"Лидер"-үүд нь гээгдсэн АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо
2016/11/17
-Сонгуульд ялагдал хүлээснийхээ маргаашнаас л шинэчлэлийн асуудлаа хөндсөн АН-ынхан ҮЗХ-ны хурлаа тус намын "лидер"-үүд гэгддэг З.Энхболд, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Баярцогт наргүйгээр хийж, шинэчлэлээ эхлүүлэв-
УИХ-ын ээлжит сонгуульд ялагдал хүлээснийхээ маргаашнаас л "шинэчлэл"-ийн асуудлыг хөндсөн АН-ынхан өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хэдэнтээ товлосон ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж, тэр хэрээр олон нийтийн зүгээс тус намыг толгойноосоо хөлөө хүртэл шинэчлэгдэх ёстойг хэлж, ярьсаар ирсэн билээ. Тэгвэл араасаа олон хэл амыг дагуулж, улс төрийн хүрээнд битүүхэн хүлээлтийг бий болгоод байсан АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр 70 орчим хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хэдийгээр гишүүдийн ирц хангалттай байсан ч тус намын “лидер”-үүд гэгддэг З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын улстөрчид Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаа хүрэлцэн ирсэнгүй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарын хувьд хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татах сэдвийн нэг байлаа. Бусдынх нь хувьд тодорхой шалтгаантай гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын өмнө мэдэгдэв.
Тэрбээр “Бид ҮЗХ-ны бүх гишүүнд хурлын зарыг хүргэсэн. Одоогийн байдлаар З.Энхболд дарга гэр бүлийн хүнээ гадаадад эмчлүүлж байгаа тул оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэхдээ ирэх сарын 6-нд болох намын Их хурлаас өмнө ирнэ гэсэн. Харин Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хүндэтгэх шалтгаантай учир хуралдаа ирж чадахгүй гэдгээ илэрхийлсэн" гэв.
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн ярьж байгаагаар энэ удаагийн хурлаараа намынхаа Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийг томилох, намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг ярилцахаар зэхжээ. Гэхдээ урьтаж намын шинэчлэлийн асуудлыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байгаа нь илэрхий байлаа. Ингээд АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын өмнө зарим гишүүний сэтгэгдлийг сонссон юм.
Д.Ганхуяг: ҮЗХ-ны хурал өмнө нь хуралдчихсан байсан. Бид хамгийн эхэнд намын дүрмээ шинэчлэх асуудлыг хөндөх хэрэгтэй. Дараа нь ирэх сарын 6-нд болох Их хурлын тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгох ажил эхэлнэ. Үүнээс гадна хувь хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж болно. Гэхдээ намаас ямар нэг шийдвэр гараагүй.
Д.Батцогт: Намын удирдлагын баг хаанаас яаж сонгогддог асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Миний хувь АН-ыг шинэчлэх процесс зөв явж байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ удаа бид намын дүрмээ шинэчлэх ажлаа хийх ёстой. Ингэснээр намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд намын дарга нь хэрхэн сонгогдох, ҮЗХ-ны гишүүдээ яаж сонгох, аймаг дүүргийн намын хороодын дарга нараа яаж сонгох зэрэг асуудлыг илүү тодорхой болгоно.
П.Цагаан: АН шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа авахуулаад намын дүрмээ дагадаг байх нь чухал. Дүрэмтэй байсан АН дүрэмгүй нам болчихоод байна. Шинэчлэлийг хуйвалдаан, хуучин аргаар хийхгүй. Дүрэмдээ салхи оруулах гээд байгаагийн гол шалтгаан энэ. Энэ бол тийм ч хэцүү асуудал биш.
Л.Эрхэмбаяр: Ихэнх гишүүд нийт намынхаа гишүүдийн дундаас сунгаагаар намын даргаа сонгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Намын үндсэн дүрмийн тав, зургаан төсөл бий. Энэ хурлаар эдгээр төслөө нэгтгээд Их хуралдаа нэг төсөл оруулна. Намын үндсэн дүрэмд ҮЗХ-ны гишүүдийг дүүрэг, аймгийн намын хорооноос сонгодог байсныг тухайн тойргийн нийт гишүүдээс сонгодог байх санал гарсан.
Р.Амаржаргал: АН-ын ҮЗХ-г шинэчлэх шаардлага байна. Гэхдээ шинэчлэх механизм нь хувь хүний хүсэл зорилгоос хамаардаггүй байвал зүгээр. Өнөөдөр манай намд тулгамдаад байгаа асуудал нь дотоод ардчилал. Намын дарга, удирдлагуудыг сонгох процесс нь дотоод ардчилалтай болж чадах уу гэдэг нь чухал. Тиймээс нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад, гишүүдээс нь намын даргыг сонгох нь зөв гэж бодож байгна.
Ажлын хэсэгт орж ажиллах гишүүдээ сонгов
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хаалттай болж, маргаантай үргэлжилсэн. Учир нь, зарим гишүүн Их хурлыг зохион байгуулах, намын дүрмийг шинэчлэх хоёр Ажлын хэсгийг байгуулаад бусад асуудлыг хойшлуулах нь зөв гэх саналыг гаргасан байна. Харин энэхүү саналыг эсэргүүцсэн гишүүд товлосон бүх асуудлаа хойшлуулахгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэжээ. Гэсэн ч 18:00 цагийн үед ҮЗХ-ны хуралдаанаар Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүдийг баталжээ. Түүнчлэн Их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч хэлэлцэн баталсан талаар эх сурвалж өгүүлэв. Дугаар шилжих мөчид АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байлаа.
Эх сурвалж: