Б.Немцовын төрсөн өдөрт...
2016/10/09
Гэрэл зураг. Дэмчигдоржийн Мягмарсүрэн Б.Немцовын хамт
Өнөөдөр Оросын нэрд гарсан улс төрч, Борис Немцовын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрбээр 1959 оны 10-р сарын 9 –нд Крымийн Сочи хотод төржээ. Харин одоогоос 2 жилийн өмнө 2015 оны 2-р сарын 27 ны өдөр Москвад зэвсэгт халдлагад өртөж 55 хан настайдаа амиа алдсан юм.Хэрвээ амьд сэрүүн байсан бол эдүгээ тэрбээр 57 хүрэх байлаа. Ардчилал,хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч,оросын сөрөг хүчний удирдагч асан энэ хүнтэй 18 жилийн тэртээ Оросын Засгийн Газрын тэргүүн шадар сайдын албыг хашиж байхад нь ажлынх өрөөнд миний бие уулзаж билээ.Борис Немцовын гэгээн дурсгалд зориулж түүнтэй хийсэн ярилцлагаа эргэн санаваас...
1998 оны нэгдүгээр сар сан. Ид оросын өвөл болж байсан цаг. Оросын засгийн газрын тэргүүн шадар сайд Б.Немцовтой уулзаж ярилцлага авах хүсэлтээ тавиад удаагүй байтал тун нааштай хариу авлаа. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга А.Е.Першин гуай сайхан зантай уриалагхан хүн аж. Түүнтэй холбоо барих бүр –“тэргүүн шадар сайд үнэхээр ажил ихтэй завгүй” байгааг нь учирлаж, гэхдээ Итали руу явахаас өмнө нь хоёр дугаар сарын эхний арав хоногт заавал уулзуулна гэж амлаж билээ. Тэгтэл нэгэн өдөр харилцуур утас маань хангинаж, Оросын Засгийн газрын тэргүүн шадар сайдын албанаас ярих нь тэр. Нэгдүгээр сарын 23-ны бямба гаригийн 15 цагт таныг Борис Ефимовичтой уулзуулах боллоо гэлээ. Сэтгүүлч миний хувьд том аз завшаан байлгүй яахав. Оросын засаг төрийн өндөрлөгт богинохон хугацаанд оюуны тэнхээ, санаачилга, зохион байгуулах чадвараараа цойлон гарч, Оросын олон нийтийн хүндэтгэл хүлээж чадсан оросын төрийн их ирээдүйтэй залуу зүтгэлтний нэг гэвэл Б.Немцов мөн болов уу. Тэрбээр эдүгээ 38-хан настай бөгөөд Оросын засгийн газрын хамгийн залуухан шадар сайд юм. Одоогоос гурван жилийн өмнө Доод Новгород мужийн захирагчийн сургуульд явж, ОХУ-ын анхны хамгийн залуу губернатор болж байлаа. Б.Немцов 1981 онд Горький хотын Улсын их сургуулийн радио физикийн ....эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллажээ. 1985 онд физик математикийн дэд эрдэмтэн болсон байна. Түүний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа нь байгаль орчинг хамгаалах хөдөлгөөнд оролцсноор эхэлж, улмаар Ардын депутатаар сонгогдож явав. 1991 оны наймдугаар сарын хэрэг явдлын үеэр Цагаан ордонг хамгаалагчдын нэг байлаа. Энэ үеэс Борис Ельциний анхааралд өртөж, хожим ерөнхийлөгчийн сонгуулийн үед Б.Ельциний итгэмжлэгдсэн хүн болсон байна. Доод Новгород мужийн захирагч байхдаа Григорий Явлинскийг урьж, тодорхой мужид капитализм байгуулах өвөрмөц туршилт хийсэн нь ялангуяа нийгмийн хүрээний зарим асуудлыг шийдэхэд бодитой үр дүнд хүрсэн юм. Тухайлбал улсын үйлдвэрүүд үр ашгаа дээшлүүлж, цалин хөлсөө нэмэгдүүлснэр орон сууц болон нийгмийн хүрээний бусад зүйлд зориулах зардлаас бүрэн чөлөөлөгдсөн нь зах зээлийн нөхцөлд үр өгөөжтэй үйл явдал болсон байна. Доод Норвгород мужид ажилгүйдэл байхгүй болсон бөгөөд хүн ардын амьдралын түвшин мэдэгдэхүйц дээшилсэн юм. Б.Немцов өөрийн үзэл бодолтой, шудрага зоримог залуу. Мужийн захирагч байхдаа Оросын засгийн газрыг нэр зааж, Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаж явсан билээ. Ерөнхий сайд В.