Д.Галбаяр: Олимпийн аварга болно гэж зүүдэлж явлаа
2013/10/13
“Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Монголын хошин урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон МУГЖ жүжигчин Д.Хүрэлхүү охин Х.Намуунтай, МУСТА О.Бат-Өлзий хүү Б.Тамиртай, МУГЖ И.Одончимэг охин З. Номундарьтай, жүжигчин Д.Бямбацогт хүү Б. Балжиннямтай, МУГЖ П.Эрдэнэзаан хүү Э.Энэрэлтэйгээ тус тус тоглосон билээ. Тус киноны найруулагч Д.Галбаяр найруулагчтай ярилцлаа.
-Юуны өмнө найруулагч Д.Галбаяртаа энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй таны гуравдахь уран бүтээл болох “Тагнуулч аав” уран сайхны кино нээлтээ хийх гэж байгаа?
-За баярлалаа тун удахгүй шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийх гээд завгүй л байна. Киноныхоо нээлтийг хийчихээд л сэтгэл санаа тайван болж, уужим амьсгаа авна гэж бодож сууна.
-Энэ удаагийн уран бүтээл “Go” студийн өмнөх бүтээлүүдээс ялгарах онцлог?
-Би СУИС-ийн гуравдугаар курст сурч байхдаа студиэ байгуулсан. Эхэндээ оюутан хугацаандаа байгуулсан болохоор хэцүү, хүндрэлтэй зүйл их гардаг байлаа. “UBS” телевиз, “Фокус” медиа групптэй хамтраад киноны нэвтрүүлэг хийж эхэлсэн юм. Ерөнхийдөө бид эхэндээ энтертаймэнт нэвтрүүлэг хийж байсан. Эхлээд удаагүй байсан студи болохоор бидэнд туршлага хэрэгтэй байсан бас хувь уран өндөр бүтээлчийн өсөлт гэж бий. Тэгээд 2009 оноос эхлэн кино уран бүтээл рүү анхаарлаа хандуулж эхэлсэн дээ. Манай студийн анхны уран бүтээл бол “Хайрын рекорд” дараа нь “Намрын синдром” уран сайхны киногоо хийж үзэгчдийн хүртээл болгосон. Одоо гуравдахь бүтээл болох “Тагнуулч аав” уран сайхны киногоо хийх гэж байна.
-Та гуравдугаар курст сурч байсан гэхээр хэдэн онд байсан юм. Энэ хугацаанд олон клип хийсэн байх?
-Ихэвчлэн клип хийж байсан. Дуучин С.Жавхлантай 2005-2012 оныг хүртэл уран бүтээл дээр нь хамтарч ажилласан юм. Баримтат кино, зохиомжит нэвтрүүлэг зэрэг олон зүйлүүдийг хийж байсан. Гэхдээ бидний гол зорилго бол кино урлаг байсан л даа. Нэг хэсэг студи их байгуулагдаж байна гэдэг, бараг 300 гаруй студи монголд үйл ажиллагаагаа явуулж байна гээд ярьдаг байсан. Хувийн студийн ихэнх нь эцсийн зорилго нь кино урлагт хүч үзэх байдаг.
-Танай студийн бүтээсэн уран бүтээлийн давуу тал?
-Хүн хийж байгаа зүйл дээрээ байнга суралцаад яваад байдаг юм байна. Эхлээд “Хайрын рекорд” киног анх хийж байхад юугаа ч мэдэхгүй байсан. Киногоо болж байгааг ч мэдэхгүй, болохгүй байгааг ч мэдэхгүй явсан. Өөрийнхөө бор зүрхээр л хийсэн байдаг. Харин дараагийн бүтээл “ТВ коктейл”-ын хамтлагийн нэвтрүүлгийг манай студи хамтарч хийдэг байсан юм. Мөн бид СУИС-д хамт сурч байсан найзууд болохоор энэ киногоо хийхэд их дэмтэй байсан. Тийм болохоор “Намрын синдром” уран сайхны кино дээр гар нийлсэн бүтээл болж чадсан. Энэ удаагийн уран бүтээлийн хувьд таван жүжигчин аавтайгаа хамт тоглоно гээд санаа нь бол их гоё гараад ирсэн. Гэхдээ надад ачаалал нь их хүнд ирсэн байгаа. Учир нь киноныхоо зохиолыг өөрөө бичээд найруулах ажилтай болсон. Эхлээд их л халагласан гэтэл Хүрлээ ах маань зоригжуулсан тэгээд л урам орж хийсэн дээ. Бид нар бол талхчид харин үзэгчид маань амталж байж ямар амттай байгааг хэлдэг, амтлагчид манай киног амтархан идэх нүү эсхүл туригаад амнаас гаргах нуу гэдгийг үзэгчид л шийднэ.
-Та багаасаа аавыгаа дагаж уран бүтээлчдийн дунд нь орж явсан болохоор нэгэн үеийн кино урлагийн акулуудын дэргэд хүүхэд байхдаа өсч том болсон. Одоо найруулагч болоод тэр ахмад уран бүтээлчдтэй хамтарч уран бүтээл хийж байхдаа тэднийг загнах үе гардаг байх. Тэр үед хэцүү байдаг уу?
-Мэдээж хэрэг тийм үе гардаг. Хүүхэд байхад тэд нар үнэхээр мундаг жүжигчид болсон байсан. Гэхдээ найруулагч гэхээрээ л нээх айхтар том юм яриад цээжээ балбаад, нэг л их содон байх ёстой гэсэн нэг ийм тогтсон гаднах өнгөц хэлбэр нь байгаад байдаг зүйл монголд тогтсон байгаа харагддаг. Жишээлбэл, намайг СУИС-д найруулагчаар сурч байхад найруулагч хүн жүжигчнээсээ илүү мэдлэгтэй байх хэрэгтэй гэж ярьдаг байсан . Гэхдээ миний хувьд бол найруулагч гэдэг мэргэжилтэй хүн аагь омог нь багтаж ядаад байдаг бол түүнийг ажил дээрээ л харуул. Тэрнээс биш нээх олны нүдэн дээр төвчигнөөд, энгийн үед хүмүүсийн анхаарал татаад хийж байгаа зүйл нь нээх их гавидаггүй. Тэгсэн мөртлөө харахаар нээх том амьтан байгаа юм шиг царайлаад яах юм бэ гэж би боддог. Тухайн тэр ажлын талбар дээрээ л найруулагч байхыг хичээдэг. Бусад үед сайн найз, энэ уран бүтээл дээр ажилласан жүжигчдийн хувьд бол сайн дүү, сайхан найзууд л байхыг хүсдэг. Харин яг тэр ажлын талбар дээрээ Д.Галбаяр найруулагч л байдаг. Тэгж л хичээдэг байдаг тэрнээс биш найруулагчийн дүр хувцас өмсчихээд өөрийгөө нэг их найруулагч гээд зарлаад явах дургүй.
