Ачилтын компаниуд “бэлэн хоол” хайхаа болиоч ээ!
2016/09/13
Өдөр, шөнийг үл ялган олны хөлд дарагдаж байдаг газар бол хотын төв хэсэг буюу Багшийн дээдийн автобусны буудал билээ.
Энэ хавьд хаяагаа залгасан их, дээд сургуулиас гадна улсын болон хувийн эмнэлгүүд их байдаг. Өөрөөр хэлбэл, автобусны буудлын чанх урд та, бидний сайн мэдэх Нэгдүгээр төрөх эмнэлгээс эхлүүлээд хувийн хэд, хэдэн эмнэлэг бий. Түүнчлэн Нэгдүгээр төрөх эмнэлгийн баруун урд талд Шүүх эмнэлэг, Цус сэлбэлт үндэсний төв гээд үргэлжилнэ. Үүнээс гадна “UBH” төвд хувийн олон эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Харин дээрх эмнэлгүүдээр өдөр бүр өвчин зовлонтой иргэд үйлчлүүлдэг. Нэг үгээр хэлбэл, хотын энэхүү хэсэг хэдэн зуун оюутан, залуусаас гадна ихэвчлэн өвчиндөө шаналсан иргэдийн хөлд дарагдсан газар юм. Гэтэл “бэлэн хоол” хайсан ачилтын компаниуд иргэдийн зовлон дээр зовлон нэмж байна. Шуудхан хэлэхэд, тэд өвчин зовлондоо шаналж, өнөө маргаашыг яая гэж яваа ядарсан иргэдийнхээ санхүүгээр тоглож сууна. Нөгөө талаас өмнөх хотын дарга нар авто машиныхаа зогсоолын асуудлыг шийдэж чадаагүй хэрнээ ачилтын компаниудад давуу эрхийг олгосон нь өнөөдөр иргэдэд жинхэнэ утгаараа дарамт болж байна. Өнгөрсөн 2012 оноос замын ачааллыг бууруулж, I эгнээг чөлөөлөх зорилгоор авто машиныг ачиж журамлах ажлыг эхлүүлсэн. Энэ үеэс л иргэдийн түмэн зовлон эхэлсэн гэж ойлгож болно. Хамгийн сонирхолтой нь, дээрх журмыг хэрэгжүүлж эхэлсэн цагаас авто машин ачих тусгай зөвшөөрөл авсан зургаан аж ахуй нэгж ёстой л дур зоргоороо аашилж, иргэдийн хувийн өмчид санаатай болон санамсаргүйгээр халдаж эхэлсэн.Ялангуяа сүүлийн үед ачилтын компаниуд бусдын хувийн өмчид хэт эрээ цээргүй халдаж иргэдийг даапаалж, элдвээр нь хэлж, доромжилж байгаа талаарх гомдол ихсэх болсон. Угтаа бол замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр авто машинаа байрлуулсан иргэдийн машиныг эрээ цээргүй ачих нь учир дутагдалтай гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, зогсоолын асуудлаа эхэлж шийдээд дараа нь I эгнээнд байрлуулахгүй байх шаардлага тавиасай гэдэг үгийг олон иргэд хэлж буй юм. Ямартай ч машин ачих ажлыг хувийн хэвшлийн зургаан компани гүйцэтгэж, авто машины нэг бүрийн торгуулийн мөнгө нь 70 мянган төгрөг байдаг байна. Тэгвэл иргэдийн авто машиныг зөвшөөрөлгүй ачиж явдаг ямар компани байгаа тухай сонирхож үзвэл “Хас транс” “Очух”, “BMML”, “Ачит сэлэнгэ”, “Авто гранд мастер” зэрэг компани гүйцэтгэдэг байна. Эдгээр компани бүгд хувийн хэвшлийнх. Уг компаниуд хоногт 90 орчим, ачаалал ихтэй үед 150 гаруй машин ачдаг байна.
Худаг дотроо загасчилсан машин ачилтын компаниуд
Ингээд бид хамгийн их ачаалалттай болох Нэгдүгээр эмнэлгийн хойд тал буюу Шүүх эмнэлгийн ойр орчимд байгаа авто машинуудыг хэрхэн яаж ачиж байгаа талаар бодит мэдээллийг авсан юм. Биднийг тус эмнэлгийн ойролцоо 12:15 цагийн үед 15 минут зогсох үед машин ачилтын компаниудийн жолооч нар нэг нэгрүүгээ утас цохин “Энд олон машин эгнээд зогсчихсон байна. Хурдан хүрээд ир хэмээн хэлсний дагуу таван машин ар араасаа цувран ирж иргэдийн машиныг ёстой л нэг самар шиг ачиж яваатай таарсан юм. Бид бусдын хөдөлгөөнд эдгээр ачиж байгаа машинууд чинь ямар ч саад учруулахгүй зорчих хэсгийг чөлөөтэй орхисон байна шүү дээ хэмээн учирлан хэлэхэд “Нэгдүгээр эгнээг чөлөөтэй байлгахын тулд л ийм ажил хийж байна. Битгий олон юм яриад бай” хэмээн илт дээрэнгүй харьцаж байсан. Хамгийн гол нь машинаа ачуулж буй иргэд бүгд нэгдүгээр эмнэлгээр үйлчлүүлж буй өвчин зовлонтой хүмүүс байсан юм. Ингээд “Хас транс” компанийн УБҮ-61-90 дугаартай машин 46-47 УНЦ Приусын маркийн авто машиныг ачиж байх үед “UBH” центерийн хамгаалалтын албаны залуу гүйж ирээд “Та нар энэ машиныг битгий ачаач. Одоохон эзэн нь гараад ирнэ. Тэргэнцэртэй хүн үзүүлэх гээд орсон” хэмээн мянга тайлбарлан хэлсэн ч үгийг нь тоолгүй ачаад явсан юм. Ингээд үүний дараа машины эзэд “Бидний машин хаачив аа. Ороод дөнгөж 10-хан минут болж байна. Ямар ч хөдөлгөөнд саад учруулагүй байхад яагаад ачаад явчив аа хэмээн хашигичаж ойр хавьд байгаа хүмүүсээ сандралд оруулж байсан юм. Яг үнэндээ машин ачилтын компаниудын эрээ цээргүй энэ үйлдэл нь эмнэлгээр үйлчлүүлэх гэж ирсэн иргэдийн халаасыг хоосолж энэ зогсоолоос л мөнгө хийх боломжтой гэдгийг тооцоолсон хэрэг. Тиймээс ч нэг нэгнийг дуудаж энд мөнгөнүүд эгнээтэй зогсож байна гэж дуудхав дээ.
“Хөгшиндөө картыг нь өгчихөөд гараад ирэх хооронд машин ачаад явчихлаа”
Ингээд энэ үйл явдлын дараа 60 гаруй насны хоёр хөгшин нэгнийхээ шинжилгээг өгөхөөр ээлжлэн машинаа харж байсан ч хөгшиндөө картыг нь аваачаад өгөх хооронд нөгөө ачилтын ангуучид бас л ачаад явсан. Аргаа барсан хөгшид хоёулаа ачиж яваа машины араас нь гүйж “Хүү минь ээ. Хааш нь авч явах гэж байгаагаа ядаж хэлчихээч. Хоёр настай хүний үйлийг үзэх хэрэг байгаа юм уу та нарт” хэмээн гүйж байх зуураа хэлж байв. Бид хоёр хөгшинтэй уулзаж болсон явдлын талаар асуухад “Бид хоёр уг нь ээлжилж машинаа харж байсан. Гэтэл өвгөн маань надад карт өгөөд ирэхийн хооронд машиныг нь минь ачаад явчихлаа. Яг үнэндээ энд машинаа байрлуулж буй бүх л хүн өвчин зовлондоо баригдаж эмнэлгээр үйлчүүлж байгаа шүү дээ. Уг нь хүү маань надаа анхааруулж хэлж байсан юм. Нэгдүгээр эмнэлгийн хойд талаас хулгайч шиг нүд ирмэхийн зуур машин ачилтын компаниуд машиныг чинь ачаад явчихдаг шүү. Машинаа эзэнгүй орхиж болохгүй гэж хэлж байсан. Ямар ч байсан хүүдээ хэлэхээс” хэмээн холдон явсан юм. Дээрх үйл явдал ердөө л 15-хан минутад болсон машин ачилтын үеийн дүр зураг. Мөн “Хас транс” компанийн ачигчид цувраад зогсож байсан “Ланд крузейр-200”, “Пириус” маркийн авто машинаас “Приус”-ийг нь ачаад явах жишээтэй. Яагаад хоёр машиныг хоёуланг нь ачаагүй юм бэ гэх иргэдийн асуултад “Ланд нь даац ихтэй учраас хөнгөнийг нь бодоод “Приуст”-ийг ачсан” гэж хэлж байв. Тэдний энэхүү үйлдэл нь өндөр хураамж авах гэсэн нэг төрлийн бизнес. Мэдээж энэ бизнесийг жирийн нэг Дорж, Дулмаа нар хийж чадахгүй нь ойлгомжтой.
