Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. Тэрбээр дөрвөн жилийн өмнө “MY VOICE” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Тэгвэл поп дива дуучин бүсгүй энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “MY VOICE-II” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох юм. Түүний гайхалтай хоолойгоор бүтээгдсэн шинэ дуунууд болон үзэгчдийн хайртай дуунууд ч тэр үдэш эгшиглэнэ. Дуучин С.Нарантай тоглолтын бэтгэлтийн үеэр нь ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

-Удахгүй хоёрдах тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын онцлогийн талаар?

-2009 оны сарын өдийд Монголд анхны тоглолтоо хийсэн. Одоо бол дөрвөн жилийн дараа намрын сайхан сард хоёрдох тоглолтоо хийх гэж байна. Дөрвөн жил туурвисан шинэ уран бүтээл болон хуучны хүн болгонд хүрсэн маш баялаг тоглолт болох байх гэж найдаж  бэлтгэлээ хийж эхэлсэн. Тоглолт болгон жил ахих тусам шинэ урын сангаар нэмэгддэг. Үүнтэй ижилхэн миний цомогт нэлээн баялаг уран бүтээл орсон байгаа. Тэгэхээр үзэгч, сонсогчдтойгоо шинэ дуугаар уулзана.

-Дуучин хүнд дууны  үг өөрт нь их таалагдаж байж тухайн дуугаа амилуулж дуулдаг байгаа. Таны бодол?

-Дууны үг, аялгуу хоёр хоёулаа маш сайхан хослосон байх хэрэгтэй. Тэгээд дуучин хүний хоолой энэ бүгдийг илэрхийлэх чадвар нь тухайн дуутайгаа зохицсон байх ёстой. Ингэж байж л дуу бүтдэг. Хэрвээ аль нэг нь зохицоогүй байвал тэр болгон амжилт олдоггүй. Тэгэхээр дууны үг, аялгуу, дуучин, хөгжмийн найруулга энэ бүгд маш сайхан хослох ёстой л доо. Зөвхөн нэг нь биш.

- Монголд таны хувьд хөгжмийн найруулга дээр сайн найруулагч хэн байна?

-Би маш олон хөгжмийн найруулагчтай хамтарч уран бүтээл дээр ажиллаж байсан. Миний хамгийн их хайрлаж, хүндэтгэж, найзалж явдаг бас бие биеэндээ зөвлөгөөг өгч, санал бодлоо хуваалцдаг хүн бол “UP music” продакшны продюссер Н. Халиун. Мөн сүүлийн үед н.Пүрэвсүх маань үнэхээрийн гайхамшигтай. Миний “Сайхан” гэдэг цомогт  ихэнх дууны маань хөгжмийн найруулгыг хийсэн.  Байдраг, Гандөрөм ер нь надтай хамтарч ажиллаж байсан бүхий л хүмүүс авьяастай. Өөр өөрийн гэсэн өнгө төрхийг гаргадаг гайхалтай уран бүтээлчид.

-Та маш олон цомог гаргасан дуучин. Тэгсэн мөртлөө яагаад тоглолтоо дөрвөн жилийн зайтай хийгээд байна?

-Энэ хооронд маш завгүй ажилладаг л даа. Ерөнхийдөө бүхэл бүтэн тоглолт хийнэ гэдэг чинь маш олон хүний цаг зав, ухаан, авьяас гээд бүх л зүйл нийлэх ёстой. Гэтэл ямар нэг зүйл нь нийлэхгүй цаг хугацаа нь болоогүй л бол хүлээхээс өөр аргагүй байдаг. Тэгэхээр манайд урлагт зүтгэж буй продакшн, хөгжимчид хэдийгээр олон байдаг ч гэсэн яг надтай хамтраад ажиллах хүмүүс нь тэр болгон завтай байдаггүй. Тийм болохоор тэд нарыгаа хүлээх бас өөрийгөө бэлтэх, шинэ уран бүтээлүүдээ туурвих хэрэгтэй. Үүнийгээ мөн хүмүүст хүргэх, таниулах гээд маш олон ажлуудыг ардаа өнгөрөөж байж л тоглолтоо хийнэ л дээ.

-Сүүлийн үед Монголд нэг цомог гаргачихаад удалгүй бие даасан тоглолтоо хийж буй залуу уран бүтээлчид олон болсон. Энэ нь хувь хүнээс шалтгаалж байна уу?

