АСЕМ болдогоороо болж. Монгол улс хямраагүй юм шиг л гадны зочид төлөөлөгчдийг дайлж, цайлаад л явууллаа. Ер нь АСЕМ чинь хурал билүү, улс орноо сурталчлах арга хэлбэр билүү гээд гайхаад өнгөрсөн хүмүүс цөөнгүй. Яахав манайх энэ хурлаар далимдуулаад эх орноо сайн сурталчилж чадсан. Энэ үнэн. Гэвч энэхүү сурталчилгаанд арай л их хөрөнгө зарцуулчихсан бололтой юм.

 

Уг нь дарга нар "АСЕМ-ын арга хэмжээний зардлыг улсын төсөвт суулгахгүй" гээд л ам гарч байсныг санаж байна. Гэвч "АСЕМ-ын логотой үзэгний гэр" хийлгэхэд л 10 орчим сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж, "тансагласан" байх юм. Санаанаасаа зохиож хүн гүжирдсэн зүйл огт байхгүй шүү. Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны буянаар төрийн байгууллагын 5 сая төгрөгөөс дээшх гүйлгээг бид хянах, харах боломжтой болсон.

 

Энэ дагуу Гадаад хэргийн яамны шилэн дансыг ажиглахад л дараах дүр зураг харагдаж байна. Бид "аймар үнэтэй" бенз авах гээд байна гээд л дургүйцлээ маш идэвхтэйгээр илэрхийлж байсан. Тэгсэн "бенз авахгүй ээ. Приус авахаар болсон" гэж тайлбар өгч байв. Гэтэл өнөөх приус нь бензнээсээ дутахгүй үнэтэй "гайхал" болж таарлаа. Тодруулбал, ГХЯ нэг бүүрийг нь 32152 ам.доллараар нийт нийт 52 ширхэг приус авсан байх юм. Үүний төлбөрт улсын төсвөөс 1671904 ам.доллар буюу 3678188800 төгрөг зарцуулсан байх юм. Хэрэв та итгэхгүй, эргэлзэж байгаа бол ГХЯ-ны шилэн дансны мэдээллийг харах боломжтой.

 

 

 

Шархүү