Орших, эс оршихуйн зааг дээрх АН
2016/09/23
АН АНд үнэхээр ирээдүй харагдахаа больчихлоо. Энэ нам цаашдаа орших, эс оршихуйн зааг дээр байна. Үүнийг ганц сэтгүүлч миний бие хэлээд байгаа юм биш. Энэ намд харьяалагддаг, төдийгөөс өдий хүртэл үзэл бодолдоо үнэнч явж ирсэн партизануудаас авахуулаад жирийн гишүүд дэмжигчид нь хүртэл ам уралдан ярих болов.
Байгуулагдсан цагаасаа намын их хурлаа хийгээгүй, хэдхэн хүний халаасанд орсон энэ намын хувь заяа хэрхэн эргэхийг сонирхож байгаа олон хүн бий. Тэр дундаа сонгуульд навс ялагдчихаад байгаа энэ эмзэг үе нь тэдний цаашдын зам мөрийг тодорхойлох учиртай. Гэтэл ҮЗХны хурлыг гурван ч удаа зарлаад хуралдуулж чадсангүй. Гол асуудал нь энэ хурлаар намын шинэ даргыг сонгох учиртай юм. Гэвч толгойд нь байгаа хэдэн нөхрийн эрх ашиг олонхийн хүслээс төө өндөр учраас массын хүслийг нухчин дарсаар намынхаа дээд шатны хуралдааныг ийнхүү хуралдуулж хүчрэхгүй байна. Эцсийн дүндээ нам доторх бүлэглэл, фракцууддаа дэгээдүүлж ирсэн энэ нам өнөөдөр ч хүлээснээс гарч чадахгүй байна.
Намынхаа эсрэг дуугардаг, бодлогоо дэмждэггүй, дарга болохоос өөр туйлын хүсэлгүй хэдэн кадрынхаа дэвийг дарж чадахгүй байсаар амь тавих магадлал өндөр байна. Нам дотор өрнөж буй процесс, дарга нарын ахин дэвших их шунал намыг нам биш болгож байгаа талаар амтай бүхэн ярьж байна. Тэдний төлөөлөл болгож, цөөн хүний байр суурийг хүргэе.
“АН БАГА ХААДЫН БУТРАЛЫН ҮЕ ШИГ ШАТАНДАА ЯВЖ БАЙНА” /АН-ын гишүүн, ардчилсан хувьсгалын партизануудын нэг Л.Бямбажаргал/
-АН дотооддоо асуудлаа хэлэлцэхээ больчихсон учраас Ардчилсан хүчний холбоо гэдэг нэг хэсэг нь зугаалга хийгээд, “Алтангадас” гэх нэг хэсэг нь энд тэнд очиж, жимс түүгээд, нөгөө хэсэг нь АПУ-гийнхан, Зүүн хойд Ази гэхчлэн бүлэглэл болгон өөрийнхөө хүчийг зузаалаад байна.
Сая АН-ын ялагдлын шүдэнзийг зурсан хүн нь манай З.Энхболд шүү дээ. Фракцуудтай тохироо хийгээд хоёрын хооронд шантаажны хүмүүст жаахан юм амсуулаад байгаад байсан. Тэр бол Н.Алтанхуягийн буруу. З.Энхболд бол талыг нь өөртөө авчихаад, би олонх байна гээд нөгөө талыг нь хаячихсан. Тэр нь Н.Алтанхуягаасаа ч дор, бүр буруу. Одоогийн фракц гээд байгаа нөхөд хаа нэг газар цуглаад эсвэл аль нэг мөнгөтэй хүн нь хэдэн төгрөг тарааж өгөөд намын удирдлагад юмуу эсвэл тодорхой асуудлаар шантааж хийдэг, ийм юмыг л фракц гэж нэрлээд байгаа юм. Сонгууиас хойш хэчнээн ч байгууллага бий болчихсон юм.
