Өнөөдөр 2013 оны гу­рав­­дугаар сарын 1.  Яг  92    жилийн өм­нөх энэ л өдөр МАХН үүсэн бай­гуу­лагд­­санаар монгол­чууд “Н­а­­раа дагавал даарахгүй, нам бараадвал алзахгүй” гэд­гийг яс махандаа шин­гэ­тэл ойлгосон түүхтэй.

Да­лан жил “энхрий хайрт” МАХН-аа хошууран дагаж, уриа лоозонг нь хоолойгоо цахирттал  хашхиралдаж  яв­сан  түү­хийн дамшиглал 20 жи­лийн өмнө замхран алга болж, “нам бараадсанаас най­маа хийсэн нь өлзийтэй” гээд хэсэг пижигнэлдсэн.   



Тэгж байтал хэрэг биш­дэж “шуудайд хийсэн үх­­рийн эвэр” шиг  баахан нам, лам нар гарч ирээд монгол­чуудыг  дахиад л са­лаа за­мын уулзварт аваа­чаад хая­чих­сан билээ. Тэгээд яах вэ дээ. Эрүү өвдөг нь нийлж, ухаан санаа нь орон гаран болсон  чавганц нар  шиг олон намыг даган гэлдэрцгээсээр өнөөдрийн шаргал өглөөтэй золгоод байгаа минь энэ.

 

Өнгөрсөн 20 жилд нараа даган нүүдэллэсэн ард түм­ний олонх нь зарим үед осгож үхчих шахан зут­­руухан амьдарсаар өнөө­дөртэй золгоод байгаа бол нам дамжин наймаалцсан тоотой хэдэн улстөрчид нь Монголд багтахгүй болтлоо баяжин хөлжиж, хагартлаа таргалцгааж, эхнээсээ дэлбэ үсрээд эхэлсэн. За энэ ч дүүрсэн хэрэг.



Өнөөдөр чинь “Эх орончдын өдөр” гэж байгаа. Ер  нь  ингэхэд эх орон хаа­наас эхэлдэг юм бол. Зөв­лөлтийн үеийн “Илд бамбай” хэмээх тагнуулч офицерын тухай  нэг сайхан кино байдаг. Тэр киноны дууг сонсохоор эх орон чухам хаанаас эхэлдэг нь нүдэнд харагдах шиг л болдог. Харин манай улстөрч, эрх мэдэлтнүүдийн  ихэнхийнх нь хувьд эх орон нь их л өөр зүйлээс эхэлдэг бололтой юм билээ.



Жил бүрийн шинэ жилээр “Эх оронч төрийн түшээ” энэ тэр гэсэн баахан цол, өргөмжлөлд даруулдаг өнөө хэдэн нөхөр өнөөдөр Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнгөө амаа цууртал “Эх орныхоо төлөө” гэж хашхиралдаж таарна.

 

Тэдний дундаас Монгол төрийн нууц бичиг баримтыг хоёр хөршийн тагнуулын албанд зарсан, бүхэл бүтэн аймгийг газар нутаг, хүн ардтай нь гурав дахь орны хөрөнгөтнүүдэд хэдэн үеэрээ идээд барахгүй ногоон мөнгөөр  зарсан лай ланчгаа эдэлж суугаа “эх оронч”-ид ч төрөн гарцгаасан.



Өнөөдөр гэм зэмгүй малилзаад явцгааж байгаа ч Монголчуудыг  хэдэн үеэр нь тэжээх асар их нөөцтэй Оюу толгой, Таван толгойг хуйвалдаад зарчихсан байж ч магадгүй  “эх оронч”-ид таахалзтал алхаж л яваа. Зарим нэг нь “дээлээ толгой дээгүүрээ нөмрөх”-өөсөө урьтаад тив алгасаж, далай даваад зугатчихсан гэж байгаа.

 

Маргааш, нөгөөдөргүй зугтах санаатай байсан бол эд хөрөнгөө ийш тийш нь бултуулан шилжүүлж, өдөр шөнөгүй нүгэлт хэргүүдээ цайруулах гэж дээр дооргүй амь тэмцэн гүйлдэж байгаа цагаан захтай “эх оронч”-ид цаагуур чинь чухам  дүүрэн байгаа. “Эх орончдын өдөр”-ийн тухай бодол нэг иймэрхүү.

 

Тамхи таван нас, архи арван нас

Өнөөдөр Монголчуудын хувьд эрүүл амьдарч, саруул ухаанаар хорвоог туулахын тухайд ёстой л “Дашням, Балжинням” тэр ч байтугай “Бат-Эрдэнэ, Сүхбат” давхацсан өдөр гэж байгаа юм. Учир нь өнөөдрөөс Тамхины хяналтын тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Одоо жишээ нь автобусны буудал дээр тамхи баагиулж зогсох юм бол газар дээрээ 50 мянган төгрөгөөр торгуулна гэж байгаа.

 

Ресторан, баар, албан газрын контор, адаглаад л байрны орцонд амандаа тамхи зуусан харагдах л юм бол 50 мянган төгрөгнөөсөө сайн дураараа сална л гэсэн үг. Аятайхан байгаа биз. Учир иймд гудамжинд тамхи ширхэглэн зардаг авгай нар өнөөдрөөс тамхи зарах гэж бацаануудыг царайлчлан харах биш, тамхи зуусан болгоныг дарга, цэрэггүй барьж өгөөд 5000 төгрөг халааслаад байх хэрэгтэй.

