Таван толгойн нүүрсний ордоос “Гашуунсухайт”-ын боомт хүртэл урт цуваа үүсгэсэн нүүрсний машинууд. Өндөр чанарын коксжих нүүрсийг их хэмжээгээр гаргах улайрлаас болж хүнд даацын тэрэгнүүд осолдох болжээ. 2016.9.12-ны өдөр.

Таван толгойн Зүүн Цанхиас Гашуун сухайтын боомт хүртэл 70-80 тоннын даацтай нүүрс ачсан машинууд эгнэж байна. Оргил үедээ 30 км хүртэл урт цуваа үүсгэж буй энэ хүнд даацын машинуудад ачсан өндөр чанарын коксжих нүүрсний тонн нь 27-хон ам.доллар. Дэлхийн зах зээл дээр, тодруулж хэлбэл, Хятадын далайн боомт дээр 190 ам.доллар хүрч “галзуураад” багагүй хугацаа өнгөрсөн коксжих нүүрсийг зургаа, долоо дахин хямд үнээр тээвэрлэж байгаа нь энэ. Ханш нь огцом өссөн нүүрсийг Таван толгойгоос ийм хямдхан ачиж байгаа учраас 2000 орчим хүнд даацын машин хоёр, гурван км-ийн урт цуваа үүсгэж уралдан зөөхгүй гээд яахав. Товчхондоо, Таван толгойн нүүрс олборлолт, тээвэрлэлт, худалдан авалтыг хятадууд хариуцаж байна. Таван толгойн олборлогч нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCo”. Худалдан авагч нь Хятадын төрийн өмчит “Чалко” компани. Харин тээвэрлэгч нь “Винсвэй”. Хар үгээр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс авч цааш нь дамладаг компани. Мөн л Хятадын компани. Өндөр чанарын коксжих нүүрсний арвин нөөцтэй энэ ордын зөвхөн тусгай зөвшөөрөл л Монгол Улсын нэр дээр байна.

Дэлхийн зах зээлийн ханшаас зургаа, долоо дахин хямд нүүрсийг Таван толгойн Зүүн Цанхиас тээвэрлэж байгаа “Винсвэй” компанийн ашиг энэ оны эхний хагас жилд эрс нэмэгджээ. Компанийн хагас жилийн тайлангийн мэдээллийг сонирхъё.

“Винсвэй” энэ оны эхний хагас жилд “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компаниас хоёр сая орчим тонн нүүрс худалдан авчээ. Борлуулалтын үнээ тонн тутамд 475 хонгконг доллараас 495 хонгконг доллар болгон нэмэгдүүлээд авч. “Эрдэнэс Таван толгой”-гоос худалдаж авсан нүүрсний үнийн өөрчлөлт нь харин эсрэгээрээ. 410 хонгконг доллараас 296 хонконг доллар болтол бууруулчихаж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч байхад зууч компаниуд “Эрдэнэс Таван толгой”-гоос авах үнээ бууруулж, ашгаа нэмэгдүүлж чадсан гэсэн үг.

Тайланд нь дурайж буй тоонуудаас “Винсвэй”-н цэвэр ашгийг гаргаад ирэх тийм ч хэцүү биш. “Винсвэй” нүүрс авч, цааш дамласнаараа цэвэр ашгаа тонн тутамд ойролцоогоор 17 ам.доллар болтол нэмэгдүүлж чаджээ. Ердөө хагас жилийн дотор Таван толгойн нүүрснээс 35 сая ам.долларын цэвэр ашиг олсон гээд ойлгочихож болно. Энгийнээр хэлбэл, Таван толгойн нүүрснээс олох ашиг иргэн бүртээ 21 мянган төгрөг тараах гэж “Чалко”-гоос зээлсэн өрөнд биш “ченж” компанийн халаасанд орж байна.