-Аливаа зүйлд чинь хувь хүн гэдэг хамгийн том зүйл. Ер нь хувь хүнээс л бүх зүйл шалтгаална. Тухайлбал, уран бүтээл, хувь хүний ухамсраас үүдэж бүхий л зүйлийн үр дүн илэрдэг. Тэгэхээр тэр үр дүн нь ямар үр дүн авч ирээд байна гэдэг нь тодорхойлогдоно. Тийм болохоор тэр хүмүүсийг шүүмжлэхдээ гол нь биш, ухамсар ёс зүй өөрсдийнхэн ухааны хязгаар ямар байна тэр зүйлээрээ л үйлдлээ үзүүлж явдаг.

-Та уран бүтээлээ дуулаад дууссны дараа ямар мэдрэмж таашаалыг мэдэрдэг вэ?

 -Үнэхээрийн сайхан таашаалыг авдаг. Үүний төлөө л дуугаа дахин дахин дуулдаг байхгүй юу /инээв/ . Дуу дуулна гэдэг чинь тайз нь дээрх гэрэл, хөгжим, миний хоолой, үзэгчдийн гайхамшигтай нүд, намайг харж байгаа мэдрэмж, сонсож буй сэтгэлийн хөдөлгөөнүүд нь  гайхалтай нэгдэл нь тэр таашаалыг бэлэглэдэг. Тийм болохоор тэр мэдэрсэн таашаалыг дахин дахин авахын тулд дахин дахин дуулдаг юм.

-Бүр илүү хүчтэй мэдрэмжийг аль дуунаасаа авч байв?

-Ер нь бүх дуунуудаасаа авдаг. Тухайн орчин өөрийн гэсэн өнгө аясыг бүрдүүлдэг учраас орчин болгонд л өөр өөр таашаал, мэдрэмжийг авна.

-Тэгвэл дуучин С.Наран өөртөө таалагдсан уран бүтээлээ олны хүртээл болгодог гэж дүгнэж болох нээ?

-Тийм.

-Таны маш олон уран бүтээл бий. Түүнээс Welcome to my heart эхлээд Аавдаа үнсүүлэхийн жаргал дуунуудад сонсогчид илүү хайртай байдаг. Эдгээр уран бүтээлийн туурвих болсон түүх?

-Бүх хүмүүсийг амьдруулж тэжээж байдаг зүйл бол хайр. Аав ээжийн, анд нөхдийн, амраг хосын хайр, байгалиа хайрлах, хүүхдээ хайрлах хайр гээд олон төрлийн хайр бий. Энэ бүгд чинь нийлээд энэ ертөнцийг авч явж байгаа гол оньс нь юм. Тэгэхээр энэ оньсийг түлхүүрддэг зүйл нь дуу хуур л тэр мэдрэмжийг нь тайлж, сэргээж өгдөг юм. Тийм болохоор л монголчууд аав ээжийгээ мөн уул усаа дуулах дуртай хүмүүс. “Welcome to my heart” дуу бол байгаль дэлхийтэйгээ хайр дурлал нь яаж эгшигдэж буйг харуулсан дууны үг, клип нь хүртэл маш сайн бичигдсэн дуу.

-Энэ удаагийн тоглолтоороо үзэгчдэдээ ямар мэдрэмжийг төрүүлнэ гэж бодож байна?

-Аливаа зүйлийг амлана гэдэг өөр зүйл л дээ. Хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй, мэдрэмжүүдийг шаардаж байдаг учраас би бүх хүнд тааруулсан тэр таашаалыг бүгдэд нь гаргаж чадахгүй. Гэхдээ хамтарч ажилласан уран бүтээлчид, гайхамшигтай Монголын авьяастануудтай хамтарч бүтээсэн дуунууд маань тайзан дээр амьд хөгжимтэй, морин хуур чуулга, “Оn&Off” продакшн, залуу хөгжимчид энэ бүгд хослон нийлж байж та бүхэнд хүрнэ. Тэгэхээр зөвхөн С.Наран биш бүхэл бүтэн том баг хамтран ажиллаж, сэтгэл зүрхээрээ ганцхан үдшийн баярын төлөө бэлдэж байна. Тийм болохоор энэ олон хүний эрч хүч, сайхан сэтгэлийн эрч хүч нь бүгдээрээ тайз нь дээр авах гэж буй гоё таашаалыг бүгдээрээ хүсч байгаа учраас үзэгчид болон бидний  энэ хүсэл мөрөөдөл нь хоорондоо мөргөлдөж, нийлэх байх гэдэгт би найдаж байна.

                                                                                                                                                        

                                                                                                                                                          Ярилцсан: Х.Даваанаа