1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Жагсаалтыг Нидерланд (4.23 тэрбум ам.доллар), Люксембург (1.15 тэрбум), Британийн Виржин Арал (1.1 тэрбум), Хятадын Гонконг (229 сая), Бермудын арал (129 сая), Швейцарь (103 сая), Кэймэн арал (74 сая) тэргүүлж байна. Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэнээс 920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, Оюу Толгой болон Энержи Ресурсийн ММС компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай Ханаду Майнз, Волф Петроюм, Хүннү Коүл зэрэг 20 гаруй компаниуд хувьцаагаа Нью Йорк, Гонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн биржэд арилжаалдаг ба тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй байна. Монгол Улс 2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улс орнуудтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээртэй байгуулсан нь эдгээр оффшор бүс бүхий улс орнуудаас Монголд хийх хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж болно. Энэ утгаараа манай улсын эдийн засагт оффшор бүсийн хөрөнгө оруулалт тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа.

“Эргийн гадна” хэмээх Оффшор бүсэд Британийн Виржин арал, Бермуд, Кэймэн арал зэргээс гадна АНУ, Малайз, Хятадын Гонконг, Нидерланд, Люксембург, Лихтенштэйн зэрэг улс орнууд, тэдгээрийн оффшор бүсүүд ордог ба оффшор үйлчилгээ нь өнөөдөр дэлхийн санхүү, бизнесийн салбарт өргөн хэрэглэдэг арга хэрэгслэл болсон, нэн ялангуяа дэлхийн хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурь эзлэх болжээ. НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД)-аас жил бүр эрхлэн гаргадаг дэлхийн хөрөнгө оруулалтын 2015 оны тайланд дурдсанаар “Оффшорын хөрөнгө оруулалтын гол зорилго нь тухайн оффшор бүсэд бизнэсээ бүртгүүлж, хамтарсан компани байгуулах хэлбэрээр татварын таатай хөнгөлөлтийг эдлэхэд оршдог. Сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан компаниуд үйл ажиллагаагаа хил дамнасан хөрөнгө оруулалтын хэлбэрээр хэрэгжүүлэх хандлага давамгайлж байна.” гэжээ.

Харин манай улсад Панамын жагсаалтаас үүдэлтэй оффшор бүс болох зарим гадаад улсын талаарх сөрөг ойлголт давамгайлж байна. Дэлхийн улс орнууд оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах талаарх зохицуулалтыг хуульчлахдаа голчлон төрийн албан тушаал эрхлэхтэй холбогдуулан хориглосон зохицуулалт хийсэн байна. Монгол Улсын хувьд одоогоор ийм зохицуулалт хийгдээгүй боловч Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон бусад хуульд зарим зохицуулалт тусгахдаа төрийн албан хаагч нь аливаа дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө, худалдан авсан хувьцаа зэргийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан эсэхээс хамаардаг зохицуулалт байна.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компаний хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурч байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдын хувьд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглох талаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Бусад орны туршлагаас харахад “оффшор бүс” гэх албан ёсны тодорхойлолт байхгүй ба “эргийн гаднах, хилийн гаднах улс, бус нутаг” гэх утгыг илэрхийлдэг байна. Оффшор бүсийн шинжид гадаадын иргэн, хуулийн этгээдэд татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл бүхэлдээ татварын таатай орчин бүрдүүлсэн байх, эсхүл гадаад улс, гадаадын улсын нутаг дэвсгэр байх, эсхүл хэрэглэгчийн мэдээлэл болон бусад мэдээллийн аюулгүй байдлын системийн нууцлал өндөртэй банктай байх гэх зэрэг олон шинжүүд хамаардаг бөгөөд үүний аль нэг шинжийг хангасан байхад оффшор бүсэд хамруулж үзэж болдог байна. Иймд манай улсын хувьд оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийг тодорхойлох, жагсаалт батлах нь манай улсын гадаад харилцаа, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул бусад улс орны туршлагыг судлан үзэж “оффшор бүс”-ийг “гадаад улсын нутаг дэвсгэр” гэж томъёолсон байна.

Дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ, эсхүл нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үед гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ёс зүйн хэм хэмжээг баримтлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эдгээр албан тушаалтныг гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай зохицуулалтыг шинээр тусгалаа. Түүнчлэн уг хориглосон зохицуулалттай холбогдуулан нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээд болон албан тушаалтан урьдчилан мэдүүлэх үүрэгтэй байх, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэргийг тодорхой тусгажээ.

Хуулийн төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараахь байдлаар тусгасан. Үүнд:

1.Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах зэрэг асуудлыг хориглох талаар шинээр тусгана.

2.Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулахыг хориглох хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан уг заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгана.

3.Шинээр орж байгаа зохицуулалттай холбогдуулан хэрэгжилтийг хангах зорилгоор хугацааг тодорхой тусгажээ.

Түүнчлэн нийтийн албан тушаалтаны гадаад улсад суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хөндөхгүй байх, бусад хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суух, зорчих зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан тухайн улсын банкинд өөрийн нэр дээр данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах асуудлыг хориглохгүй байхаар зохицуулсан байна.

 

М.Мөнгөн