Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа билээ. Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээнд улсын хэмжээнд 2-5 насны 6353 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд үүнээс 297 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юм. Харин нийслэлийн хэмжээнд 609 хүүхэд харагч ажиллаж, 2942 хүүхэд хамрагдаж эхэлсэн байгаагаас Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 1295 хүүхэд хамрагджээ. Харин Багануур, Багахангай дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхлээгүй байна.

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015” стандарт баталсныг мөрдөж байгаа. Аймаг, нийслэлийн хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хүүхэд харагч нарыг бэлтгэх сургалтыг аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсүүд зохион байгуулж, 2557 иргэнд “Хүүхэд харагчийн гэрчилгээ” олгосон юм. Хүүхэд харах үйлчилгээнд 10328 хүүхэд хамруулахаар 2016 оны Улсын төсөвт 10,6 тэрбум төгрөг тусгасан боловч үйл ажиллагаа нь 4 дүгээр сараас эхэлсэн учир 5,5 тэрбум төгрөг төсвийн тодотголоор танагдсан аж. 2016 оны 4, 5, 9, 10 дугаар сарын санхүүжилтэд 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 2,8 тэрбум төгрөг олгожээ. Одоо хамрагдаж буй 6353 хүүхдийн тоогоор 2016 оны 11, 12 дугаар сарын хувьсах зардалд нийт 1,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу хүүхэд харах үйлчилгээнд 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 26-ны өдөр хяналт, шалгалт хийжээ. Шалтгалтын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэг болон Хэнтий, Төв, Дархан-Уул, Орхон аймгийн нийт 631 хүүхэд харах үйлчилгээний нэгжээс санамсаргүй байдлаар түүвэрлэн сонгосон 29 хүүхэд харах үйлчилгээний нэгжид очиж ажилласан юм. Шалгалтыг Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” стандарт болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх зорилгоор явуулсан байна. Үүнд:

  1. Хүүхэд харах үйлчилгээний үндсэн шаардлага
  2. Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага
  3. Хүүхдийн хоол хүнсэнд тавих нийтлэг шаардлага
  4. Үйлчилгээний байрны дотоод, гадаад орчинд тавих шаардлага
  5. Хүүхдийн эрүүл мэнд, эерэг харилцааг дэмжсэн асран хамгаалалтад тавих шаардлага
  6. Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйл/эцэг эх болон хүүхэд харагчаас асуух тандалт судалгаа, ажиглалт/
  7. Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт /баримт бичгийн шалгалт/

Шалгалтад хамрагдсан нийт 29 нэгжид 407 хүүхэд хамрагдаж байв. Эдгээр нэгжид нийт 100 хүүхэд харагч ажиллаж байгаагаас 91 нь хүүхэд харагч бэлтгэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авчээ. Харин есөн иргэн тус сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй байсан аж.

Дээрх 29 нэгжээс долоо нь стандартад заасан хүүхдийн тооноос олон хүүхэд хамруулжээ. Гурав нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан үйл ажиллагаа явуулж, хөгжлийн бэрхшээлтэй нийт 42 хүүхэд хамрагдсан байна. Өөр дөрвөн нэгжид хөгжлийн бэрхшээлтэй зургаан хүүхэд хамрагджээ. Нэгжүүдээс өөрийн өмчийн 11, түрээсийн 13, зээлийн байранд нэг, орон нутгийн өмчийн байранд дөрөв нь байрлаж байна. Үүнээс 15 нэгж нь орон сууцанд, 14 нэгж нь хашаа байшинд үйл ажиллагаа явуулдаг аж. Ингээд Хүүхэд харах үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, журам, стандартад өөрчлөлт оруулан үргэлжлүүлж, сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Хүүхэд харах үйлчилгээг цаашид урт хугацаанд үргэлжлүүлэх асуудлыг төрөлт болон цэцэрлэгийн хүртээмжийн асуудалтай холбон БСШУСЯ-тай хамтран судалгаа хийж, хамтран ажиллах шаардлагатай байгааг салбарын сайд нь хэлж байсан.

Хүүхэд харах үйлчилгээний талаар Н.Номтойбаяр: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар бол хувилбарт цэцэрлэг гээд тодорхой зүйлс бий. Гэтэл энэ үйлчилгээ хувилбарт цэцэрлэгийн алинтай ч нийцдэггүй юм. Тиймээс ямар стандарт, дүрэм журам мөрдөх вэ гэдэг зарчмын асуудал үүснэ. Мэдээж сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар үүнийг зохицуулаад явчихвал манай яамны хариуцах ажил ердөө ч биш. Шинэ хууль, шинэ томъёолол, шинэ стандарт гаргаж ирээд төр засгийн гүйцэж чадахгүй байгаа сургуулийн өмнөх боловсролын хомсдол бүхий орон зайд тулгуурлаад нээгээд явуулаад байгаа юм. Нэг талаасаа ажлын байр болгоод, зөв л дөө. Гэхдээ ажлын байр бий болгох чинь тэргүүн бодлого биш. Хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд өсч бойжих тэргүүн бодлогоо баримтлах хэрэгтэй. Ямартай ч ирэх оны төсөвт 5.8 тэрбум төгрөг суулгасан. Ингэхдээ хүн бүрийн оролцоотойгоор орчин нөхцөлийг бүрдүүлж, сайжруулах ёстой. Аав ээж, хүүхэд харагч, багш, төр засгийн зүгээс бүгд оролцох хэрэгтэй” гэсэн юм.

Хүүхэд харах үйлчилгээний талаар цаашид

  1. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хүүхэд харах үйлчилгээг хувилбарт цэцэрлэгийн үйлчилгээнд шилжүүлэх,
  2. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтарч,
  3. Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний нэгжүүдэд шалгалт хийж аттестатчилах арга хэмжээ авах,
  4. Хүүхэд харагчийг чадваржуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, орчин нөхцөлийг сайжруулах, стандартын шаардлагыг хангах, нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг улсын төсөвт суулгах, бусад эх үүсвэрээс олоход анхаарч ажиллах юм байна.

Ингэснээр хүүхэд харах үйлчилгээ илүү төгөлдөршихийн зэрэгцээ өнөөдөр бий болоод буй ойлгомжгүй байдлууд цэгцрэх аж.

М.Мөнгөн