Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил давхар иргэншлийг зөвшөөрөх хуулийн төсөл өргөн барихаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.

Сүүлийн 10 гаруй жилд гадны улс оронд 4400 хүүхэд мэндэлсэн гэх баримт байна. Гэхдээ энэ нь бүртгэгдсэн тоо юм. Эдгээр хүүхдүүд бүгд давхар иргэншилтэйгээр оршин сууж байна. Америк болон европын орнуудад мэндэлсэн хүүхдэд шууд иргэншил олгодог. Гэвч эцэг эхээ дагаж, Монгол Улсаар овоглох нь эрхтэй. Өөрөө хэлбэл ингэж л давхар иргэншил үүсч байгаа юм.

 

 

Гэвч Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс гадны улс оронд төрсөн хүүхдүүд ирээдүйд аль улс орныг сонгох вэ гэсэн асуудалтай тулгарч байна. Харин үүнийг шийдвэрлэх гарц нь давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл гэж Гадаад харилцааны сайд үзсэн бололтой юм.

 

 

Харьд байгаа Монголчуудаа бодсон зөв шийдвэр гэж харах хүмүүс цөөнгүй байна. Гэвч үүний цаана гэмт хэрэгт холбогдмогцоо гадны улс орон руу зугтагчдын тоо нэмэгдвэл яах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй атал давхар иргэншилтэй хэмээн таахалзаж, гадны орон бүгчихээд байгаа хүмүүс цөөнгүй бий. Эдгээр хүмүүсийг хууль бус үйлдлийг хууль ёсны болгох, албан тушаалын гэмт хэрэгт холбогдчихоод давхар иргэншлээр далимдуулж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах юм биш байгаа гэх хардлага төрж байна.

 

Бүр цаашлаад оргон зугтах сонирхолтой хүмүүсийн захиалгаар Гадаад харилцааны сайд ийм хууль санаачлав уу гэх хардлага төрлөө.

 

 

Цөөн тооны иргэдэд давхар иргэншил олгоно гэж хуулийн төсөлд дурдсан байгаа гэх мэдээлэл байна. Энэ нь цөөн тоог асар өндөр үнээр худалдана гэхээс ялгаагүй. Тоо ширхэг цөөн байх тусмаа л далд хэлбэртээ шилжиж, хуйвалдааны шинжтэй болдог нь нууц биш ээ.

 

 

Тэгэхээр нэн тэргүүн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ийм хуулийн төсөл санаачилж байгаа юу, эсвэл худал мэдээлэл үү гэдэгт албан ёсоор тайлбар өгөх шаардлага тулгарч байна. Хэрвээ санаачилсан нь үнэн бол зорилго, агуулга, давхар иргэншил авах шаардлага, шалгуурыг ч бас танилцуулах нь зүйтэй биз.

 

А.Аюуш

Үндэстэн агентлаг