ мэтээр шат дараалалтайгаар ажиллах юм байна. “И Си Си” компанийн инженер Б.Түмэн-Эрдэнээс ажлын үйл явцын талаар тодруулахад “Манай компани дөрөвдүгээр сарын 13-нд ирж байрлаад 16-наас талбайд ажиллаж эхэлсэн. Тэр үед ирэхэд үнэр нь хүн байхын аргагүй байсан. Биднийг ирэхэд есөн картны (бохирын усан сангийн) бохирыг Төв цэвэрлэхийнхэн өөрсдөө зөөчихсөн байсан. Шаталтын, бодис цацах хоёр баг ажилласан. Шаталтын баг нь зэрлэг шатааж бид бодис цацсан. Тэгэхдээ таван машин 20 ажилчинтай бодисоо цацсан. Нэг машин дээр таван тонн бодис, нэг карт руу 100-120 гаруй тонн, ялзмагийг эрүүлжүүлж, үнэр дардаг ялзмагийн хүчил цацсан. Хоёрдугаар үед нь ялзмагийн хүчлийн концентрацийг нэмж цацсан. Энэ мэтээр нэг сарын турш хоёр үе шаттайгаар бодис цацсан. Бодисоо Оросын холбооны улсаас авчирдаг. Одоо гуравдугаар шатны бодисоо зургаан карт руу цацчихсан. Цааш нь үргэлжлүүлнэ. Үүний хажуугаар нь хатсан хөрсөө хуулж авах ажил хийж байна." гэв. Энэ мэтээр төв цэвэрлэхийн өмхий үнэр дарах карт суллах ажлууд хийгдэж байгаа аж.

Төв цэнгэлдэхийн хашаанаас гарахад өнөөх арьс шир, өлөнгийн үнэр үнэртсээр л байв. Гарах замд байсан арьс, ширний үйлдвэрээс өмхий үнэр дарах ямар нэг арга хэмжээ авдаг эсэхийг сонирхож асуух гэсэн боловч чадсангүй. Учир нь хашаа нь өндөр, тоосгоор барьсан тул юу ч харагдсангүй. Харин хашааны хаалгыг нь дангинтал түгжжээ. Бодвол ажил нь тарчихсан бололтой. Эндэхийн оршин суугч Х.Нарангарав “Манай энд сар гаруй өмхий үнэр үнэртсэнгүй. Саяхнаас үнэртээд эхэлчихлээ. Том том чуулга уулзалт болсон гэнэ лээ. Тэр үеэр нь муухай үнэрийг дарлаа л гэсэн. Одоо дахиад л үнэртээд эхэлсэн. Энд арьс, ширний үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн үнэр нийлээд л үнэртээд байдаг юм шиг байна” гэв. Иргэд ингэж ярих нь аргагүй. Учир нь тэд Төв цэвэрлэх рүү орж үзээгүй, үнэрийг нь дарах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг мэдэхгүй. Харин арьс, ширний үйлдвэрээс үнэртдэгийг ч бас мэдэж байна. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдэд арга хэмжээ авах шаардлагатайг энд хэлээд байх шиг. Эмээлт зах руу нийлүүлж хотоос гаргах, үйлдвэрээс гарч буй өмхий үнэрийг дарах арга хэмжээ авахуулах зэргээс эхлээд олон зүйл бий.

Өнөөдрийг хүртэл нийслэлийн өмхий үнэрт Төв цэвэрлэх байгууламжийг буруутгалаа. Нэг талаар зөв ч цаащдаа шинэ цэвэрлэх байгууламжтай болтлоо дээрх арга хэмжээгээ үргэлжлүүлээд явж болно. Харин төв цэвэрлэх байгууламжаар
нүүрээ халхалсан арьс, шир боловсруулах үйлдвэрүүд Улаанбаатарын уушгийг өмхий амьсгалаар дүүргээд байх шиг. Нийслэлд нийт 30 орчим арьс шир боловсруулах үйлдвэр байдгийг дээр дурдсан. Тэдгээрийн үйл ажиллагааг өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас зогсоожээ. Өнгөрсөн сарын сүүлчээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Яг тэр үеэс л өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Үүнийг иргэд Төв цэвэрлэхийнхэн өмхий дарах үйл ажиллагаагаа зогсоочихлоо гэж бодож байгаа. Би ч бас газар дээр нь очиж харахаас нааш үүнийг тэгж л бодож байсан. Дээрх арьс, ширний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах эрхээ хаанаас авдгийг Арьс, ширний холбооноос тодруулахад “Хуучин байсан үйлдвэрүүд болохоор үйл ажиллагаагаа явуулдаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас шалгадаг” гэв. Үүнээс илүү тоймтой хариу өгсөнгүй. Тодруулбал, тэдний үйл ажиллагааг хянадаг, үйлдвэрээс нь гарч буй өмхий үнэрт арга хэмжээ авдаг байгууллага байдаггүй бололтой.

