ХХЗХ-нд Ч.Сайханбилэгийн хүн гэгддэг Б.Балгансүрэн гэж дарга очоод 5 сарын нүүр үзэж байгаа. Тэрээр 150 хоног энэ байгууллагыг толгойлохдоо сүүлийн 60 хоногт нь нэг ажлыг ихэд хичээнгүйлэн хийсэн гэж байгаа.

Тэр нь “Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам” хэмээх онлайн ертөнцөөр зорчдог хүн бүхэнд хамаатай нэг зүйл бий. Гэвч Б.Балгансүрэн даргын толгой тийм удаан ажилладаг уу, яасан нөгөө журам гээч нь эвэндээ орж боловсорч өгөхгүй “жаварт 60 хоног сойгдож, наранд 80 хоног сойгджээ”. Харин үүнийг нь “Интернетийн орчин дахь сэтгэгдлийн харилцааг ийм ядмагхан, бас түрэмгий журмаар зохицуулж болохгүй” хэмээн эсэргүүцсэн 47 сайт Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх сайтыг цуглуулж энэ асуудлаар шийдэлд хүрэх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг байгуулснаар Монголын Сайтуудын Нэгдсэн Чуулган болсон билээ.

Чуулганаас салбарынхан хоёр том ололттой гарсан. Нэг нь, Монголын Сайтын Холбоог өргөжүүлж, ямар чиглэлээр вэбсайт ажиллуулдгаасаа үл хамааран бүгд эрх ашгийнхаа төлөө нэгэн дээвэр дор нэгдсэн. Нөгөөх нь, Б.Балгансүрэнгийн 2 сарын турш хэлэлцээд боловсруулж чадаагүй журмын төслийг нэг өдөр чуулаад нэгдсэн нэг шийдэлд хүрч боловсруулж чадсан. Гэтэл ХХЗХ 100 орчим сайт хуран чуулж хийсэн ажлыг салхинд хийсгээд нэг л байгууллагатай хамтран журам боловсруулсан болж хувирав. Нэгтэй нь өнөөдөр нь хамтран ажиллах санамж бичиг үзэглээд, нөгөөхийг нь маргааш ир гэж “дугаарлав”. Урьтаж үзэглэсэн байгууллага нь түүний энэ хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл дээр “зад шоудав”. Энэ бүхэнд нь хариулт авахаар хүсэлт тавихад Балгансүрэн ноён “Та бүхний үнэ цэнэтэй саналууд журамд тусгагдан батлагдсан болно” хэмээн бусдын санааг “балгаж” орхисноо хүлээн зөвшөөрөв. Мөн вэбсайтын орчинд ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-уудад ялгавартай хандсанаа өөрийн биеэр нотолж “…цаашид үл ялгаварлах зарчим дээр тулгуурлан үргэлжилнэ” гэлээ. Энэ албан тушаалтны хийсэн, хэлж ярьж байгаа хоёр зөрөөд байгаа болохоор бид түүнийг ялгавартай хандсан тэр үедээ “балгачихсан” байсан уу, яг энэ албан бичгийг үзэглэж байхдаа “балгачихсан” байсан уу гэдгийг ойлгож чадалгүй үлдлээ. Салбарын зохицуулалтыг эрүүл ухаанаар, саруул сэтгэж явуулбал НЭР ХУГАРДАГГҮЙ болохоор цаашид үнэхээр хэлсэндээ хүрч үл ялгаж хамтад нь “балгаасай”.
Б.Эрдэнэ

2013.02.28