Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ
2016/09/13
Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл нууранд аймшигт осол болж таван хүн харамсалтайгаар амиа алдлаа. Ослын улмаас амиа алдсан таван хүний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь олныг цочирдуулаад байна.
Эдгээр хүүхдүүд нэг айлын хүүхдүүд эсвэл тэд загасанд явж байгаад амиа алдсан зэрэг янз бүрийн л мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байв. Тиймээс Хөвсгөл аймгийг зорьж үнэн, бодит мэдээллийг хүргэхийг хүссэн юм. Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл засмал замаар 800 км явж хүрнэ. Харин осол Мөрөн хотоос 100 орчим км-т орших Хатгал сумаас баруун урд зүгт 30 гаруй км-ийн зайд буюу Жанхайн давааны орчимд нуурын усанд гарчээ. Жанхайн давааны бэлд нуурын эрэг дагаад дөч гаруй амралтын газар байх бөгөөд нутгийн иргэд ч цөөнгүй нутагладаг юм байна. Салхины эрчээр эргийн чулуугаа цүл, пал хийтэл нүдэх далайн давалгаан чимээ, цахлай шувууны дуу хоёроос өөр юу ч үгүй мэт нам гүм. Модны навчис салхинд үе үе сэрчигнэхийг эс тооцвол шүү дээ. Аялал жуулчлалын сар дуусч, амралт зугаалгаар явагсдын хөл татарчээ. Эзгүй хоосон дүнзэн шовоохойнууд, цөөн тооны малтай иргэд л үлдэж. Хэдэн сарлаг нуурын эрэг рүү ус уухаар ойгоос гарч ирэх нь харагдав. Уйлагнах бороонд уулын оройд манан татаж, уйтгарт намрын нэг өдөр үргэлжилнэ. Далайн эрэг даган Жанхайн давааны өвөрт нутагладаг айлууд ч уй гашууд автжээ. Осол гэгээн цагаан өдөр, нутгийн иргэдийн нүдэн дээр болсон учраас амь насыг нь аварч чадаагүйдээ хэн хүнгүй л хөөрхий хүүхдүүдийн араас гэр гэртээ гаслан суугаа бололтой. Учир нь нутгийн айлууд ихэнхдээ хамаатан садан, олон жил хаяа дэрлэн нутаглаж байгаа айл хөршүүд. Харин талийгаачдын ар гэрийнхэн буяны ном хуруулахаар Мөрөн хотыг зорьсон байв.
Талийгаачдын сууж явсан завь
НУУРАНД ХӨВЖ ЯВСАН БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮГ ХҮМҮҮС АВРАХАД ЗҮРХ НЬ ЦОХИЛЖ БАЙСАН ГЭНЭ
Наймдугаар сарын 30 буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт 14:00 цагийн үед нутгийн иргэдэд моторт завины чимээ тод сонсогджээ.Гадаад, дотоодын жуулчид нутаг буцсан тул далайд тэр бүр завь гарах нь багассан байна. Тиймээс хэн завьтай нууранд гарав, ямар сүрхий дуутай юм бэ гэж их л санаа зовингуй гэр гэрээсээ гарч харцгаасан тухай ярив. Завьтай хүмүүс нуурын эргээр хэсэг эргэлдэж байгааг харахад тоглож зугаацаж байгаа бололтой байсан аж. Ингээд нэг их удалгүй эрэгт ирж завиа уясан байна.