Нэг хэвлэлийн хурал хийхээрээ ахмад зүтгэлтэн, залуучууд гээд бүлэг бүлгээрээ, дов жалгаараа дуугарч байна. Ил тод бүлэглээд бариад уулзаж байгаа нь нэг хэсэг. Энд тэнд амралт зугаалгаар явж уулзаж байгаа өөр хэсэг байна. Монголын түүхээр бол нөгөө бага хаадын бутралын үе шиг нэг тийм шатандаа явж байна л даа.
“ЭРХ МЭДЭЛД БЯЛУУРСАН ХЭДЭН НӨХӨР АН-ЫГ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ АВЧИРСАН” /АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ж.Намсрай/
-Нам дотор байгаа олигархижсан бүлэглэлийг огцруулж болох юм гэж бид ярилцаад байгаа. Ер нь манай нам удирдлагагүй болсон. Их хурлаа хийж чадалгүй арваад жил болж байна. Сүүлийн хэдэн жил ҮЗХ-гоо ч хуралдуулж чадахаа больсон. Уг нь ҮЗХ хуралдах бүрэн бололцоотой байгаа. Улс эх оронд байгалийн гамшиг ч юмуу давагдашгүй хүчин зүйл бий болсон биш, олонх гишүүн нь нийслэл хотод байна.
Хуучнаа бодвол бүгд зав чөлөөтэй болсон. Тиймээс ҮЗХ-г цаг хугацаанд хуралдуулах бүрэн бололцоотой байгаа. Ерөөсөө л албан тушаал, эрх мэдлээ булаацалддаг. Фракц, олигарх хоорондын тэмцлээс болоод удаа дараа хуралдаж чадахгүй хойшлуулж байгаа. Хэн нь намын дарга болох вэ гэдэг тохироогоо л хийж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар манай намын шат шатны байгууллагууд буюу аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороод бүгд хоёр салчихсан байгаа.
Өөрөөр хэлбэл, одоогийн хууль бус олигархиудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг хэсэг. Зөвшөөрдөг буюу тэдний гар хөл болсон, бэртэгчингүүд гэсэн хоёр хэсэг бий болсон. Үнэндээ манай намын удирдлага гэх нэртэй олигархижсан бүлэглэлүүд намынхаа гишүүдийн дуу хоолойг ерөөсөө сонсохоо больчихсон. Зөвхөн өөр хоорондоо л эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран зүтгэдэг болсон учраас хүлээж авахгүй байна л даа.
“З.ЭНХБОЛД ДАРГА АН-ЫГ АРДЧИЛСАН ЗАРЧМААС ШАТ ДАРААТАЙГААР УХРААСАН” /УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл/
-ҮЗХ-ны хурлыг хойшлуулсныг зохистой шийдвэр гэж харахгүй байгаа, би хувьдаа. Аливаа намын дотоод ардчиллыг товлосон цагтаа хурлаа хийж чадаж байна уу, ардчилсан аргаар хийж чадаж байна уу, олонх нь шийдвэрээ гаргах эрхэнд цөөнх нь халдахгүй байж чадав уу гэдгээр хэмждэг.
Үнэнийг хэлэхэд, манай Ардчилсан намын дотоод ардчилал асуудалд орсныг хэд, хэдэн удаа хойшлуулсан ҮЗХны хурал харууллаа. Манай дарга нар дарангуйлагч дүр төрхийг олоод ирэнгүүт олон нийт айгаад эхэлж байгаа. Тийм учраас Ардчилсан нам гишүүдийнхээ шаардлагыг сонсдог, хурлаа хуралдуулж чаддаг, гараа өргөөд асуудлаа шийдэхээс айхгүй байж чаддаг дүр төрхөндөө буцаад орох хэрэгтэй байна. Би хувьдаа өөрийгөө лидер гэж бодож байгаа хүн хаан шиг бусдад бодлоо тулгахыг л тэвчдэггүй. Хүн болгон өөрийнхөө үгийг чөлөөтэй хэлээд намынхаа шийдвэрт нөлөөлөөд тэр хүн өөрөө намаа өөрчилж чаддаг байх нь гайхамшиг. Харин тэр процессыг алга болгох нь ардчиллын эсрэг үйл хэрэг юм.