-Жүжигчин И.Одончимэг таныг намайг ажлаа хийж байхад хажууд нэг жоохон хүүхэд үүрэг даалгавар аваад гүйдэг байсан гэж ярьж байсан. Үүнийг сонсоод ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Тэр яг үнэн. Би тэд нарыг бага тайз гэж жүжгийг хийдэг байхад би хойно нь арван настай жоохон хүү гүйж явлаа. Манай дүү бид хоёр ихэвчлэн театр дээр цагаа өнгөрүүлдэг байсан. Тэр үед жүжгийн сургуулилтын үеэр гүйж явж байхад хүүе нөгөө Дашхүүгийн хоёр хүү энд гүйж явсан тэр хоёр хаа байна гараад ир гэнэ. Тэгээд хоёулаа учраа мэдэхгүй гараад очиход “Хайрыг хайрла” жүжигт гардаг хүүхдүүдийн дүрийг тоглодог. Тэрийгээ сайн ойлгохгүй ээ зүгээр гүйж очоод тэг ингэ гэхээр зааж өгснийн хийчихээд л тэг ингэ гэхээр нь зааснын хийгээд тэгээд завсарлагаа гэхээр нөгөө зүйлээ мартчих наа. Өөрсдийгөө жүжигт тоглож байгаагаа мэдэж байгаа ч зүйл байхгүй ард нь гүйж байдаг хоёр хүүхэд байсан. Одноо эгчийн хэлж байсан үнэн л дээ. Тэгж явсан хүүхэд өнөөдөр найруулагч болчихоод юм найруулаад зогсож байна гэдэг сонин санагдаад амьдралын гоё түүх юм даа гэж киноны ярилцлага дээр ярьж байсан. Тэгэхэд бас надад их сайхан санагдсан.
-Хэрвээ өөрөө дургүйцэхгүй бол аавтайгаа холбоотой дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Аавыгаа дурсаад ярих нь бол зайлшгүй хэрэг. Мэдээж аав гэдэг том уулын нөмөрт байсан цаг хугацаа хэзээ ч миний сэтгэлээс мартагдахгүй тийм сайхан дурсамж байдаг. Айлд нэг ээж, аавын хүүхэд гэсэн тодотголтой хүүхэд байсан үе байсан даа. Би чинь аавын хүүхэд. Аав бригадаар хөдөө уртын томилолт гээд хоног явдаг байсан. Тэгээд явсан өдрөөөс нь хойш аавыгаа санаад халуураад хэвтчихдэг их сонин хүүхэд байсан гэдэг. Аав минь ажилдаа лагераас явахдаа надаас нуугдаж явдаг байлаа. Би чинь лагерь байхдаа гутал өмсдөггүй хүүхэд байсан тэгээд аавынхаа араас чавхдаад давхиж очоод гуянаас нь тэвэрч аваад уйлаад зосдог хүүхэд байсан. Аав минь надад үнэхээрийн амь байсан аавыгаа их л үгүйлэх юм даа.
-Монголын ард түмэн танай аавыг найзтай нь бүгдээрээ мэддэг.Ард түмэн урлагийн гэр бүлээс хүүхдүүд нь залгаамжлаад аваад яваасай гэж боддог. Танай гэр бүлээс яг урлагаар явж байгаа нь хэд вэ?
-Би чинь ээж, ааваасаа тавуулаа. Урлагаар дагнаж яваа нь манай дүү бид хоёр байгаа. Манай дүүг аав өөрөө байхдаа хөгжим бүжгийн коллежид хөтлөж авч яваад оруулж байсан. Хийлч мэргэжилтэй Д.Галбадрах гээд залуу бий. Шведийн хааны акадамид хийлч мэргэжлээрээ бакалавр төгсч ирээд энэ намар Бостонын их сургуульд магистр хамгаалах гээд суралцаж байгаа. Манай аав гар чинь эвдэрчихнэ гээд дүүг барилдуулдаггүй байсан. Би багадаа найман жил такендогийн спортоор хичээллэж байсан нэлээн зодооны талын спортод дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Тэгэхэд аав эхэндээ чи урлагийн хүн бол гэдэггүй байлаа. Аавд цаанаа нэг за энэ нөхрийг чиглүүлнэ дээ гэж боддог байсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг 13 настай байхад “Цахилж яваа гөрөөс” киноны проб авч байна гээд аав өөрөө намайг дагуулж очсон. Тэгэхдээ цаагуураа бол Гаваа ах, Нямхүү ах чинь чамайг дуудаж байна гэж очоод Өлзийхүү эгчтэй ээж, хүү хоёр болж тоглосон. Тэрнээс хойш бараг жил гаран Өлзий эгчийг ээжээ гэж дууддаг байсан юм. Тэгэхэд л би кино гэдэг ямар гоё юм бэ, урлаг гэдэг ямар гоё юм гэж анх мэдэрсэн. Би тэгээд яагаад ч юм спортын хоббитой өөрийгөө олимпийн аварга болно гэж зүтгээд яваад байсан. Монголдоо улсын аварга болчихдог хэрнээ гадагшаа гарахаараа гавидаггүй бүр амжилт олдоггүй. Харин монголдоо болохоороо нэг л их хүн зодсон нөхөр улсын аварга болчихдог, гадаад руу явахаар нүдүүлчихээд ирдэг. Тэгээд 20 настай байхад аав минь нэг өдөр за миний хүү спорт бол залуу насны ажил, нэг л бэртэл авбал дасгалжуулагч л болно гэж хэлсэн. Аав хааяа телевизид ярилцлага өгөхдөө таны мэргэжлийг өвлөж авах хүүхэд байгаа юу гэж асуухаар манай дунд хүү гээд орхидог байсан. Тэгээд нэг өдөр миний хүү СУИС-д Лхасүрэн ахтайгаа уулзаадах гэхээр нь очоод уулзлаа. Тэгсэн Лхасүрэн багш аав чинь чамайг зодолддог, алдаг хятдаг ухааны юм ярьсан. Чи чинь ийм жижигхэн биетэй нөхөр байсан юм уу, тэгээд наад уруул дээрээ сорвитой чи жүжигчин болохгүй мэд үү гэхэд би учраа ойлгохгүй яах гээд байгаа бол гэж бодож байсан чинь найруулагчийн ангид ор мэд үү одоо бүртгүүлээдэх гэж зандрангүй хэлсэн. Тэгэхээр нь би учраа ч ойлгохгүй найруулагчийн ангид очоод бүртгүүлчихсэн юм. Маргаашнаас нь Лхасүрэн багшийн шалгалтын өмнөх сургалт гэж байдаг тэрэнд нь суусан. Нэг мэдсэн чинь урлаг гоё санагдаад, өөрийн мэдэлгүй татагдаад л СУИС-д ороод уусаад орчихсон. Тэр үед юу нөгөө олимпийн аварга болох мөрөөдөл замхран алга болсон байлаа. Тэгээд сүүлд Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход харж би яг ингэж мөрөөдөж явсан хүн шүү гэж тэр үед л нэг тэсэрч хамгийн сүүлд уйлахад миний толгойд орж ирсэн дээ.
-Аавыгаа дагаж явсаар жижиг дүрүүдийг их бүтээсэн байх бүтээсэн дүрийнхээ талаар эргэн сөхвөл?
-Тийм. “Хайрыг хайрла”, “Гарын таван хуруу”, “Цусны үнэр” кинонд Идэр гэж хүүгийн дүр бүтээж байлаа. Тэгээд олон жүжгүүдийн массанд их тоглосон. Ерөнхийдөө дүр бүтээнэ гэж юу байхав массанд л их гүйж явдаг байсан юм.
-Өнөөдрийг хүртэл ямар кинонд жүжигчнээр тоглов?
-“Цахилж яваа гөрөөс” киноноос хойш кинонд дүр бүтээгээгүй. “Ноён солиот” кинонд жоохон хэсэгт ордог юм. Тэрнээс биш кинонд дүр бүтээх хувь зохиол тохиогоогүй. Л.Болдбаатарын дууны клипэнд тоглож байсан. Жүжигчний мэргэжлээр явна гэхээр нэг айдастай байгаад байсан юм. Уг нь жүжигчний мэргэжил сайхан.
-Тэр айдас нь нэлээн их айдас байжээ?
