Монголын Жүдо Бөхийн Холбооны хамт олон өнгөрсөн даваа гаригт 2016 оны олимпийн дүнг хэлэлцэн, өргөтгөсөн хурал хийжээ.

Хурлын үеэр Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх санал гаргасан байна. Харин холбооны хамт олон,ялангуяа тамирчин, дасгалжуулагчид үүнийг эрс эсэргүүцэж, цаашид үргэлжлүүлэн албаа хаших, тэр бүү хэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлох санал гаргажээ.

 

Монголын Жүдо Бөхийн Холбооны хурлын үеэр Х.Баттулгын хэлсэн үгийг товчлон хүргэе. Тэрээр:

-"Багш дасгалжуулагч та нар маань хийдгээ хийсэн, чаддагаа хийсэн. Би хоёр зүйлийг л чамлаж байна. Нэгд, дэвжээ нь өөр, тэмцээний нэр нь олимп болохоос Рио-гийн наадамд манай жүдогийнхон урьд өмнөх тэмцээнүүддээ дандаа л ялж байсан тамирчидтайгаа голдуу таарч, ялагдлаа. Өмнө нь бид олон ч удаа цэвэр нь цэвэр, оноогоор ялах нь оноогоор ялж байсан. Энэ нь Монголын спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухаан спортоосоо холдсоныг харуулж байна.

 

Хоёрдугаарт, манай жүдогийнхонд Монголын ард түмэн нийтээрээ найдаж байсан. Би өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн байж улстөрд явсан ч, жүдогоо мартсан нэг ч өдөр байгаагүй ээ. Тамирчдын бэлтгэл, гадаадад дотоодын тэмцээн, багш дасгалжуулагч авчрах, бэртэл гэмтэлтэй тамирчдаа эмчилгээнд явуулах гээд бүх зардлын дийлэнхийг хувиасаа, хувийн компаниудаасаа гаргуулж байсныг ч мэдэх байх. Жилд 2.5-3 тэрбум төгрөг гаргадаг үе ч байсан. Жүдо бол Баттулгын хувийн зүйл биш ээ. Хэрвээ жүдог дэмжвэл Баттулгыг дэмжсэн болно гэж хардаг, боддог хэсэг хүн манай Ардчилсан намын нөхөд дотор их байсан. Иргэдийн итгэл найдвар, бидний хамтын энэ их зүтгэлтэй харьцуулахад ганц медаль чамлалттай байна...

 

Би цаашид ч Монголын жүдо бөхийн төлөө зүтгэнээ. Яагаад гэвэл аливаа үндэстнийг улс төр биш, спорт нэгтгэдэг.Хүүхдүүд, би ирээдүйд Түвшинбаяр, Сумъяа, Бадар-Ууган, Гүндэгмаа болно гэж мөрөөдөхөөс бус, би ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ийм тийм сайд болно гэж мөрөөддөггүй шүү дээ... Монголын жүдогийн эмэгтэй төрөлд олимпийн анхны медаль, тэгээд бүр алтын дайтай мөнгөн медаль авчирсан Д.Сумьяагаа хөдөлмөрийн баатарт тодорхойлъё.

 

УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянхонгорт багаараа очоод миний сурталчилгаанд оролцоод сүлд хийморио унагалаа гэдэг зохион байгуулалттай зориудын яриаг би тоохгүй байнаа. Ер нь тамирчид ард түмнийхээ нэг хэсэгтэй мэндэлснээр сүлд хийморь доройтоно гэж юу байх вэ дэ? Харин бэлтгэлийн дэглэм алдагдсан байхыг би үгүйсгэхгүй. Мөн Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй. Энэ хүн Монголын жүдогийн төлөө хийдгээ хийсэн, олимпоос авдагаа авчихсан хүн шүү дээ..." гэжээ.

 

Ч.Явуу

sonin.mn