Өчигдөр “Хандивын мөнгө нэхэж сурагчдаа сургуулиас нь хөөжээ” гэсэн мэдээлэл нийтэлсэн билээ. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Баянзүрх дүүрэгт байрлах 79-р дунд сургуулийг зорьсон юм. Тус сургуулийн тавдугаар анги  хичээлийнхээ III байранд хичээллэдэг юм байна. Хичээлийн эрхлэгчтэй нь уулзахаар очиход сургуулийн жижүүр багш нарыг захирал нь дуудаж, бүгд хуралд явсан байлаа. Уг хурал хичээлийн I байранд болж байсан бөгөөд захирал болон сургалтын менежерүүд хуралдаж байлаа. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу хуралдсан аж. Хурлыг түр завсарлах үеэр тус сургуулийн захирал Н.Болдтой цөөн хором ярилцсан юм.
                          - Н.Болд: Багшийг дутагдалтай ажиллажээ гэж арга хэмжээ авна-
-Тавдугаар ангийн хоёр сурагчийг багш нь хандивын мөнгө өгөөгүй гэж сургуулиас хөөсөн гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар?
-Бид нар энэ асуудлын талаар зөвлөлийн хурал зарлаад одоо хуралдаж байна.  Энэ зөвлөлийн хурлаар бид сайт, сонинд гарсан мэдээллийг уншаад дүн шинжилгээ хийе энэ гарсан мэдээлэл хэт нэг талыг барьсан, багшийг муулаад нөгөө талыг хэт дөвийлгөн бичиж үү үгүй юу, багш ямар дутагдал гаргасан юм гэдгийг ярилцаад сууж байна. Одоо заах арга зүйн нэгдлээр нь авч хэлэлцээд юу болсоныг тодруулна. Би хоёр сурагчийн ээжтэй холбогдоод мэдээлэл авсан. Одоо багшаас нь мэдээлэл авна. Ээжийн өгсөн мэдээлэл багшийн мэдээлэл хоёр үнэнд тохирох нь уу үгүй юу гэдгийг тогтооно. Энэ хоёрын яриа нийлж байвал багшид арга хэмжээ авах юм. Харин тохирохгүй байвал багшийг гүтгэсэн үү гэдэг асуудал яригдана.
-Хоёр сурагчийн ээж юу гэж мэдэгдэсэн бэ?
- Хоёр сурагчийн ээж надтай утсаар ярихдаа сонин, сайтад бичигдсэн зүйлийг л давтан хэлсэн. Одоо үүнийг үнэн үү, худлаа юу гэдгийг багшаасаа асууна.
-Багш ёс суртахууны асуудал гаргаж хоёр сурагчийг зодсон гэсэн?
-Манай багш ёс суртахууны доголдол гаргахын хувьд бол гаргасан байна. Хоёр сурагч хичээлдээ явж байгаа ямар нэгэн зодуулсан шарх, сорвигүй биедээ асван гэмтэл бэртэл байхгүй. Өнөөдөр энэ мэдээллийг цацагдсаны дараа NTV телевизээс хичээлийн гуравдугаар байран дээр ирээд хүүхдүүдийн талаар асуугаад зургийг нь авч, тодруулга авсан. Энэ нь телевизээр гарах үгүйг би мэдэхгүй.
-Хоёр сурагчийг удаа дараа дарамталдаг байсан. Мөн сургуулиас нь хөөсөн гээд байгаа. Энэ талаар?
-Удаа дараа хөөсөн гэсэн нь нотлогдохгүй асуудал. Харин өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдрийн тухайд бол эгчийгээ дуудаж ирээ гэж хичээлээс гаргасан байна. Энэ бол багшийн туйлын буруу. Сурагч гэр рүүгээ очих замдаа осол аваарт өртвөл яахын энэ бол хамгийн ноцтой хэрэг. Энэ бол багшийн үүрэг, ёс зүйд заагаагүй зүйлийг хийж байгаа байхгүй. Энэ чиглэл дээр нь бид багшийг дутагдалтай ажиллажээ гэж арга хэмжээ тооцно.
-Сурагчдаас хандивын мөнгө цуглуулах ёстой юу?
-Энэ мөнгөний тухай асуудлыг бид 14 хоногийн өмнө хийгдсэн багш нарын шуурхай цуглаанаар хүүхдээс мөнгө татахыг боль гээд зогсоолгосон байгаа.  Би нэг талаас нь мэдээлэл авсан. Харин одоо нөгөө тал болох багшаас нь энэ асуудлын талаар асууж арга хэмжээ авна.  Үүдэнд  манай сургуулийн нийт тавдугаар ангийн багш нар одоо хурлаар орох гээд хүлээж байна.
                 
-Сургалтын менежер  Н.Очгэрэл: Энэ хоёр хүн хоорондоо ялихгүй зүйлээс болж маргалдсан-
 
-Сурагчийн ээж таньд  хандсан гэсэн энэ талаар?