Черномырдин, тухайн үеийн шадар сайд Е.Гайдар нарыг тодорхой дурдаж тэдний явуулж байсан шинэтгэлийг хурцаар шүүмжилдэг байв. Ялангуяа Чечений дайныг эрс эсэргүүцдэг байлаа. Тэрбээр уг дайныг эсэргүүцэж сая хүний гарын үсгийг цуглуулж байсан билээ. Түүний бие даасан энэ байр суурь Б.Ельциний дургүйг хүргээгүй юм. Харин ч Москвад ажиллахыг Кремлийн зүгээс нэг бус удаа урьж байлаа. Тухайлахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахыг түүнд санал болгож байсан. Гэвч тэрбээр татгалзжээ. Харин оросын засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллана уу гэсэн сүүлчийн саналыг арга буюу хүлээн авсан байна. Оросын засаг төрийн өндөр албанд оронгуутаа залуу хүний омголон халуун сэтгэлээр төрийн үйл ажиллагаагаа тэрбээр тун дайчин идэвхтэй эхэлсэн юм. Орон сууц, ахуйн үйлчилгээний шинэтгэл хийх үзэл санаагаа тунхаглан зарлаж, Примор тэнгисийн хавийн нутагт удаан үргэлжилсэн эрчим хүчний хямралыг нааштай шийдвэрлэж чадсан юм. Япон хятадад айлчлан эдийн засгийн үр ашигтай хэлэлцээрүүдийг амжилттай байгуулж том хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулсан юм. Эчнээ танил болсон шадар сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга А.Е.Першин гуай Цагаан ордны хорьдугаар орцны гадаа хаалган дээр намайг угтлаа. Сайхан яриа хөөрөөтэй хүн аж. Хамт хоёулаа дээшилж явахад: манай сайд, Япон, Солонгос, Хятадын сурвалжлагч нартай уулзаж байсан л даа. Одоо харин Монгол улсын сурвалжлагчтай уулзах гэж байна, тантай уулзснаар Азийн гол орнуудын сэтгүүлчдийг хүлээн авлаа л гэсэн хэрэг хэмээхэд: Үүнийг сонсоход таатай байна гэж би хариу өчив. Засгийн газрын тэргүүн шадар сайдын үүдний өрөөнд очиход: Урьд орсон гадны зочид арай л гарч ирээгүй байна. Иймд та бага зэрэг саатаж хүлээх нь дээ гэж нарийн бичгийн дарга бүсгүй хэллээ. Удсан ч үгүй хүмүүс гарч ирлээ.
- За та ороорой гэж бүсгүй хэлэв. Ингээд ортол цэлийсэн том өрөөний голд том алаг нүдтэй сүрлэг ханхайсан эр инээмсэглэн зогсож, гадаадын сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа түүний хамт авхуулж байлаа. Яах учраа олохгүй зогстол Та ор ор. Наашаагаа ойртолдоо гэж тун уриалагхан хэлэх нь түүний эгэл энгүүн, гүндүүгүй сайхан орос эрийн занг илтгэнэ. Сурвалжлагч бүсгүй гэрэл зургаа авч дуусмагц нь би тэргүүн шадар сайдад ойртож: Тантай уулзаж байгаадаа баяртай байна гэхэд- Надад ч мөн адил таатай байна гэж тэрбээр урдаас маань хариулав. Ингээд урт том ширээний цаана сууцгаалаа.
Д.Мягмарсүрэн: -Борис Ефимович оо. Юуны түрүүнд Монголын “Засгийн газрын мэдээ” сониныхоо олон зуун уншигчийн нэрийн өмнөөс танд талархал илэрхийлье. Манай сонинд ярилцлага өгөхөөр зав чөлөө гарган, намайг хүлээн авсанд их баярлалаа. Таны бичсэн “Провинциал” номын зарим хэсгүүдээс манай сонин анх удаа нийтэлж олны хүртээл болгосныг өөрт чинь дуулгахад надад таатай байна. Монголчууд таныг андахгүй. Өөрийг чинь хүндэлж, сонирхдог хүн олон. Манай уншигчид номын чинь хэсгүүдээс уншаад тантай улам ойр танилцсан байх. Басч үгүй захидлаар харилцдаг байсан нэгэн Монгол хүүхдийн тухай номондоо та дурьдсан нь манайхны сонирхолыг татсан шүү гэхэд шадар сайд инээмсэглэснээ:
Б.Немцов: Тэр хүүгийн нэрийг Цагаадай гэдэг сэн. Надад гомдсон уу, үгүй юү бүү мэд. Бүр хүүхэд үеийн цагаан цайлган сайхан насанд маань тохиолдсон хэрэг юм л даа.
