Засгийн газраас орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг 100 ам метр болгосон. Үүнээс хойш тус зээлд хамрагдахыг хүссэн иргэдийн хүлээлт үүсээд байгаа. Гэсэн ч тодорхой шийдвэр гарч одоог хүртэл хэрэгжих үгүй нь тодорхойгүй байгаа.

Учир нь Монголбанкнаас эдийн засаг хүнд нөхцөлд байгаа энэ үед шууд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх Монголбанк санаачилж, Засгийн газарт шилжүүлсэн. Шинэ Засгийн газар байгуулагдаад эргээд Монгол-банкинд шилжүүлж байх шиг байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк цаашид үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Тэгэхдээ эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан аажмаар хэрэгжүүлнэ” гэсэн. Энэ нь ойрын хугацаанд боломжгүй гэсэн үг юм. Эдийн засгийн байдалтай уялдуулна гэхээр манай улсын эдийн засаг цаашид хэрхэн өөрчлөгдөнө түүнийг харна гэсэн үг. Иймээс ипотекийн зээлийг 100 ам метр талбайтай орон сууц худалдан авахад олгох эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Монголбанкнаас таван хувийн хүүтэй зээлийг зогсоосон бөгөөд зогсоох шийдвэр гаргахаас өмнө хүсэлт ирүүлсэн иргэдийн зээлийг шийдвэрлэхээр 90 тэрбумын санхүүжилт гаргажээ. Тодруулбал; Өнгөрсөн сарын 4-нөөс өмнө таван хувийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх аж.

Үүнээс хойш хүсэлт илгээснийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үг. Үүний хажуугаар найман хувийн хүүтэй зээлийг 80 ам метрээс дээш талбайтай орон сууц авахад олгох боломжгүй туж байсан бол хамгийн сүүлд эдийн засгийн байдалтай уялдуулан аажимдаа хэрэгжүүлнэ. Монголбанк 2013 оноос 90 гаруй мянган иргэдэд 3.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Тэр хэмжээгээр зээлийн үлдэгдэл, чанаргүй зээлийн хэмжээ өссөн. Ипотекийн зээлийн үлдэгдэл 2008 онд 218 сая байсан бол 2013 оноос их наяд руу орж энэ оны эхний найман сарын байдлаар 3.8 их наядад хүрсэн. Энэ мэт ипотекийн зээлтэй холбоотой асуудлын хажуугаар бусад хөтөлбөрийн санхүүгийн эх үүсвэр босгох, өр төлбөр төлөх зэргээс эхлээд Монголбанкинд шийдэх асуудал цөөнгүй бий. Харин тогтоол гаргасан Засгийн газраас нь боломжтой хэрэгжүүлнэ гээд мэдээлэл гаргачихсан. Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр ч үүнийг энэ ондоо багтааж шийдвэрлээд хэрэгжүүлнэ гэсэн. Чухам эх үүсвэрээ хаанаас гаргах нь тодорхойгүй байгаа. Монголын ипотекийн корпораци анхдагч зах зээл дээр ипотек гаргах эрхтэй байгууллага. Гаргасан зээлийг нь Засгийн газар батлан даадаг. Үүнтэй холбоотойгоор дээрх байгууллагаас ипотекийн зээлийн талаар тодруулахад “Засгийн газар болон Монголбанкны зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй байхад байр сууриа илэрхийлэх боломжгүй” гэв.

Ипотекийн зээлийг 100 ам метр болгож олшно гэвэл түүний дагуу үргэлжлүүлэх аж. Энэ мэтээр санхүүгийн эх үүсвэр нь одоо хүртэл тодорхойгүй байгаагаас шалтгаалан холбог-дох байгууллагууд нэгнийхээ үйлдлийг харж, хүлээж сууна. Тэр дундаа ипотекийн зээлийг олгох, хэрэгжүүлэх Монгол-банкны ийм байдлаар, ингэж хэрэгжүүлье гэсэн тодорхой хариултыг хүлээж байгаа юм. Харин Монголбанкны ерөнхийлөгч “Эдийн засгийн байдалтай уялдуулж аажмаар хэрэгжүүлнэ” гэсэн нь Засгийн газраас гаргасан дээрх тогтоолыг хэзээ хэрэгжүүлэхийг бүүр ч тодорхойгүй болгов.

 

Ц.БААСАНСҮРЭН

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/