Нийслэлийн Агаарын чанарын албанаас агаарын талаар мэдээлэл авах гэсэн боловч бүтсэнгүй. Утааг л хэмждэг болохоос өмхий үнэртэй агаарыг хэмжих багаж, хэрэгсэл нь манай улсад одоогоор байдаггүй аж. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр дараах үйл ажиллагааны өмнө болон дараа агаарт хийсэн судалгаа, шинжилгээ байгаа эсэхийг тодруулсан юм. Шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжийг барих хүртэл зай ч бий, лай ч бий. Тэр хүртэл одоо байгаа Төв цэвэрлэхийн өмхий үнэрийг дарах боломжтой. Харин арьс, ширний үйлдвэрийн үнэр асуудал дагуулж үлдлээ.

М.БАЛДАНДОРЖ: ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН ХАТААСАН ЛАГИЙГ БОРДООНД АШИГЛАХААР ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙГАА АСЕМ-ийн үеэр Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах үйл ажиллагааг нийслэлээс зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн М.Бадамдоржоос төв цэвэрлэх байгууламжийн талаар тодрууллаа.

-Цэвэрлэх байгууламжийн засвар, шинэчлэлийн ажил ямар шатандаа явна вэ?
-Төлөвлөгөөний дагуу үнэр арилгах, материал тоног төхөөрөмж суурилуулах, лагийн талбай, шугам хоолой засварлах зэрэг үндсэн 15 ажил хийсэн. Одоогоор 11 ажил үлдсэн бөгөөд зарим нь гэрээний шатандаа явж байна.
-Энэ жил засвар шинэчлэлд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Өнгөрсөн жилүүдэд урсгал зардлаараа явдаг байсан. Энэ жил засвар шинэчлэлд нэлээд мөнгө зарцуулсан. Тодруулбал, Улсын төсвийн 8.1 тэрбум төгрөгөөс одоогоор дөрвөн тэрбумаар нь засвар шинэчлэл хийсэн. Үлдсэнээр нь дараагийн засвар, шинэчлэлээ хийж байгаа. Учир нь цэвэрлэх байгууламж олон жил болж, хуучирсан тул өвөлд сайн бэлтгэх хэрэгтэй.
-АСЕМ-ийн дараа Төв цэвэрлэхийн өмхий үнэр эргэзд үнэртсэн гэх шүүмжлэл иргэдээс цөөнгүй ирж байна. Та үүнд хариулт өгөхгүй юү?
-Төв цэвэрлэх байгууламжийн бохирын картанд цуглуулсан лаг 4-5 жип болж хатдаг. Тэр хугацаандаа өмхий үнэрээ хадгалж, тэр нь үнэртдэг. Энэ жилээс бордооны болон химийн төрлийн бодис цацаж үнэрийг нь дарж, хатааж байгаа. Тэрнээс нь ямар нэг хүнд металлгүй бордоо гаргаж авна. Дээд талын хатсан хэсгийг нь авч байж дараагийн хэсэгт нь бодисоо цацна. Энэ хугацаанд доороос нь гарч ирсэн хатаагүй лагийн үнэр түр хугацаанд үнэртэх магадлалтай.
-Шинээр барих цэвэрлэх байгууламжийн ажил юу болж байна вэ?
-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажлын зураг хийгдээд явж байгаа.

 

Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/