“Та нар өвчин зовлондоо баригдсан биднийг л дээрэлхэж байгаа биз дээ”
Түүнчлэн 01-37 УНЦ Пириус маркийн авто машины эзэн нь “Миний аав үхэл ирмэгийн ззагт байна. Би эм танд нь явах гэж эмчтэй уулзчихаад тавхан минут ч болоогүй байхад та нар машин ачлаа. Хаана бусдын хөдөлгөөнд саад учруулж хэний машиныг таглаж зогсчихоод байгаа юм бэ. Та нар өвчин зовлондоо баригдсан бид нарыг л дээрэлхэнэ үү гэхээс тансаг зэрэглэлийн зоогийн газрын үүдэнд замын хөдөлгөөнд саад учруулаад зогсож байгаа бандгар, бандгар жип машинуудыг ачиж чадахгүй биз дээ” гэж машин ачилтын ачигч нартай сөргөөлцдөж байв. Ямартай ч тэд энэ мэтээр эзэнд нь ч урьдчилан мэдэгдэлгүйгээр машиныг нь ээлж дараалан ачаад явсан юм. Яг үнэндээ нэгдүгээр эмнэлэг, шүүх эмнэлгийг тойрсон асар олон эмнэлгийн газар байдаг. Эдгээрээр үйлчлүүлэхээр ирсэн иргэд хэрэндээ л бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй хэмээн машинаа нааш цааш хөдөлгөж бусдыгаа хүндэтгэж байгаа харагдсныг хэлэх хэрэгтэй байх.
Удаан зогсохыг хориглосон газар, замын зорчих хэсэгт зогссон гэх мэт зөрчил гаргасан машиныг ачих ёстой
Уг нь Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх журам гэж байдаг. Эл журамд зааснаар удаан зогсохыг хориглосон газар, замын зорчих хэсэг дээр зогссон гэх мэт зөрчил гаргасан машиныг гэрээт компаниудын болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачигчид ачиж журмын хашаанд хүргэх үүрэгтэй аж. Ингэхдээ Замын цагдаагийн газрын Ерөнхий жижүүрийн удирдлага дор явуулахыг журамласан байдаг аж. Үүнийг энгийнээр тайлбарлахад Ерөнхий жижүүр иргэн болон цагдаагийн алба хаагчаас тухайн зөрчилтэй машины талаарх мэдээллийг хүлээж авч тэмдэглэл хөтөлсний үндсэн дээр ачигч машин явуулах ёстой. Дээрх компанийн ачигчид иргэдийн машиныг ачихдаа урьдчилан мэдэгдэхгүй, утас руу нь залгахгүй шууд ачдаг. Үүнээс болж өмнө нь машиндаа сууж байсан бага насны хүүхэд ачигдаад явсан тохиолдол ч гарч байсан билээ. Уг нь ачигчдын мөрдөх ёстой журамд “Машины жолоочийг чанга яригчаар 5-10 минут дуудсаныхаа дараа бичлэг хийсний үндсэн дээр ачилт хийнэ. Ингэхдээ машины гадна талын бүрэн бүтэн байдал, машин доторх байдлыг нэг бүрчлэн камерт бичиж баримтжуулаад, дараа нь лацдаж байж ачна” гэж заасан байдаг байна. Ямартай ч удаан зогсохыг хориглосон газар, замын зорчих хэсэг дээр зогссон гэх мэт зөрчил гаргаж буй авто машинуудыг ачих нь зөв ч гэлээ тухайн орчинд үнэхээр саад учирч уу, үгүй юу гэдгийг нь тогтоосны үндсэн дээр ачих хэрэгтэй болов уу. Түүнээс нэг нэгнийгээ дуудаж ашгийн хойноос улайрч иргэдийг ийнхүү хохироох нь зүйд нийцэхгүй гэдэгтэй иргэд санал нэгдэх байх.