Д.Мягмарсүрэн: Энэ хүүхэд чинь хөдөөнийх үү, хотых байсан уу?
Б.Немцов: Улаанбаатраас харилцдаг байсан шүү.
Д.Мягмарсүрэн: Тэр хүүхдийнхээ талаар сураг гаргасан уу...
Б.Немцов: Хараахандаа үгүй дээ... Цагаадай гэдэг монголд хир зэрэг түгж тархсан нийтлэг нэр бол...
Д.Мягмарсүрэн: Манай их эзэн Чингис хааны хоёр дахь хүүгийн нэр шүү дээ.
Б.Немцов: Аа тийм үү, Цагаадай юу... сонин юу юм байна. Их билэг дэмбрэлтэй хэрэг байна...
Д.Мягмарсүрэн: Ер нь та манай монголын талаар ямар төсөөлөлтэй явдаг вэ?
Б.Немцов: Би саяхан Монгол улсын дээгүүр нисч Хятад руу зорьж явлаа л даа. Энэхэн зуур онгоцныхоо цонхоор танай нутгйиг тун анхааралтай харлаа. Цэлмэг сайхан агаартай байв. Цэлийсэн уудам нутаг үргэлжлээд байх. Хүн ард нь энэ л нутаг шигээ уужуу сэтгэлтэй, эрх чөлөөнд тэмүүлсэн нүүдэлчин ард түмэн байдаг байхдаа гэж санагдсан. Монголчууд эрчимтэй хөгжиж буй соёл иргэншлээс алс зайд аж төрдөг авч, шинэ юмыг амархан тусгаж авдаг эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс байдаг болов уу гэж бодсон. Ийм өргөн уудам тал нутаг, тэнгэр өөд цойлсон уулстай нутгийн хүмүүсийн ухамсар сэтгэлгээ нь хүртэл эрх чөлөөг хүсэмжлэх хязгааргүй тэмүүлэлтэй байх нь аргагүй юу даа гэж надад бодогдсон. Энэ чанар нь монголчуудын хүсэл зоригийг нь олон талаар тоодрхойлдог байх. Түүний дотор монголын өнөөгийн улс төрийн амьдралыг ч тодорхойлж байгаа болов уу. Тухайлахад орос оронд дөнгөж арай хийж хэрэгжин эхэлж байгаа эрх чөлөө, ардчиллын олон үзэл санаа, харин Монгол оронд манайхаас илүү түргэн биелэлээ олчихдог болов уу гэж санадаг. Энэ нь тодорхой өөрийх нь ухамсар сэтгэлгээнээс шалтгаалж байгаа хэрэг л дээ. Монголын тухай миний төсөөлөл гэвэл ийм л байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын шуудангийн маркууд тун гоё үзэмжтэй байдагсан. Сурагч байх үед манай ангийн хүүхдүүд монгол шуудангийн маркуудыг солилцдог байлаа. Би ч гэсэн марк солилцохоор шийдсэн. Ингээд захидал авдаг байсан л даа.
Д.Мягмарсүрэн: Чухам үнэнийг хэлэхэд, сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа таагүйхэн цаг үеийг үзэж байна уу даа гэж зарим үед бодогдох юм.
Б.Немцов: Энэ нь шилжилтийн үеийн түр зуурын үзэгдэл байх л даа. Сүүлийн 2 жил гэхэд Орос, Монголын хоорондын бараа солилцоо хоёр дахин багассан байх жишээтэй. Гол нь Орос оронд нийлүүлдэг Монголын экспортын бараа хорогдсон. Энэ нь Оросын талаас ноогдуулдаг гаалын өндөр татвартай холбоотой гэж манайхан үздэг юм байна лээ.
Д.Мягмарсүрэн: Чухам ямар бараанд байх нь вэ ?
Б.Немцов: Орос оронд нийлүүлдэг Монголын уламжлалт бараа, бүтээгдэхүүн л дээ. Тухайлахад арьс, шир, хивс гээд олон бүтээгдэхүүн байгаа...
Д.Мягмарсүрэн: Ингэхээр гаалийн татварыг бууруулах талаар эргэж харах бололцоо бий болов уу ?
Б.Немцов: Бид удахгүй Бүх Дэлхийн худалдааны энэ байгууллагад элсэхэд аливаа татвар түрээсийг бууруулах шаардлага гардаг. Ингэхлээр уг байгууллагад элсэн ормогц гаалийн татвар ноогдуулалтын хэмжээ буурах болно.