Тэгснээ төд удалгүй өнөөх завь дахиад нууранд гарчээ. Эргээс их чимээ хадаан хүчээ авч хурдалж 500-гаад метр яваад унтарчихсан байна. Завийг Ч.Нямдалай гэх 26 настай залуу жолоодож явсныг хамаатных нь ах харсан байна. Тиймээс их дуу хадаан хөдлөхөд нь санаа зовж эргээс харж зогсчээ. Гэтэл завь эргээс нэлээд хол очоод унтарчихаж. Хоёр, гурван удаа мотор асах чимээ сонсогдтол яах ийхийн зуургүй завиных нь хамар босч ирээд хөмөрчихжээ. Эргээр явсан хүмүүс шуугилдаж, завины эрэлд гарцгаажээ. Хүмүүс эрэг дагуу байрлах “Тойлогт” амралтын бааз руу гүйж завийг нь гуйсан байна. Ер нь гайгүй завьтай гэсэн бүхэн рүү ханджээ. Завинд чухам ямар хүмүүс явсныг энэ үед хэн ч мэдээгүй байж. Бүгд л үр хүүхдээ дуудаж, бөөн
орилоон хашгираан болсон байна. Тэгтэл суурингийн нэлээд захдуу нутагладаг Чинбат гэх хижээл насны эр хийлдэг завиа мотоциклиор аваад иржээ. Бушуухан завиа хийлж дөрөв, таван хүн сууж гараараа сэлүүрдсээр осолдсон завь руу дөхтөл хажуугаар нь бага насны хоёр хүүхэд хөвж байсан тухай хийлдэг завинд явсан хүмүүс ярив. Тэдний ярьснаар бол хөвж явсан хоёр хүүг эрэг дээр авчрахад гүрээний судас нь цохилж байсан гэнэ. Зүрх нь зогсоогүй байсныг олон хүн хэлж байна. Сумын төв, аймгийн төвөөс эмч, аврагчид ирэх хооронд цаг алдахгүйг хичээж “Байкал” гээд амралтын газрын эмчийг дуудсан байжээ. Гэвч анхны тусламж үзүүлж чадалгүй 6-8 насны хоёр хүү нутгийн иргэдийн гар дээр амьсгал хураажээ. Нутгийн иргэд “Завьтай хүмүүс явж хоёр хүүг эхлээд авчирсан. Тэгэхэд гүрээний судас нь цохилж байсан. Хүмүүс яах учраа олохгүй эмчийн юу хийхийг л дуурайж, дэмий л сандарч байж. Эмч хоёр хүүг доош нь харуулж ар нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. Уг нь учир мэдэх хүмүүсээс сонсоход усанд живсэн хүнийг доош нь биш дээш нь харуулж хэвтүүлээд цээжин дээр нь дарсан бол амьсгалах боломжтой юм билээ. Доош нь харуулахаар амьсгаа авах нь битгий хэл бөглөрдөг гэсэн. Хар ухаанаар бодоход кинон дээр ч гэсэн дээш нь харуулаад л цээжин дээр нь балбаад байдаг шүү дээ. Бид устай газар амьдардаг хэрнээ ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байдаггүй юм байна” гэв.
ТАЛИЙГААЧДЫН НЭГ НЬ “АМЬ АВРААРАЙ” ГЭЖ ХАШГИРЧ УЛМААР 50 МЕТР СЭЛЖЭЭ
Нутгийн иргэд бага насны хоёр хүүг уснаас аварсан хэдий ч амийг нь аварч чадаагүй байна. Ингээд үлдсэн хүмүүсийг аврахаар дахин осолдсон завь руу явжээ. Гэвч ойр орчимд харагдах зүйлгүй бөгөөд далайн гүн рүү эрэн хайя гэхээр зориулалтын хувцасгүй, дээрээс нь салхи ихтэй тул давалгаанд шидэгдэх гээд хүндрэлтэй байжээ. Ингээд аврагчид ирэхийг хүлээж. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Цагдаагийн газрын алба хаагчид ирж бусад цогцсыг гаргаж авчээ. Аврагчдын мэдээлснээр бол ослын газраас 50 метрийн зайнаас нэг хүүгийн цогцос олджээ. Ямартай ч уснаас амьд гарахын тулд сэлсэн болохыг эрэг дагуух хүмүүс гэрчилж байна. Хүү “Амь авраарай, амь авраарай” гэж хэд хэдэн удаа хашгирах нь сонсогджээ. Талийгаач хүү өнөө жил 12 дугаар ангид орох байсан бөгөөд тус завийг жолоодож явсан 26 настай залуугийн төрсөн дүү юм байна. Хүүг гэрийнхэн нь усанд их сайн сэлдэг болохыг хэлсэн. Тухайд үед цэргийн гэгддэг изриал шар гуталтай явжээ. Тиймээс гутал нь талийгаачийг сэлэхэд нэлээд хүндрүүлж, саад болсон байх гэж байсан.
ОСОЛДСОН ЗАВИЙГ ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХУДАЛДАЖ АВЧ, ХҮЧТЭЙ МОТОР НЭМЖ ГАГНАСАН БАЙВ
Харин аврагчид завийг гаргахад бүх хүн осол чухам юунаас болсон гэдгийг төвөггүйхэн ойлгожээ. Прогресс хэмээх Оросын хуучны төмөр завинд 40-тэй мотор гагнасан байжээ. Уг завины зориулалтын мотор 20-той жижиг мотор. Ийм төрлийн завь хөнгөн учраас хүчин чадал ихтэй, хүнд мотор тавихаар завь тийрэлт өгнө, эсвэл хүндийн жин нь доош түлхэлт өгдөг байна. Хүмүүсийн таамаглаж буйгаар бол завины явах эд ангид гэнэт гэмтэл гарч унтарсан бөгөөд дахин асаахад доош түлхэлт өгч завинд ус орж хүндрэхэд улмаар хамар хэсэг нь өргөгдөж хөмөрсөн байх гэж таамаглаж байгаа аж. Энэхүү таамгийг батлах хэд хэдэн шалтгаан байгаа гэж үзэж байна. Завь жолоодож явсан залуугийн хуруу моторын тос болсон байжээ. Мөн ямар нэг хүндрүүлэгч, элс зэрэг ачаагүй нь тодорхой болжээ. Өөр нэг шалтгаан бол дандаа бага насны, хөнгөн жинтэй хүүхдүүд авч явсан нь завь хөнгөдөж хөмрөх гол шалтгаан болсон байх талтай гэнэ. Тус завийг талийгаач Ч.Нямдалай осол болохоос гурав хоногийн өмнө хүнээс худалдаж авчээ. Ингэхдээ хамаатныхаа хүнээс “X-Trail” маркийн автомашинаараа тулж наймаа хийж авсан байна. Худалдаж авсан завь нь моторгүй байсан учир дөрвөн сая төгрөгөөр өөр хүнээс мотор нэмж авчээ. Ээж, хоёр эрэгтэй дүүтэйгээ амьдардаг болохоор хэдэн төгрөг олж дүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх зорилготой байж. Худалдаж авсан завиндаа хүчтэй мотор нэмж гагнаад дүү нартаа хандан “Сайхан амьтан байгаа биз. Одоо ч хэдүүлээ мөнгөөр дутахгүй сайхан амьдарна аа” гэж ярьж байсан тухай түүний төрсөн дүү Бат-Эрдэнэ дурссан. Худалдаж аваад угсарсан унаагаараа хоёр ч өдөр хүн аялуулж, нуурын баруун хойд эрэгт хүрээд буцаж ирсэн байна. Харин гурав дахь удаа түүний завь хэдэн балчир дүүтэй нь хамт үхэлд хүргэх юм гэж хэн санах билээ. Түүнтэй хамт 15 настай төрсөн дүү Баттулга, аавынх нь төрсөн дүү болох Ш.Одгэрэл эгчийнх нь зургаан настай хүү Д.Отгонхүү, 12 настай Д.Олонбаяр болон Мөрөн хотоос амрахаар ирээд байсан найман настай хүү харамсалтайгаар амиа алдсан юм.
Үргэлжлэл бий
zochin · 2016/09/13
odoo ta nar bolio hoorhi huuhduudiin talaar ym bichhee bichih ymaa olj ydsan ym shig
Зочин · 2016/09/13
okay