З.Энхболд дарга бол ардчилсан зарчмаас шат дараатайгаар Ардчилсан намыг ухраасан л даа. Нөгөө талаар хэрвээ би З.Энхболд дарга байсан бол намын даргаас огцрох мэдэгдэл хийснийхээ маргааш өдөр л өргөдлөө бичээд намынхандаа өгчих байсан. Ард түмнийхээ нүдэн дээр огцорлоо гээд хэлчихдэг атлаа “Намынхныхаа нүдэн дээр өргөдлөө өгөөгүй” гэж тоглодог болсон. Ер нь ч өөрөө ардчилсан удирдагч болж төлөвшөөгүй юм байна гэдгээ сая намыг удирдахдаа харууллаа л даа.
“ФРАКЦЫГ ЭРХ АШГИЙН НЭГДЭЛ БОЛГОСОН НЬ БИДНИЙ АЛДАА” /УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат/
-Намын дүрмийн шинэчлэлийн анхны хувилбарыг зургаан жилийн өмнө хийсэн. Зургаан жил хийхдээ хоёр удаа орон нутгийн намын байгууллагаар хэлэлцүүлсэн. Өнөөдөр намын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. ҮЗХ-ны хуралдаанаар Их хуралд оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байна. Хугацаа хангалттай.
Ажлын хэсэг ажиллаад ирэх арванхоёрдугаар сарын 6-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлуулна. Ингэснээр хуучин ҮЗХ шинэ дүрмийнхээ хүрээнд татан буугдана. Бүх зүйл цоо шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. Шинэчлэл хөрсөн дээрээсээ ургах ёстой. 16 жилийн дараа Ардчилсан нам хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурин дээр байгаа. Муугаар ярих юм бол АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Сайнаар ярих юм бол АН долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэж ярьдаг. Би сүүлийнхтэй нь санал нэгддэг. АН бол ард түмний дундаас бий болсон, үндэсний хэмжээний нам. Нийт иргэдийн 35 хувь нь багтдаг нам.
Тийм учраас тэдний санал бодол оролцохгүйгээр задарна, тарна гэдэг ойлголт байхгүй. Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан уу гэвэл байсан. Сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлсөн. Алдаагаа давтахгүйн тулд манай шинэчлэгчид арай өөр байр сууринаас хандах ёстой гэж хэлж байгаа юм.
М.Өнөржаргал
Munkhuu · 2016/09/24
Ardchillin nereer ovogloson muu hulgaich luivarchid ene chigeeree suirch dampuurch alga bolj zailval taarna.ed hezee ch uls orniig udir.daj avch yavj chadahgui.dahij olon tumen bidend gai bololgui tarj butarval zohiltoi
АН-ын партизан · 2016/09/23
Олигархуудын хэвлэл үнэнийг бичихгүй байна. Харин үнэн сонин л ардчиллын дуу хоолой болж байна. Баяр хүргэе.
Зочин · 2016/09/23
Үнэн сонин АН-ын төлөө санаа зовоод үхэх гэж. Тайван бай тэд засарна
Зочин · 2016/09/23
Ханатлаа идэж уулаа баялгаа гадныхантай нийлж нууц олон хувилбарт гэрээний дор ашгаа гадагшаа авч офшортон болцгоосон ард тумнээ граммын амьдралд оруулж хуулийн дарангуйлал бий болгож Терее улсын телее биш баялгийн эзэн болж баяжихын телее булаацалдаж гаднын херенге оруулагчидыг дайжихад хургэсэн эцэст нь баялаг гадныхны мэдэлд ороод дуусах нээ АН г уг нь ард тумэн Маш их дэмжиж итгэж байлаа
Зочин · 2016/09/23
nice