-Үгүй яахав. Оюутан байхад найруулагчийн мэргэжлийн суурь нь жүжигчин болохоор тэмцээн уралдаанд их зохиогддог байсан. Тэр үед “Тв коктейл” хамтлагийн Г.Эрхэмбаяр бид хоёр драмын театраас зохиодог” Шилдэг дүр”-ийн улсын уралдаанд түрүүлсэн юм. Тэгээд хүн болгон студи байгуулж байсан давалгайнд би ч гэсэн студитэй больё гээд гүйж ороод тэр чигтээ зүтгэсэн. Гэхдээ одоо боддог юм ингээд нэг зүйлийн үзүүрээс зуурч аваад тууштай байгаад зүтгээд явахыг багадаа такендогийн тэр зодуур, нүдүүлж байсны ач гавьяа юм болов уу гэж боддог. Би аливаа зүйлээс няцаад, шандраад байдаггүй. Мэдээж манай энэ мэргэжил чинь хүнд.
- Такендогийн спортоор хичээллэж байхдаа ямар амжилт үзүүлсэн юм. Гадаадад ямар улсуудад тэмцээнд оролцож байв?
-Гадаадад их нүдүүлсэн. Нэг өсвөрийн аварга мөн Гонгконг улсад насанд хүрэгчдийн дэлхийн аваргад нүдүүлж байлаа. /инээв/. Бельгид анх Европын “А” зэрэглэлийн тэмцээнд тусгай байрт орсон энэ нь хамгийн том амжилт байгаа юм. Харин монголдоо бол зургаан удаа улсын аварга болсон. Тэр үедээ л олимпийн аварга болно гээд шөнө зүүдэлдэг байсан болохоор такендогийн спортоор хичээллэж байсан үеэ үгүйсгэхгүй. Бэлтгэл хийж байхдаа хөлсөө дуслуулаад зогсож байхдаа олимпийнн аварга болно гэж боддог байсан.
-Уран бүтээлч хүн нэг санаа олчихоод бодоод явдаг. Та дараагийн киногоо бодож эхэлсэн үү эсвэл шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгочоод бодох гэж байна уу?
-Мэдээж сэтгэл ханана гэсэн асуудал байхгүй. Монголын зарим найруулагч нарыг харж байхад 40, 50 нас гаруй үгүй маш их яриад, хүнд сургамж айлдаад, амьдралын бүх зүйлийг туулаад үзчихсэн юм шиг яриад суугаад байдаг. Мөн амьдрал дуусчихаад хүнд сургаал айлдах насан дээрээ очихсон юм шиг зүйл яриад байдаг. Уг нь миний зорилго бол биеэ хаана очиж цуцана тэр болтол ажиллана гэж боддог юм. Тэр биеэ тоох энэ тэр зүйл надад таалагддаггүй. Ер нь бага ярьж их хийхийг хичээж, зорьж явдаг. Тэгээд хийсэн зүйлээ тайлагнах болдог болохоор таньтай ярилцаад суухаас өөр аргагүй болж байна. Харин гадны найруулагч нар 60, 70 нас хүрсэн ч гэсэн киногоо найруулаад явж байдаг жишээ нь, Жеймс Камерун гэдэг найруулагч дэлхийг байлдан дагуулсан киногоо хийгээд явж байна. Хүн өөртөө таалагддаг, өөрөө өөрийгөө шүтээд ирэхээр зогсдог байх гэж боддог.
-Монголын кино урлагийг та өөрийн нүдээр дүгнэвэл?
