Зам тээврийн ослын улмаас амь насаа алдах хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Замын цагдаагийн газраас гаргасан статистик тооноос харж болно.

Өнгөрсөн онд гэхэд Замын цагдаагийн газарт 92 мянга гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс 45 мянган осол бүртгэгдэж, гурван мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн зам тээврийн ослын улмаас 429 хүн амиа алджээ. 2016 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол 193 бүртгэгдсэний 138 нь орон нутгийн замд гарч 43 хүн нас барсан байна. Үүний нэлээд хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс шалтгаалсан осол эзэлж байгаа аж. Энэ мэт зам тээврийн осол өдөр бүр гарч, иргэд амь насаа алдсаар байна. Сүүлийн гурван жилд гарсан зам тээврийн ослоос 920 гаруй хүн амь насаа алджээ. Ингэж л монголчууд зам тээврийн ослоос болж жил бүр 500 орчим хүнээ харамсалтайгаар алдаж, гурван мянга орчим хүн хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтэж байна. ГССҮТ-д авто тээврийн ослын улмаас жилд 2800-3200 гаруй хүн ирдэг байна. Ослоос амьд үлдсэн хэдий ч гар, хөлөө тайруулж, тархиндаа хүнд гэмтэл авч насан туршдаа хүний асаргаанд амьдрах хэцүү хувь тавилантай болдог байна. Гэвч зам тээврийн ослыг хэн ч тоохоо байжээ. “Осол гарч л байдаг юм. Хүн үхэж байдаг” гэж л хүлээж авдаг болсон байна. Замын цагдаагийн газраас анхааруулга сэрэмжлүүлэг гаргахаас өөрөөр жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, осол юунаас болж гардаг. Жолооч нарын буруутай үйлдэл насан туршдаа харамсах зүйл болж байгаа талаар ойлголтыг тууштай өгдөггүйг холбогдох албаныхан онцолж байна.

ОСОЛ ЮУНААС БОЛЖ ГАРДАГ ВЭ

Хөдөө орон нутгийн замд явж байгаа жолооч нарын олонх нь хурд хэтрүүлдэг. Нийслэлээс гарав уу, үгүй юү хаазаа нэмээд давхичихдаг. Замын саадыг тоох ч үгүй. Гэтэл хөдөө орон нутгийн зам ямар байдаг нь тодорхой. Хичнээн зассан ч хэдхэн хоногт эвдэрдэг зам ч бий. Өндөр хурдтай явж байтал гэнэтхэн эвдэрч, хэмхэрсэн, нүхтэй замтай тулчихдаг. Сандарсан жолооч жолооны хүрдээ хажуу тийш дарж, хурдтай явж байсан машин энерциэрээ замын хажуу руу шидэгддэг. Энэ нь нэг талаар жолооч нар хэдхэн сарын жолооны дадлага хийгээд шууд машин барьдагтай холбоотой. Ур чадвар бүрэн эзэмшиж чадаагүй мөртлөө хурдтай явдаг. Нөгөөтэйгүүр бусдаас сургамж авдаггүй, ирэх аюул, бэрхшээлийг тооцдоггүй. Зам тээврийн ослын нийт шалтгааны ихэнх хувийг дээрх төрлийн осол эзэлж байна.

Мөн жолооч нар нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэж байгаад өмнөөсөө ирэх машинтай мөргөлдөж амь насаа алдах хэрэг цөөнгүй гарч байна. Ихэнх жолооч тэр машинаас амжаад орчихно гэсэн бодолтой байдаг. Ингээд л хоёр талаас хурдтай явсан машин хүчтэй мөргөлдөж, бүгд амь насаа алдах нь ч бий. Нийслэлд гарч буй ноцтой осол болгон хэн нэгнээс түрүүлэх гэж, эсрэг урсгалын машинаас амжиж орох гэж хурд нэмэн дайрдаг жолооч нарын буруугаас болдог гэдгийг Замын цагдаагийн газрынхан хэлж байна лээ. Өөр нэг шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар гаргадаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж байнга хэлж, хууль журмыг чангатгаад байхад л огт тоодоггүй. Цагдаад согтуу явж байгаад баригдчихгүй бол болно гэсэн буруу ойлголт жолооч бүрт байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхлээд машин жолоодох үед асуудалгүй байдаг. Харин зам ширтээд удаан явахаар нойр нь хүрдэг. Хөдөө орон нутагт жолооч нар айлд согтууруулах ундаа хэрэглэдэг. Ингээд машиндаа дүүрэн хүн чихээд явдаг. Үүнээс болж замын хажуу руу орох, жалга, гуу руу унаж амь насаа алддаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдыг дайрч амь насыг нь хөнөөсөн, мөн осолдож, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн онд 242 бүртгэгдсэн байна.

ЯМАР МАШИН ХАМГИЙН ИХ ОСОЛДОЖ БАЙНА ВЭ

Жолооч нар автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг огт хангахгүй байгаас болж осол аваарт орох нэг том шалтгаан болдог байна. “Машины таван бул тачигнаад, хэвтээ тэнцүүлэгч хугарчихсан явна лээ. Дугуй хавагнаад хэд хэдэн газраа овойчихжээ. Хянах самбар дээр юу нь мэдэгдэхгүй гэрэл асаад байна” гээд л хэнэггүй зан гаргаад яваад байдаг. Гэтэл хурдтай явж байтал машиных нь аль нэг эд анги элэгдэж удаан явснаас болоод салаад ойчдог. Эсвэл дугуй нь буудчихдаг. Энэ мэт шалтгаанаас болж осол гарч байна. Мөн автомашин хилээр оруулж ирж байгаа ченжүүд эвдэрсэн, хэмхэрсэн, осолдсон машиныг сэлбэг нэртэйгээр оруулаад ирдэг.

Ингээд гадна талыг нь засч янзлаад хэн ч харсан орж ирсэн шинэхэн машин шиг болгодог. Ийм машины явах эд анги нь эвдрэлтэй байдаг. Үүнээс болж мөн л осол их гардаг. Сүүлийн үед Солонгос Улсад үйлдэрлэсэн аксент, соната зэрэг автомашин, Япон Улсад үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн автомашинтай жолооч нар осолдох, цаашлаад амь насаа алдах нь бусдаасаа их байгаа гэх судалгааны дүн гарчээ.Тоёота, приус маркийн автомашин Монголын зах зээлд эрэлттэй байгаа. Монголд 600 мянга орчим тээврийн хэрэгсэл байгаагийн 60 мянга орчим нь приус авто машин гэнэ. Иргэд шатахуун бага зарцуулдаг болохоор дээрх машиныг худалдаж авдаг аж. Гэтэл дээрх машин нь нимгэн төмрөөр хийдэг жин багатай аж. Гадна талаас нь мөргөлөө гэхэд яг л базсан цаас шиг хэдэн талаараа цөмрөөд орчихдог байна. Өөрөөр хэлбэл, тоёота приус маркийн автомашинтай осолд орлоо гэхэд дотроос нь хүн амьд гарч ирэх боломж бараг байхгүй гэгддэг байна.

ЖОЛООЧ НАРЫН СЭТГЭХҮЙН ДОРОЙТОЛ

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын тодорхой хэсэг хэн нэгэн санаандгүй байдлаар шахчих юм бол заавал гүйцэж түрүүлээд зам руу шахдаг. Тэгснээ хэн нэгнийхээ урд орж шахах гээд зам дээр уралддаг. Мөн урдуур нь машин шахаад орчих юм бол мөн л урдуур нь шахаж орох гээд зүтгэчихдэг. Эсрэг урсгалаас хойшоо эргэх гэж байгаа машин дохиогоо өгөөд явж байхаар төв замаар явж байгаа машины жолооч өмнөөс нь тулж очоод тоормос гишгэдэг. Хэн хэндээ зам тавьж өгөхгүй гээд хоёр талаас улайрсан бух шиг л дайрцгаадаг. Энэ бол замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын өдөр бүр гаргадаг үйлдэл. Үүнээс болоод хоорондоо мөргөлддөг. Эсвэл зам дээр зодоон болдог. Хоёр талаас бие биенийхээ дээр гарах гээд хэл амаар доромжилж, гар хуруугаа гозгонуулаад л үзэж тарна. Хэн нэгэнтэй заавал тэмцэлдэж, ялж байж л санаа нь амардаг гэмээр. Өөр нэг алдаа нь эр, эмгүй л хурдны зам дээр яваа мэт хурдтай давхидаг. Энэ бүхэн манайд замын хөдөлгөөнд соёлтой оролцох жолооч нараа бэлтгэж чадахгүй байгааг харуулж байгаа юм.

ГЭР БҮЛЭЭРЭЭ НЭГ МАШИНД БҮҮ СУУ

Баяр ёслолын үед монголчууд хөдөө орон нутгийг олноороо зорьдог. Тэр тусмаа цагаан сараар золголт хийх гээд гэр бүл, хамаатан саднаараа нэг машинд чихэлдэж аваад л явдаг. Өнгөрсөн цагаан сарын үеэр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зам дээр нэгэн гэр бүл машинтайгаа онхолдож, бүгд нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Энэ мэт гэр бүлээрээ явж байгаад амь насаа алдсан харамсалтай осол цөөнгүй гардаг. Тухайн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад зорчиж явлаа гэхэд эсрэг урсгалаас машин хүрч ирээд мөргөчихдөг. Энэ мэт олон эрсдэл байдаг. Гэтэл жолооч нар хоёр машинтай явах санхүүгийн боломж байхгүй. Нэгнийгээ гэрт нь үлдээгээд явж болохгүй гэдэг. Үүнээс болоод гэр бүлээрээ амь насаа алддаг. Гадаадын өндөр хөгжилтэй зарим оронд нэг гэр бүлийн гишүүд ихэнхдээ нэг машинд суудаггүй. Тэд болзошгүй эрсдлийг тооцоолж үздэг ажээ. Уг нь бүх жолооч хууль дүрмээ сахиж, соёлтой боловсон замын хөдөлгөөнд оролцвол хэн ч амиа алдахгүй, эрсдэл хүлээхгүй байх боломж бий.

Э.Баатар