Д.Мягмарсүрэн: Дэлхий дээр орос барааны чанар чансааг ойлгодог, үнэлдэг ард түмэн гэвэл манай монголчууд л байх. Гэтэл сүүлийн жилд ер нь Оросын бизнесменүүд Монголын зах зээлд тун бага анхаарал тавьж байгаа юм шиг санагддаг.
Б.Немцов: Ер нь танай зүгээс манай бизнесменүүдийг татах реклам байхгүйтэй л холбоотой байж болох шүү. Монголын зах зээлийг сонирхох хүмүүс бий л дээ. Үүнийг бодох хэрэгтэй. Танай реклам муу ажиллаж байгаа байх. Нөгөө талаас Орос улс асар уудам нутагтай Холбооны улс. Иймд хил хавийн муж нутгийхантай хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллах нь хэтдээ ирээдүйтэй болов уу.Тухайлахад, Эрхүү, Читийн муж зэрэгтэй... Энд худалдааг зохион байгуулж ажиллах нь хялбар юм. Ийм чиглэл, дэг журамд оруулахад бүс нутгийн удирдлагыг хандуулах нь зүй зохистой юм.
Д.Мягмарсүрэн: Та тун богино хугацаанд Оросын төр засгийн өндөрлөгт гарсан хүн. Энэ нь таны хувьд санаандгүй үйл явдал байсан уу ?
Б.Немцов: Миний хувьд энэ санамсаргүй, гэнэтийн хэрэг явдал болсон гэж хэлмээргүй юм уу даа. Яагаад гэвэл би урьд нь мужийн захирагчийн алба хашиж байсан.
Д.Мягмарсүрэн: Ер нь та эрх тушаалд хэрхэн ханддаг вэ?
Б.Немцов: Эрх мэдлийн өндөрлөг өөд бүх хүчээ хэрэглэн тэмүүлдэг аюултай хүмүүс байдаг. Ний нуугүй хэлэхэд би хэзээч эрх тушаалын оргилд хүрэхийг эрмэлзэж яваагүй. Ер нь эрх мэдэл, өндөр албан тушаал гэдэг чинь эмэгтэй хүнтэй адил зүйл санагддаг. Хэрвээ эмэгтэй хүнд таалагдахыг хүсвэл хүчээ харуулаад байх хэрэггүй байдаг. Бид хүүхнүүдийг хайрлах тусам тэдэнд таалагддаггүй гэж А.С.Пушкин хэлсэн шүү дээ. Үүний нэгэн адил эрх мэдэлд дуртай болох тусам түүнтэй нийцэхээ больдог. Ийм учраас эрх тушаалд хорхойтох нь заавал ялагдалд хүргэж таарна.
Д.Мягмарсүрэн: Сүүлийн үед өөрийн чинь талаар хэвлэлд ихэд бичих болж, нэр төрийг чинь гутаах гэсэн оролдлого их гарч байна. Иймэрхүү маягийн өгүүлэл, ном зохиолд та эмзэглэдэг үү?
Б.Немцов: Иймэрхүү төрлийн хэвлэлийн нийтлэлд би аажуу тайван ханддаг. Намайг муулчилсан элдвийн зүйл гарахад ямар ч байсан би өдөр хоногийг үр ашиггүй өнгөрөөгөөгүй юм байна даа гэж боддог. Иймд тун тайван, уужуухан ханддаг. Иймэрхүү зүйлсийг ойшоож уншдаг ч үгүй. Надад хийж бүтээх өөр ажил их бий.
Б.Немцов: Та Григорий Явлинскийтэй их ойр дотно харилцаатай байх аа ? – Тийм ээ...
Д.Мягмарсүрэн: В.Жириновский таныг их үзэн ядах юм аа даа.
Б.Немцов: Үнэн шүү. Ер нь л Владимир Вольфович мэтийн улс төрийн зүтгэлтэнүүд эх оронд маань олигтой ашиг тус хүргэхгүй л дээ гэж үздэг. Энэ хүн миний эсрэг сөрөг хүчний талынх. Намайг шүүмжилж болно. Гэхдээ сэтгэлийн их хөдөлгөөнөө тэрбээр тун хачирхалтай хэлбэрээр илэрхийлдэг зантай.
Д.Мягмарсүрэн: Баримталж явдаг хувийн уриа бий юу?
Байлгүй яахав
Тухайлбал...
Б.Немцов: Санасан бүх зүйл маань бүтэх болно.