Коксжих нүүрс цаанаа л тийм өндөр үнэтэй болохоос биш наанаа хямдхан байгаа, хилээс цааш далайн боомт хүртэл тээвэрлэлтийн зардал гэж том юм бий гэсэн нухацтай, албаны тайлбарууд сонсогдож байгаа. Тодруулж хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”-н борлуулалт хариуцсан захирал "27 ам.долларын үнэ гэдэг бол ямар ч зардал шингээгүй, уурхайн аман дээрээсээ зарж буй ханш. Тийм учраас зах зээл дэх эцсийн үнэтэй харьцуулж болохгүй” хэмээн ярьсан удаатай. Монголын экспортын гол зах зээл болсон үйлдвэрүүд коксжих нүүрсийг тийм хямдхан аваад байна уу, үгүй юу гэсэн асуултын хариуг “China coal resource”-ийн шинжээчдийн мэдээллээс харъя. Бугатын гангийн үйлдвэрүүдийн бүс нутагт Таван толгойнхтой ижил чанарын угааж баяжуулсан нүүрс одоогийн байдлаар 123 ам.долларын үнэлгээтэй байна. Бугат хүртэлх тээврийн болон холбогдох бүх зардлыг шингээгээд шингээгээд "Эрдэнэс Таван толгой"-н коксжих нүүрсээ зарж байгаа эцсийн үнэ дээд тал нь 82 ам.доллар л хүрч байна.

Таван толгойн нүүрс Бугатын зах зээлд хүрэх үнээ дор хаяж тонн тутамд 30 ам.доллараар нэмэгдүүлэх бодит боломж байгаа юм билээ. Гэтэл өнөөдөр тэр ашгийг нь дундын зууч хятад компаниуд хүртэж байна.

Таван толгойн зүүн Цанхийн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл 70-80 тоннын даацтай ачааны машинууд дээд тал нь 30 км урт цуваа үүсгэн коксжих нүүрсийг урд хөрш рүү зөөж байна. Дэлхийн зах зээл дээр 190 ам.долларт хүрсэн коксжих нүүрс Таван толгойн ордоос 27-хон ам.доллараар гаргаж байгаа учраас ийн урт цуваа үүсгэжээ.

2016.09.12-ны өдөр Өмнөговь аймаг. Таван толгой

"Эрдэнэс Таван толгой”-н хямдхаан зарж байгаа коксжих нүүрсний мөнгө “Чалко”-гийн өрөнд бодитой суутгагдаж чадаж байгаа болов уу гэдэг дээр дахиад тоо бодъё. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний тонн тутмын үнэ нь 27 ам.доллар. Энэ оны эхэнд бид “Чалко”-д 120 сая ам.долларын өртэй байсан. Харин одоо бидний өр 110 сая ам.доллар болсон. Хагас жилийн турш 10-хан сая ам.долларын өрөө л барагдуулаад байгаа. Арван сая ам.долларын өрөө дарсан зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Таван толгой”-н зарсан нүүрсний хэмжээ 3.2 сая тонн. Хуваах үйлдэл хийгээд харахаар зүүн Цанхиас ачиж байгаа нэг тонн нүүрс тутмаас ердөө гуравхан ам.долларыг л “Чалко”-гийн өрөнд суутгуулдаг болж таарч байна. Бусад нь олборлолтын зардал нэрээр Хятадын TTJVCо компанийн халаасанд орж байгаа гэсэн үг. Тодруулж хэлбэл, бид дэлхийн зах зээл дээр аль хэдийнэ моодонд орчихсон коксжих нүүрсээ зарсан мөнгөний аравхан хувийг өрөндөө суутгуулж байна. Иймэрхүү маягаар өрөө барагдуулсаар аж төрнө гэвэл 110 сая ам.долларын өрийг барагдуулахад дор хаяж 5-6 жил шаардлагатай. Энэ зуур Цанхийн хамаг сайн чанарын нүүрс зөөгдөж дуусна гэж нүүрсний салбарынхан аль хэдийнэ анхааруулаад эхэлчихсэн.

ТАВАН ТОЛГОЙН КОКСЖИХ НҮҮРС ЯАГААД ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАХ БОЛОВ?