Нэг улсын банк оруулж ирэхэд зориулсан хууль баталж болохгүй.Гэхдээ.....
2016/10/12
Дотоодын эдийн засгийн биеийн байдалтай холбоотойгоор иргэдийн дунд арилжааны банкуудыг “үзэн ядах" байдал эрс нэмэгджээ. Өндөр хүүтэй зээл олгодог, аж, ахуйн нэгжүүдийг “дампууруулдаг", иргэдийг “шулдаг" тухай яриа хаа сайгүй.
Тоон үзүүлэлт сөхөж үзвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ тав дахин өсч, cap бүр 50-100 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Угтаа Монголын томоохон аж ахуй нэгжүүд банкны зээлийн дийлэнх хувийг эзэлдэг судалгаа бий. Тэгэхээр чанаргүй зээл ийнхүү өсч байгаа нь том компаниуд хүртэл зээлээ эргэн төлөхөд хүндрэл учирч байна гэсэн ойлголтод хялбархан хүрч болохоор байна.
Энэ бүхний ил шалтгаан бол зээлийн хүү хэтэрхий өндөр байгаад оршиж буй. Ийм л учраас иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагууд өмнөд хөршийн банкийг оруулж ирэх тухай дахин хөндөх болов. Үнэндээ “Bank of China’’-г оруулж ирэх эсэх тухай яриа бол хуучирсан сэдэв. Гэвч одоо хүртэл шинэ мэт байгаа нь манай улсын арилжааны банкуудад асуудал байна л гэсэн үг.
Тэгвэл яг энэ талаар төрийн тэргүүн өөрийн байр сууриа тун саяхан илэрхийлжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд “Бид үндэсний аюулгүй байдлын өөрийн үзэл баримтлалтай, баримталдаг зарчимтай. Нэг орны хөрөнгө оруулалт ямар төвшинд байх вэ гэдгээ боддог улс...Миний байр суурь бол Хятадын банк гэдэг байгууллага Монголд орж ирээд зээл өгөөд явах шаардлага алга. Аль ч орноос Хятадын банк, санхүүгийн оролцоо Монголд өндөр байна. Харин ч шаардлагатай өөр орны, зохих төвшинг хангасан, боломжтой, оръё гэж байгаа байгууллага байгаа бол, манайд санхүү орж ирээгүй, манайд хөрөнгө оруулаагүй улс орон сонирхож байгаа бол оруулах хэрэгтэй.
Иймэрхүү байдлаар бид тэнцвэрээ барьж явбал яасан юм бэ” гэсэн байх юм. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэх эрхтэй хүний үг гэдэг талаас нь харвал мэдээж Ерөнхийлөгчийн зөв. Түүний энэ эх оронч байр суурийг ямар нэгэн байдлаар буруутгах боломж ихэнх талаараа үгүй. Гэвч арилжааны банкуудын зээлийн хүүг хэрхэн бууруулах тухай ямар нэгэн гарц, ашигтай санааны тухай тэрбээр албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
Нээрэн яагаад арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах тухай, ямар арга хэлбэр байж болох талаар ам нээгээгүй юм бол... Хамгийн энгийн жишээ авахад жилдээ манай улсын дотоодын аж, ахуйн нэгжүүд 10 их наяд орчим төгрөгийн зээл арилжааны банкнаас авдаг байна. Зээлийн хүүг хамгийн багаар буюу 20 хувиар бодоод үзэхэд жил бүр хоёр их наяд төгрөгийн зээлийн хүүг төлдөг гэсэн үг. Үүнийг иргэд мөлжлөг гэж үзэж байгаа. Тэгвэл маш олон эдийн засагч хийгээд санхүүгийн салбарын төлөөлөл Ерөнхийлөгчөөс тэс өөр байр суурьтай байна.
Тухайлбал гавьяат эдийн засагч Н.Дашзэгвэ : “Арилжааны банкууд бол 15 толгойтой мангас болсон. Үүний ааш авирыг зогсоож, зээлийн хүүг бууруулахын тулд гаднын банкийг оруулж ирэх шаардлагатай. Иргэдээс хадгаламж татахгүй, хөрөнгө оруулалтыг ийм салбарт хийнэ гэх мэтээр босго тогтоож өгч ч болно” гэв. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхзаяа : “Яг хэзээ Хятадын банкийг оруулж ирэх вэ гэдэг хугацааны хувьд маш чухал.
Бусад хөгжиж байгаа орнуудын жишээг харахад гаднын банк орж ирснээр дотоодын банкуудыг шахдаг. Хамгийн эрсдэл багатай гэж хэлж болох томоохон хөрөнгө оруулалтын зээлийг гаднын банкууд авчихдаг. Дотоодын банкинд энэ тохиолдолд эрсдэл ихтэй, жижиг зээлүүд ирдэг. Тиймээс эрхзүйн орчноо сайн бүрдүүлснийхээ дараа гаднын банкийг оруулж ирэх хэрэгтэй” гэсэн байр суурьтай байна.