Машин ачилтын компаниуд олсон орлогоо өөрсддөө авдаг уу
Бидний анхаарлыг татсан бас нэг зүйл нь машин ачилтын компаниудын өдөрт нэг машинаас орж байгаа 70 мянган төгрөгийн хэдийг нь улсад тушаадаг эсэхийг албаныхнаас асуусан ч тодорхой хариулт өгөхөөс татгалзан бултаж байсан. Уг нь Нийслэлийн төвсөөс өнгөрсөн онуудад 12 тэрбум төгрөгөөр ачигч машинуудыг анх авч байсан юм билээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар дээрх нэр бүхий хувийн компаниуд иргэдээс авсан торгуулийн мөнгөө 100 хувь өөрсдөө авдаг төдийгүй улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй талаар хэлж байсан юм. Түүнчлэн иргэдийн хамгийн их шүүмжилж буй зүйл нь машиныг нь ачих үед эзэн нь гарч ирвэл газар дээр нь 70 мянган төгрөг авч, машиныг нь өгдөг журмыг компаниуд өөрсдөө хэдийн зохиочихсон аж. Энэ үйл явдлыг ч өчигдөр тэд нотлоод өгсөн юм. Ямартай ч одоогийн хотын дарга Су.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар зогсоолын асуудлыг нэн яаралтай шийдэж бусдын машиныг хулгайч шиг зөвшөөрөлгүй авч явдаг хувийн компаниудыг цэгцлэхгүй бол нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэрээр ийнхүү иргэдийг боловсон бус аргаар сааж байгаа нь зүйд нийцэхгүй байгааг уламжлилж байна. Түүнчлэн ачилт хийдэг дээрх компаниуд чухам хэний нөмөрт хөлжиж, журам хэрэгжүүлэх бус, орлогын хойноос хөөцөлдөнө вэ. Бид дараагийн дугаартаа ачилт хийдэг хувийн компаниуд улсын төсөвт хэдэн хувийн татвар төлж хэдэн төгрөгийн орлого олдог талаар эргэн мэдээллэх болно.
zochin · 2016/09/14
Uur arga hemjee avdag bolmooj yum hen negen hunii dald avilga avdag bizness l yavj baigaa
Далай · 2016/09/14
Машин ачих-г зогсоох хэрэгтэй. Манай хэдэн 1000 хүн ажилгүй байна. Гудамж болгонд 2 хүн хариуцаад 10 минутаас дээш зогссон машин дээр торгуулийн хуудас наагаад фото зургаар батгаажуулаад болно биз дээ 2 хүн цалинтай болно. /орлогоосоо % авдаг./. Тэгвэл машин ачиж зөөх машины бинзен, тос, жолоочийн цалин, ААНэгжийн захиргааны зардал гэх мэт маш олон үрбүтээлгүй зардал хэмнэж УЛСАД орох зардлыг хэмнэх болно гэж бодож байна даа
Зочин · 2016/09/14
Novshnuud
Зочин · 2016/09/13
Hulgaichaas dor nowshnuud.
Зочин · 2016/09/13
okay