-Хоёр ихэр манай сургуулийн тавдугаар ангид сурдаг унаган сурагчид.  Энэ хоёр хүүгийн хувьд сурлагын тал дээр хоцрогдолтой байсан. Тэгээд эцэг, эхийн болон багшийн зүгээс анхаарч ажиллая гэж ярилцсан юм.
-Багш нь удаа дараа манай хүүхдүүдийг дарамталж байна гэж таньд хандсан байна лээ?
-Багш, ээж хоёр хоорондын харилцааны асуудал байсан. Тэгээд хоёр хүний харилцааны асуудал байна та хоёр хоорондоо учраа олоо харин хүүхдийн сурлагын дээшлүүлэх тал дээр би хянаж зөвлөгөө өгөх тал дээр ажиллая гэж хэлсэн.
-Таньд хандахдаа багшийн талаар юу гэж хэлсэн юм?
-Ер нь багшийн харилцааны талаар их ярьж байсан. Тэрийгээ ярихдаа эмоци өндөртэй ярьсан. Энэ хоёр хүн хоорондоо ялихгүй зүйлээс болж маргалдсан байна гэж ойлгосон тэгээд би та хоёр хоорондоо учраа олоол гэж хэлсэн.
-Сурагчийн ээж дахиж хандсан уу?
-Дахиж надад хандаагүй. Би нэг дэхь өдөр ирээрэй л гэж хэлсэн. Хэрвээ энэ шинэ залуу багш залуудаад байгаа бол настай туршлагатай сайн багшаар хоёр хүүхдэд нь зөвлөгөө өгүүлж, давтлага хийлгэе гэж хэлэхэд за хэлээд гараад явсан байгаа. Тэгээд л сонин дээр ийм зүйл бичсэн байна.
-Сурагчдын ар гэрийн талаар?
-Өрх толгойлсон эмэгтэй байдаг. Хэдэн хүүхдээ өсгөх гээд л их хөдөлмөрлөж явдаг юм үүнийг нь бид нар ойлгож байгаа.  Боловсролтой багшилдаг хүн байсан. Тэгэхээр хүүхдийн хүмүүжлийн талаар сайн ойлгодог, багшийн ажслыг ч сайн ойлгох хүн байна даа гэж дүгнэж байсан үүнийг өөрт нь хэлж байсан юм.
Харин ангийн багш Б.Бадамжүгдэр: “Би хоёр ихэр сурагчаа ар гэрээс хүн авчирч уулзуул гэхэд дандаа гэрт хүн байхгүй гэдэг байсан. Тэгээд өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдөр гэрт нь хүн байгаа юу гэхэд эгч байгаа гэсэн тэгэхээр нь яваад эгчийгээ аваад ир гээд л явуулсан болохоос сургуулиас хөөгөөгүй. Тэрнээс өмнө хоёр сурагч маань ээж бичиг хийгээд явуул гэсэн тиймээс би эцэг эхийн хурлаар ярьсан зүйлээ бичээд явуулсан байгаа. Эцэг эх ангийн номын санд сар болгон 1000 төгрөг хураахаар санал болгосон юм. Түүнийг бөөн өгье гээд 10 мянган төгрөг болсон юм. Мөн би хоёр хүүхдийг зодоогүй, ангийн сурагчдын дэргэд гадуурхаж байгаагүй. Манай ангид хичээлийн хоцрогдолтой таван сурагч байдаг. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаад ээж, аав хичээлийн бас хийлгэж байя гэж ярилцсан. Түүнтэй л адил би хоёр ихэр сурагчийн ээжтэй ярилцахыг хүсч ар гэрээсээ хүн авчир гэж явуулсан. Хоёр сурагчийн ээж сургууль дээр ирэхдээ захирал, сургалтын менежер хоёртой уулзаад явсан байсан. Харин надтай уулзаагүй” гэсэн юм.
Ямартаа ч хичээлтэй үед сурагчийг гаргаж гэрээсээ хүн дагуулж ир гэж гарсан нь багш ёс зүйн алдаа гаргалаа. Тиймээс ангийн багшид хариуцлага тооцох юм. Мөн сурагчийг зодсон гэдэг нь үнэн эсэхийг тогтооно гэж сургуулийн удирдлагууд зүгээс тайлбар хийлээ.
Түүнчлэн сургуулийн захирал болсон үйл явдлын талаар хоёр сурагчийн ээжтэй утсаар ярихад тэрбээр сонин, сайтууд гарсан зүйлийг л ярьсан гэсэн юм.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх байдлаар энэ удаад 79-р дунд сургуулийн удирдлагуудаас тодруулсан мэдээллээ хүргэлээ. Энэхүү асуудлын талаар нэхэн сурвалжлах болно.
Х.Даваа