 

Автобусны жолооч нар дуртай цагтаа тамхи баагиулсан шигээ, дургүй нь хүрвэл гэнэтхэн тооромсоглож манийхаа  нугасыг тасалчих гэж дээрэлхээд байдаг үзэгдэл өнөөдрөөс түүх болж үлдэнэ. Одоо харин мань мэтийнхэн нь тэднийг захиргаадаж, бүхээгтээ тамхи зуусан харагдах л юм бол цагдаад хов мэдүүлэн барьж өгөөд, хоолных нь хэдээс зулгаах  хууль хэрэгжээд эхэлнэ. Үгүй мөн зугаатай хэрэг шүү.

 

Хүнс шиг хүнсний тухайд

Өнөөдрөөс эхлээд өндөг, хиаманд хордоод мажийчих  шахдаг хүнсний аюулгүй байдал гээч нь хуулиар хамгаалагдаж, өндөгөнд хордох нь байтугай  өндөг нэг бүрийг угаан цэвэрлэж, гялалзтал нь арчиж зүлгээгүй бол хүнсний захын худалдагч хүүхэнтэй “ясаа цайтал” заргалдаж болно. Мөн үйлдвэрээс гараад нэг хоносон талхыг  сүүний фермийн үнээнд өгч, дэлгүүрийн лангуун дээр гурав хоносон боорцгоор гахай бордвол зохино.



Хиам, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нөхөд  зөвхөн тарган хонины махыг сайтар амталж, сүүлнийх нь өөхөнд ороосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгч олонд нийлүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл мах, махан бүтээгдэхүүн нь Монгол хүний хүнсний  гол хэрэглээ учир Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд  нийцүүлэн зөвхөн  дээд ангилалд үйлдвэрлэх ёстой.



Цагаан идээ худалдаалдаг хүнсний захын хүүхнүүд  ааруул, ээзгий нэг бүрийн арчлалт хамгаалалт, ариун цэврийн байдалд дээд зэргийн анхаарал хандуулж байнга арчиж, зүлгэж байх нь тус хуулийн заалтад нийцнэ. Хэрэв өчүүхэн төдий хөгц, мөөгөнцөр илрэх л юм бол тухайн захыг битүүмжлэн хаах хүртэл арга хэмжээ авахыг Улаанбаатар хотын захирагч, улсын баатраас шаардах эрхтэй. Яагаад гэвэл өнөөдрөөс эхлэн УИХ-аар хэлэлцэн баталсан Хүнсний аюулгүй байдлын тухай  хууль хэрэгжиж эхлэх учир хэрэглэгч та бид “хаан” болсон л гэсэн үг.

 

Секундыг яс тооцно

Яг өнөөдрөөс эхлээд үүрэн телефоны операторууд та бидний өөр хоорондоо ярьсан ярианы төлбөрийг яг таг секундээр тооцож эхэлнэ. Одоо бол хуучин шиг амар мэндээ мэдэлцээд л утсаа таслахад  хоёр, гурван зуун нэгж унаад байдаг аймшгийн үе ард хоцорсон шүү нөхөд минь. Өнөөдрөөс эхлээд утсаа залгасан л бол цагаа харж хэдэн секунд гүйж байгааг яс, тас тоолоод байх хэрэгтэй.

 

Хэрвээ 10 секунд л илүү унасан байх юм бол Мобиком, Скайтель, Юнитель, Жи-мобайлтай  зад шүүхдэлцэх ёстой. Одоо ч тэгж хохирч, дарлуулж байдаг үе өнгөрсөн шүү хө. Өнөөдөр чинь уг нь “Баасан ах”-ын төрсөн өдөр гэж байдаг. Гэвч “Баасан ах”-ыгаа гомдоож л таарах нь дээ. Яагаад гэвэл өнөөдөр гуравдугаар сарын нэгэн, сарын эхний өдөр.

 

Дуртай дэлгүүртээ орж шилтэй цэнхрийг хэд гурваар нь цүнхлээд гарна гэвэл “nо” шүү дээ. Аль нэг ресторанд ороод захын ширээнд нь суугаад бушуухан 100 татчихна гэж санасны ч гарз. Тийм шүү нөхөд минь. Өнөөдөр “Баасан ах” байхгүй. Харин зүгээр баасан гараг гэвэл шударга ёсонд нийцнэ. Аа тийм. Монголчуудын  таван хүний нэг нь болсон оюутнуудын хувьд  өнөөдөр хэдийгээр “Баасан ах” байхгүй ч бас л тэмдэглэлт, баярын өдөр.

 

Учир нь тэд өнөөдөр хамгийн баян, хамгийн их мөнгөтэй хүмүүс гүйлдэж яваа. Яагаад гэвэл тэд сар бүрийн 25-наас 70 мянгаа авч цулайцгаадаг. Одоохондоо тэдний халаасанд дор хаяж 30 мянга нь байх л учиртай. Тэгэхээр тэдэн шиг баян хүмүүс өнөөдөртөө цөөхөн байж таарна. Эцэст нь өнөөдөр Монгол Улсад “Үндэсний сэтгүүл зүй” үүссэний түүхт 100 жилийн ой тохиосон билэгт сайн өдөр.

 

Дөрөв дэх засаглалынхны хувьд бас л нижгэр том баяр яах аргагүй мөнөөс мөн. Даанч гашуун, нясуун юм байхгүй шүү  нөхөд өө. Зүгээр сайхан “Гоё” хоормог хэдийг авч уугаад ганц тоорт тойруулчих хэрэгтэй. Тэгээд  тамхины утаагүй өрөөндөө өглөөний шинэхэн талхан дээр хонины тарган махаар хийсэн хачин амтлаг хиам тавиад подхийтэл даруулаад идчихээрэй.

Өнөөдөр чинь ер нь яасан ч сайхан өдөр вэ дээ.