Д.Мягмарсүрэн: Өөрийнхөө гэр бүлийн тухай товч танилцуулна уу ?
Б.Немцов: Ам бүл маань цөөхүүлээ дээ. Эхнэр Расиа, Охин Жанна. Гурвуулаа хамт аж төрдөг. Эхнэр маань номын санчийн мэргэжилтэй. Одоогоор гэрийн эзэгтэй болсон.
Д.Мягмарсүрэн: Та жилийн өмнө, Оросын засаг төрийн өндөр алба хашиж эхэлсэн. Энэ ганц жилийн хугацаанд юу хийж амжив. Юу амжсангүй вэ?
Б.Немцов: Цэвэр эдийн засгийн хүрээнд нилээд зүйлийг амжиж хийж чадсан. Тухайлахад төсвийн мөнгийг зүй зохистой хувиарлах нээлттэй дүрэм журам тогтоосон, бүрэн эрхт банкуудаас татгалзсан, газрын тосны салбарыг дэг журамтай болгосон, эрчим хүчийг зөөвөрлөх төмөр замын тарифыг бууруулсан, Оросын түшмэдүүдээр татварынхаа мэдлүүлгийг нь бөглүүлж чадсан, одоо Оросын цэргийхэнд зориулсан сууцыг барьж байгуулах хөтөлбөрийг хийж амжлаа.
Хэрэгжүүлж амжаагүй зүйлийн хувьд гэвэл, харамсалтай нь нийгмийн хангамжийн талаас хүмүүсийг дэмжих хууль тогтоомжийг өөрчилж чадсангүй, бүх түшмэлийг эх орны үйлдвэрийн *Волга* машинд нь суулгаж чадаагүй дээ.
Д.Мягмарсүрэн: Өнгөрсөн онд болсон А.Пугачёвийн төрсөн өдрийн баярт зориулсан концерт дээр ирээд та Алла Борисовнад баяр хүргэж байхыг би харсан. Та түүний бишрэн шүтэгч нь үү?
Б.Немцов: Тиймээ Алла Борисовна надтай үерхэж нөхрөлдөг.
Та эстрад хөгжмөнд дуртай юу? Тэгэлгэв яахав. *Машина времени* Владимир Высоцкийг онцгой хүндэлдэг.
Чөлөөт цагаа яаж өнгөрөөх дуртай вэ?
Спортоор хичээлдэг.
Ан гөрөөнд явдаг уу?
Үгүй шүү
Таны хобби
Газрын тэнгис
Удахгүй манай үндэсний баяр “Цагаан сар” болно. Өөрөөр хэлбэл шинэ оноо угтаж, бар жилтэй золгох юм. Манай энэ баярыг тохиолдуулж, монгол түмэнд юуг ерөөж хүсмээр байна.
Б.Немцов: Много денег и много любви.
СЭТГҮҮЛЧ: Бар жилд эд мөнгө ихээр хурааж, биесээ хайрлан халамжлах сэтгэлээр дүүрэн явахыг бэлэгшээсэн, ОХУ-ын засгийн газрын тэргүүний шадар сайд Б.Немцовын өлзийтэй энэ ерөөл бат орших болтугай хэмээн дотроо залбираад ярилцлагынхаа төгсгөлд Борис Ефимович оо! Дурсгал болгож тантай гэрэл зургаа татуулах уу гэхэд маань том биетэй сүрлэг энэ залуу ширээнийхээ цаанаас босч ирээд хажууд минь зогсоход:
Миний хувьд, энэ хүн өндөр Гонгор юм. Хажууд нь би ч одой хүн шиг өчүүхэн байгаа даа. Сууж байгаад зургаа ахуулах нь яалаа гэж өөртөө гоморхов. Энэ үед Борис Ефимович хэвлэлийн нарийн бичгийн даргадаа хандаж хэд хэдэн кадр дарахыг хүслээ. Ингээд зургаа татуулсаны дараа бие биедээ талархал илэрхийлээд салах ёс гүйцэтгэв. Орос орондоо хайртай оросын ард түмний их ирээдүйд итгэлтэй яваа энэ залуу удирдагчийн ажил үйлс нь бүтэмжтэй өөдрөг байх болтугай.
Москвад Монголын Радиогийн сурвалжлагчаар ажиллаж байсан
Сэтгүүлч Дэмчигдоржийн Мягмарсүрэн
Уг сурважлагыг товчлон хүргэв,Бүрэн эхээрээ
“Засгийн газрын мэдээ” сонин, 1998.№323/975/”-рт нийтлэгдсэн
Зочин · 2016/10/09
nice