Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжилж байна. Энэ хурлаас гарах шийдвэр төслийн ирээдүй хийгээд манай улсын цаашдын хөгжилд чухал нөлөөтэй. Гэвч асуудал мундахгүй их байна.

Манай Засгийн газрын зүгээс төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ямар учраас нэмэгдсэн, яагаад ТЭЗҮ-г зөрчив гэх мэт олон асуудлыг тавьсан байгаа. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртэл “Рио Тинто” компани Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна манай улсын хууль дүрмийг зөрчиж ирсэн талаарх баримт бий. Тухайлбал монгол ажилчид гадаад ажилчдаас 10-20 дахин бага цалин авдаг, Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаас олон тооны гадаад ажилчин ажиллуулдаг, санхүүгийн тайлангаа холбогдох байгууллагуудад шалгуулдаггүй, төслийн ханган нийлүүлэгчээр дотоодын компаниудыг ажиллуулдаггүй зэргээр дурьдвал олон зөрчил илэрч байгаа. Тийм ч учраас манай Засгийн газар хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хууль дүрмийг дээдэлж ажиллахыг сануулсан юм.

Харин хөрөнгө оруулагчид төсөл эхлэхээс өмнө урьдчилгаа хэлбэрээр өгсөн 250 сая ам.долларыг эргүүлэн төлөхийг манай Засгийн газраас хүссэн юм. Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн Хувь нийлүүлэгчдийн хурал түр завсарлаад хоёр хоногийн өмнө оролцогч талууд дахин уулзалтын ширээний ард суусан. “Рио Тинто” компани 250 сая ам.доллараа энэ жилээс төлж эхлэхийг шаардаж байгаа бөгөөд манай улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ баталчихсан байгаа учраас энэ мөнгийг ирэх оны төсөвт суулган шат дараатайгаар төлж эхэлнэ гэсэн хариуг манай ажлын хэсгийн гишүүд өгсөн юм. Хөрөнгө оруулагчид энэ саналыг юу гэж үзэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн хөрөнгө оруулагчид Оюутолгой төслийн санхүүжилтийг батлахыг хүсч байгаа. Төслийн хөрөнгө оруулалтыг батлах асуудлыг манай талаас нухацтай судалж байгаа гэсэн. Учир нь хөрөнгө оруулагчид өмнө нь бидэнд хэлэлгүйгээр анхны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж төслөөс ногдол ашиг авах хугацааг маань хэргээр хойшлуулсан юм. ТЭЗҮ-д заасан байсан анхны хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр тэрбум ам.доллараар буюу 7.1 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Цаашлаад төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж 24.4 тэрбум ам.доллар болгосон байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг батлахын өмнө анхны бүтээгдэхүүн гарах хүртэлх хөрөнгө оруулалтын хэмжээ болон төслийн нийт хөрөнгө оруулалтыг ямар учраас нэмэгдүүлснийг тодруулахаар ажиллаж байгаа.

“Одоогийн байдлаар хувь нийлүүлэгчдийн хурал үргэлжилж байгаа учраас талууд ямар асуудал ярилцаж байгаа болон хурлын явцын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Ямартай ч хурал ширүүн уур амьсгал дунд үргэлжилж байгаа бөгөөд талууд өөрсдийн байр суурийг хатуухан илэрхийлж байгаа аж.

Хувь нийлүүлэгчдийн хуралтай зэрэгцээд иргэн С.Гантуяагийн “Оюутолгой” компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд хэлэлцэж өнгөрсөн лхагва гарагт тус компанийг эрх зүйн хувьд алдаа гаргасан гэж үзсэн. Ингээд С.Гантуяаг хуулийн үндэслэлгүй ажлаас нь халсан гэж үзэж түүнд нөхөн олговор олгох мөн нийгмийн даатгалыг төлөх үүргийг “Оюутолгой” компанид өгсөн аж. Гэхдээ долоо хоногийн дараа гарах шүүхийн шийдвэрээр тус компанид ямар хариуцлага ногдуулах нь тодорхой болох юм. Шүүх хурал өмнө нь гурван удаа хойшилсон бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш дөрвөн сарын дараа шийдэгдэж байна. С.Гантуяа “Энэ бол ганцхан миний ялалт биш. “Оюутолгой” компанийн бүх ажилчдын ялалт юм. Би энэ компани дахь монгол, гадаад ажилчдын цалингийн зөрүүг арилгах хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө ажлаасаа халагдсан. Гэтэл тус компаниас намайг “Оюутолгой” компанийн талаар нийгэмд буруу зөрүү ойлголт өгсөн гэсэн. Буруу зөрүү ойлголт гэж юуг хэлээд байгаа юм бэ. Би үнэнийг л хэлсэн шүү дээ. Ер нь “Оюутолгой” компани манай улсын хууль дүрмийг мөрдөж ажилладаггүй, асуудалд өөрсдийн тааллаар ханддаг гэдэг нь харагдаж байна шүү дээ” гэв. “Оюутолгой” компани энэ шүүх хуралд оролцохын тулд манай улсын урьдаа барьдаг чадварлаг өмгөөлөгч, хуульчдыг хөлсөлсөн байсан. Нөгөө талаас С.Гантуяагийн өмгөөлөгчөөр Н.Наранбаатар, н.Анхзаяа нар ажилласан юм.

Ямартай ч “Оюутолгой” компани буруутай гэдгийг шүүх тогтоочихлоо. Шүүх хурлаар С.Гантуяагийн “үндэслэлгүй ажлаас халсан” гэсэн гомдлыг хэлэлцсэн учраас энэ хүрээнд л шийдвэр гарсан. Харин гадаад болон монгол ажилчдын цалингийн зөрүүг арилгах асуудал шийдэгдээгүй байгаа. Манай улсын нэгдэн орсон гэрээ, конвенциуд цаашлаад Хөрөнгө оруулалтын гэрээнд ч ижил тэнцүү ажил эрхэлж байгаа хүмүүст ижил цалин олгоно гэсэн заалт байдаг. Гэтэл одоо монгол ажилчид гадныхнаас 10-20 дахин бага цалин авч байна. Монгол ажилчин тэнд 1500 ам.долларын цалин авч байхад гадаад ажилчин 30 мянган ам.доллар авдаг. Иймд энэ зөрүүг яаралтай арилгах шаардлагатай. Хөдөлмөрийн яамны сайдын тушаалаар “Оюутолгой”-д шалгалт хийхээр очиход компанийн ажилчдын цалингийн цэс болон бусад холбогдох материалыг үзүүлэхээс татгалзсан байсан. Мөн тэд үүнийгээ “Иргэн С.Гантуяатай үүссэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж дуустал үзүүлэх боломжгүй” гэж том толгойлж байв. Нэг ажилчинтайгаа үүссэн маргааныг улсын хэмжээний асуудалтай хутгаж байгаа нь утгагүй хэрэг. Гэхдээ С.Гантуяатай үүссэн хөдөлмөрийн маргаан нь нэг тийш болсон учраас одоо тус компанийн цалингийн цэс болон монгол, гадаад ажилчдын цалингийн зөрүүний асуудлыг хөндөх боломжтой болж байна. С.Гантуяа “Шүүх хурал дууссан учраас Хөдөлмөрийн яаманд дахин хандана. Гадаад, монгол ажилчдын цалингийн зөрүүний асуудлыг салбарын яам нь удахгүй шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Н.Санжаасүрэн