Харин Үл хөдлөх хөрөнгийн шинжээч, эдийн засагч Д.Ангар гадаадын банкийг оруулж ирэх цаг нь яг мөн гэж үзэж байна. Тэрбээр “Гадны банк оруулж ирэх нь маш ашигтай. Дэлхий дээр гаднын банкгүй хоёрхон улс байдаг. Нэг нь Хойд Солонгос, нөгөөх нь Монгол. Манай улсад харин дотоодын хэдэн банкууд манайхаас 18 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээл авбал ав гэж нөхцөлөө тулгаж байна.
Одоо гадаадын банк орж ирэх цаг нь болсон. Гадаадын банк оруулаад ирнэ гэхээр Үндэсний эрх ашигт харшилна, үндэсний аюулгүй байдал гэх зэргээр ярьдаг. Энэ бол буруу. Чөлөөт зах зээлийн систем хэрэгтэй” гэв. Тэгвэл Монголын банкуудын холбоо эдийн засагчдаас эсрэг байр суурьтай байгаа. Учир нь тус холбооноос 2014 оны намар гаднын банкууд орж ирвэл ямар нөхцөл байдал үүсэх талаар судалгаа хийлгэсэн байдаг.
Судалгаагаар “Гаднын банк орж ирвэл үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө” гэсэн дүгнэлт гарсан тухай ч өгүүлж байв. Одоо ч тэдний байр суурь өөрчлөгдөөгүй. Гэвч энэ судалгаанд итгэж болох эсэх нь бас л эргэлзээтэй.Учир нь арилжааны банкууд энэ судалгааг захиалан хийлгэсэн тухай ч учир мэдэх эрхмүүд хэлдэг. Маш товчхондоо иргэдийн зүгээс арилжааны банкуудыг хардах үндсэн шалтгаан бол энэ.
Гэвч бодит байдал дээр Монголын арилжааны банкны системийн 40 гаруй хувь нь гаднын эзэмшилд байдаг гэсэн тоо бий. Тэгвэл “Энэ тоо хэд хүрэхээр үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх вэ?” гэсэн асуулт ч урган гарч болохоор байгаа юм. Манай улсад 17-18 банк байгаа гэж ярьдаг боловч зах зээлийн 90-95 хувийг ердөө 3-4 банк л эзэлдэг. Үүний цаана 300 орчим хувьцаа эзэмшигч л бий. Харин энэ бүхний цаана 60 мянган аж, ахуйн нэгж, багаар бодоход 500 мянган хүн зээлийн хүүгийн дарамтад аж төрж байна.
Харин СЭЗДС-ийн зөвлөх багш Ж.Дэлгэрсайхан : “Монгол Улсын геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн чадамж асуудалтай. Бид цэвэр үйлдвэрлэгч орон болоогүй байна. Хэрэглээний эдийн засагтай байгаа энэ үедээ гаднын банкийг оруулж ирлээ гэхэд хязгаарын нөхцөлийг тавьж өгөх хэрэгтэй. Ялангуяа орон зайн хувьд хаанаас оруулж ирэх гэдгээ сайн харах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Энэ нь эцэсийн дүндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ярьсантай “агаар” нэгдэж байна.
Гэвч арилжааны банкууд эдийн засгийн хүндрэлтэй энэ үед овойж, оцойтол ашиг олж байна гэж ойлгох нь буруу. Энэ оны эхны улиралд арилжааны банкууд түүхэндээ анх удаагаа алдагдалтай гарсан. Банкны системийн нийт эрсдэл хэвийн хэмжээнд байгаа ч гэсэн банкуудын балансыг харвал зээлээ хумисан байдалд шилжив. Учир нь зээл авсан байгууллагуудын төлөлт удааширч байна.
Нөхцөл байдал ийм байхад Хятадын банкийг оруулж ирэх нь зөв буруу тухай он дамжин маргалдсаар л байна. Эцсийн дүндээ арилжааны банкуудыг айдаст автуулж, “Bank of China”-r оруулж ирэх эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийднэ. Монгол Улсын хувьд дэлхийн маш олон конвенцид нэгдсэн, НҮБ-ын гишүүн улс. Ийм учир зөвхөн нэг улсын банк оруулж ирэхэд зориулсан хууль баталж болохгүй. Энэ нь зээлийн хүүг энэ хэвээр байлга гэсэн үг ч бас биш...
Д.Ганбаатар
Эх сурвалж :"Монголын үнэн" сонин