МАН сонгуульд ялав. Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томиллоо. Энэ бол одоогоос яг дөрвөн сарын өмнө болсон явдал. 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр л дөө. Тэр өдөр УИХ-ын чуулган дээр Н.Баяртсайханыг хөдөлмөрийн эдийн засагч, улстөр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлсэн гээд л “үхтэл” нь магтаж байгаад Монголбанкны ерөнхийлөгч болгосон. Хамгийн гол нь түүнийг томилогддог өдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 2.037.51 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өнөөдөр 2.451.72 төгрөг болтол өсчээ. Бүтэн 414.21 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Олон нийтийн зүгээс валютын ханш ийн “галзууртал” өсч байгаагийн буруутнаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг нэрлэж байгаа юм. Учир нь түүний хийсэн мэдэгдлүүд ам.долларын өсөлтийн шалтгаан нь болж байгаа аж. Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах дөрвөн сарын хугацаандаа хэд хэдэн удаа мэдэгдэл хийжээ.

2016 оны долдугаар сарын 30-нд "Төвбанкинд гадаад валютын цэвэр нөөц байхгүй болсон. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад валютын цэвэр нөөц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байна” гэв.

2016 оны наймдугаар сарын 18-нд “...Өнөөдрийн валютын ханшийн өсөлт бол зохиомол гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тийм болохоор хүмүүсийг өнөөдрийн ам.долларын ханшид битгий хуурт, битгий сандар гэдгийг хэлье. Цаад учир шалтгааныг нь ч гадарлаж байна. Хэн ийм зүйл хийгээд байгааг ч мэднэ" гэжээ.

2016 оны есдүгээр сарын 29-нд “...Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй” хэмээв.

2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд “...Валютын ханшийг бууруулна гэж амлах боломжгүй” гэв.

Үр дүнд нь өнөөдөр нэг ам.доллар 2.451.72 төгрөгт хүрэв. Энэ бол тоглоом биш. Улстөрчдийн амаараа хийдэг PR биш. Н.Баяртсайханы хувьд эдийн засгийн онолоор чуулганы танхимд олон жил ярьсан байж болно. Бас Сангийн сайдаар ажиллаж байсны хувьд энэ талаар мэдээж МАН-даа шилдэг боловсон хүчин байж таарна. Харин Монголбанк бол УИХ биш. Тэнд дураараа ярьдаг шигээ хэлсэн нэг л үг чинь бүтэн улсаараа дампуурах үүд хаалгыг нээсэн байж ч магад гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгчид сануулъя.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: polit.mn