Цэцэрлэгт хүүхэд бүртгүүлж, явуулахаас гадна анхаарал хандуулах ёстой нэг газар нь цэцэрлэгүүдийн хоол, хүнсийг нийлүүлж буй нийслэлийн өмчит компаниуд юм.

Нийслэлийн өмчит “Хүнс хангамж”, “Багачууд хүнс”, “Асгат”, “Өсвөр хүнс” зэрэг компаниудын хувьд хамгийн түрүүнд чухалчлах зүйл нь Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан, эрүүл ахуйн чанар, аюулгүйн үзүүлэлтээр баталгаажсан, наад захын олон улсын стандарт буюу ISO9001, ISO22000 чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг хүүхэд багачуудад нийлүүлэх билээ. Манай улсад дээрх шаардлагуудын бүрэн хангасан үндэсний үйлдвэрлэгч гарын 10 хуруунд багтах хэмжээнд ч хүрдэггүйг уншигч та бүхэн мэдэх биз.

 

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар цэцэрлэгийн эрхлэгч нар өөрсдийн албан тушаал, эрх мэдлээ ашиглаж дээрх төрийн өмчит газруудад өөрсддөө ашигтай нөхцөлөөр өндөр үнэтэй, чанаргүй хүнс нийлүүлэхээр улайрч буй гэнэ. Тодруулбал цэцэрлэгийн хүүхдүүдийн өдөр бүр иддэг талх, нарийн боовыг нийлүүлдэг тоотой хэдэн газар байдаг бөгөөд тэдгээр газруудад тавих шаардлагыг эцэг эхчүүд, мэргэжлийнхэн шалгаж үзэхэд илүүдэхгүй юм. Хүүхэд бидний ирээдүй гэж ярьж цээжээ дэлдэх дуртай ч яг өнөөдөр бидний ирээдүй ямар хоол хүнсийг идэж өсөж торниж байгааг нэг харах цаг нь болжээ.

 

Цэцэрлэгт нийлүүлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагуудыг өндөр түвшинд байлгаж эрүүл, чанартай хүнсийг нийлүүлэх нь чухал болоод байна. Энэ асуудлыг холбогдох газрууд нь анхааралдаа авч өөр өөрсдийн тавих шаардлагуудаа нэмэгдүүлэх хэрэгтэйг сануулах байна.

 

Эцэст нь төлбөр авдаггүй улсын цэцэрлэгт хүүхдээ явуулах нь санаа амар байдаг ч үнэндээ идэж, ууж буй хүнсийг нь өндөр үнээр, чанар муутайгаар нийлүүлэн, мөн шаардлага хангахгүй хүнсний компаниуд нийлэн хэдхэн арав төгрөгөнд улайрсан хичээлийн эрхлэгч нар хувьдаа завших оролдлого хийж эхэлснийг даруй таслан зогсоох шаардлагатай байна.