-Одоохондоо би дүгнэх хэмжээнд хүрээгүй байна. Бүх зүйлийг мэдддэг царайлж, үнэлж дүгнэх маш дургүй. Хожим хойчийн түүх бичигч нар энэ үеийн кино урлаг ямар хөгжилд хүрснийг тодорхойлж, бичиж, ярих байх. Бид нар чинь одоо дотор нь амьдарч байж өөрөө өөрсдийнхөө бүтээлийг дүгнэж бол чадахгүй. Харин маш их өрсөлдөөн бий болсон. Жилд 40, 50 кино нээлтээ хийж байна энэ дундаас яаж онцгойрох уу гэдгийг бодох нь чухал. Тэрнээс биш нэг л их кино хийсэн баатар байгаад байдаг. Гэтэл киног нь хүн үзэхгүй, шатаад ирэхээр энэ кино бол бүтээл юм гэж болохгүй л дээ. Энэ кино хүн ойлгох албагүй, таван жилийн дараа хүн ойлгоноо гэж том том яриад байж болохгүй. Хүн тэрийг нь үзэхгүй байхад чинь киног яах гэж хийдэг юм хүнд зориулж хийдэг. Түүнээс биш өөртөө зориулж кино хийх юм бол тэр бүтээлийг театраар гаргаж олон хүнд үзүүлэх ямар хэрэгтэй юм. Өөрөө л өрөөндөө үзээд өөрийгөө магтаад сууж байг. Хүнд үзүүлэх гэж хийчихээд тэгж тайлбарлана гэдэг бол надад буруу л юм шиг надад санагддаг.
-Таны хувийн амьдралын талаар ярилцаж болох уу. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Хулан та хоёрын талаар их бичдэг?
-Энэ чинь хүний л амьдрал. Янз бүрийн асуудал тулгардаг алаг эрээнтэй байдаг болохоор эхэндээ тийм зүйлүүдэд их эмзэглэдэг байсан. Сүүлдээ аль өнгөрсөн арван жилийн асуудлыг сөхөх юун сонин байдаг юм бол гэж нэлээн гайхдаг юм. Нэг бол манай сонин, сэтгүүлийн сэтгүүлчид мэдээлэлгүй байж байгаад гэнэт өчигдөр олж сонссон зүйлээ бичдэг байх гэхээр аль өнгөрсөн зүйлийг сөхөж ыичдэг. Нийгэм хурдтайгаар урсаж, хөрвөөд байхад энэ Д.Галаа, Т.Хулан хоёрын хаа байсан арван жилийн өмнөх амьдралтай нь холбоод зууралдаад байдгаа ер нь больчихмоор юм. Ганцхан бид хоёрыг ч биш бүх л хүмүүсийг янз янзаар бичиж байна. Одоо бас дураараа хүн доромжилдог хэрэгсэл коммент гэдэг зүйл бий болсон. Нүүр нь харагдахгүй болохоор юу дуртайгаа бичиж болдог. Ерөөсө эмэгтэй хүн бол янхан, эрэгтэйчүүдийг архичин гэж доромжилдог ийм нэг дураараа ханддаг зүйлүүдийг хараад их харамсдаг. Гэхдээ урлагийн хүн болох гэж яваа хүн энэ бүгдийг дааж байж ард нь гарах хэрэгтэй.
-Хоёулаа урлагийн хүмүүс болохоор ойлгоцоход амар байдаг уу?
-Ойлголцолгүй яахав. Сая кино хийхэд эхнэр маань зуны амралттай болохоор надад их дэм болсон. Хоёулаа урлагийн салбарт явж байгаа болохоор маш сайн ойлгоцож, бие биеэндээ дэмжиж явахыг л хичээдэг. Бид хоёр оюутан байхаасаа уран бүтээлээ хамтарч хийж эхэлсэн. Сургуулиа хамт төгсч гараад хамт нэвтрүүлэг хийж байсан. Би чинь Т.Хулангийнхаа улаан фэн нь анх “Чиний эзгүйд” кинонд гол дүрд тоглосон. Тэгэхэд би чинь захын мушгиад сууж байлаа.
-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
Зочин · 2013/11/16
Ex ehneree yrisangvi.hulan ta 2 oyunaagiinhaa araar ywaad bdag bsan heregvv
Зочин · 2013/10/16
Ooriigee yasan daruuhan ,busdiig yasan doord uzdeg amitan ve, Bolovsrol nemgen baij bas hunii ug sonsoh durgui amitan baih n...