“Баривчиллаа”, “Баривчилна”, “Эрүүгийн хэрэг үүсгэлээ”, “Шалгаж байна” гэсэн үгс олон нийтийн мэдээллийн хэрэгслээс салахаа байв. Юу болоод байгааг сөхөөрөх зав өгөхгүй хөврөх дээрх үгс юу өгүүлнэ вэ.

Эцэстээ энэ нь зүгээр л заналхийлсэн, айлган сүрдүүлсэн байдалтай болж ирлээ. Эрх баригчдын “шоу” юу гэж харагдахаар. Ингэж бодож буй хүмүүс ч бий. Энэ баривчилгаа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараачаас эхэлсэн. Одоо цааш хэр удаан үргэлжлэхийг мэдэх аргагүй. Онилогдож буй хүмүүс нь өнгөрсөн дөрвөн жил төрийн эрхийг барьж байсан намынхан. Тэр дундаа улс төрийн хүрээнд бол тэрний, энэний хүн гэж яригддаг хүмүүсийг хуулийнхан баривчилж буй нь анхаарал татаж байгаа юм. Тийм учраас улстөржсөн “их баривчилгаа” эхэллээ гэж хэлэх, хардах хүн олон байна. Энд нэгэн судалгаа өгүүлье. “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайлан саяхан гарсан байна. Энэ судалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшнээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улсын улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшнээс нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлт илэрхийлж байна. Өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг онцолсон байна. Үүнийг иш татахын учир сүүлийн үед өрнөж буй баривчилгааны өнгийг дээрх судалгаа хэлээд өгч буй мэт.

Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаас авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилж, зарим нэгийг нь шалгаж эхлээд байгаа. Шалгахаар төлөвлөж буй албан тушаалтнууд ээлжээ хүлээгээд байгаа гэх мэдээлэл ч бий. Тэгвэл УИХ-ын сонгуулиас хойш хэн хэнийг баривчлав гэдгийг дор сийрүүлье.

ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ДАРГА НАРААС ЭХЭЛСЭН БАРИВЧИЛГАА

Эрх баригчдын эхний хүн бол нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх байв. Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан гэж хуулийнхан тайлбарласан. Уг нь Н.Батсүх нь энэ хэрэгт хамаагүй байсан ч түүний удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нар иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан нь тогтоогдсон. Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон хэмээдэг. Авлига өгсөн Ли овогт хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал аж. Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Учир мэдэх хүмүүс Н.Батсүхийг хэлмэгдүүллээ, түүний удирдлага доорх ажилчид нэрийг нь барьж хууль бус үйлдлийг Н.Батсүхэд нялзаалаа хэмээдэг. Дараачийнх нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг Авлигатай тэмцэх газар энэ сарын 14-нд баривчлан саатуулсан. Б.Амаржаргалыг бас л бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан. Түүнчлэн Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг ч саатуулаад буй. Дараагийн удаад нь Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаныхан онилогдож буй гэх яриа хуулийнхны дунд байна.

ГУДАМЖ ТӨСӨЛ”, “ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ” БОЛОН 888 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган, АТГ-аас баривчилж, хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан гэж буруутгасан бол Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан гэж буруутгаж байгаа юм. Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга нараас эхэлсэн энэ баривчилгаанд цааш нийслэлийн “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөр зэргийг хариуцан ажиллаж байсан албан тушаалтнууд онилогдох бололтой. Одоогоор энэ төслүүдийн санхүүжилтэд шалгалт оруулсан гэх мэдээлэл байгаа юм.

ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ Т.ДОРЖДЭРЭМИЙГ СААТУУЛСАН НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ?

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, энэ сарын 09-ний өдөр баривчилсан. Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан тухай эх сурвалж мэдээлсэн. Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж буруутгасан гэж байгаа. Харин үүнийг банкны салбарынхан эрс няцааж байгаа бөгөөд найдваргүй зээл бусдад олгохыг гүйцэтгэх захирлын орлогч мэдээд өгчихдөггүй. Ямар нэгэн улс төрийн шалтгаантай байх гэж таамаглаж байгаа аж.

САЙД АСАН Н.БАТБАЯР БОЛОН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Н.МӨНХБАТ НАРЫН ХЭРГИЙГ НЭГТГЭСЭН ГЭНЭ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү шалгаж буй юм. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр ийнхүү АТГ-т байцаагдаж эхэлсэн байна. Түүнтэй хамт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг мөн шалгаж эхэлжээ. Тэдний хэргийг нэгтгэн шалгаж байгаа юм байна. Учир нь тэднийг эрүүгийн хуулийн өөр өөр зүйл ангиар шалгаж байгаа ч хэргийн эх үүсвэр нь нэг гэж үзэж буй бололтой. Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нийлж Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж дээрх бондын хөрөнгөнөөс онц их хэмжээгээр завшсан гэж үзэж байгаа аж. Сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс шалгаж эхэлсэн бөгөөд 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж эхэлсэн байна. Мөн Мэргэжлийн хэмээгдэж буй энэ Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийж эхэлсэн юм. Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” хэмээн үзэж байгаа гэнэ. Тэдэнтэй хамт нэр бүхий хэд хэдэн хүн шалгагдаж байгаа юм байна.

ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД АСАН Д.ДОРЖПҮРЭВИЙГ ЯМАР ШАЛТГААНААР БАРИВЧЛАВ

Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчилж хорьсон тухай мэдээллийг эх сурвалжууд өгсөн. Түүнийг “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллараас нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэвч түүнийг тухайн үед хийж байсан ажилтай нь холбогдуулан шалгаж байгаа боловч үнэн хэрэгтээ улс төр орсон гэж хэлэх хүн олон байна. Тэрбээр УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан. Тодруулбал, МАН-ын “томчуудтай” нэг тойрогт нэр дэвшиж байхдаа түүнийг эрх мэдэлтнүүдийн занаанд орсон гэж хэлэх хүн олон байна. Хамгийн сүүлийн үеийн дуулиан бол “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтнуудтай холбоотой хэрэг. Тэднийг онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Co.Ltd.." гэх хуурамч компанийг шалгаруулж, "МИАТ" ТӨХК-д гурван еврогийн үнэтэй дарсыг таван евро нэмэн найман евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон гэж буруутгаж байгаа.

Энэ мэтээр намчирхсан баривчилгаа, шалгалтуудын эргэн тойронд ийм мэдээллүүд байна. Дээрх мэдээллүүдээс хараад хуулийнхан удахгүй хэнийг, ямар албан тушаал хашиж байсан хүмүүсийг онилоод эхэлснийг харж болохоор аж. Хуулийнхан шалгаж болно гэхдээ хэн нэгний эрхийг зөрчиж, улстөржиж, бусдыг хэлмэгдүүлээгүй байгаасай гэж найднам.