“Бидний ч биш хэний ч биш өмч” хэмээн Б.Цэнддоо төрийн өмчит компаниудыг тодорхойлсон байсан. Үнэхээр төрийн өмчит компаниуд хэн нэгний өмч биш бас хэний ч өмч биш нь үнэн.

Төрийн гэх тодотголтой боловч хэний ч өмч биш учраас өдийг хүртэл удирдлагууд нь хоноцын сэтгэлээр хандаж төрийн өмчийг мөнгө угаах хэрэгсэл болгон ашиглаж байна. Өнөөдөр төрийн өмчит компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн тооцоо бий. Төрөөс дэмжлэг татаас авч, эрх ямба эдэлдгээрээ хамгийн ашигтай ажилладаг нь төрийн өмчит компаниуд баймаар. Гэтэл өчнөөн жил ашиггүй ажиллаж эцэст нь дампуурах дөхөхөөрөө хувьчлагддаг жишиг аль хэдийнэ бий болчихжээ. Хачирхалтай нь дампуурал зарлаад өнөө маргааш­гүй болчихсон компаниуд хувьч­лаг­дахаараа ашигтай ажиллаад эхэлдэг.

Овойж оцойхоор ашигтай ажилладаггүй юм гэхэд алдагдалгүй ажиллах боломж тэдэнд бий. Гэтэл эсрэгээрээ жил бүр олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж улсаас татаас аваад л сууж байна. Нөгөө талд нь элдэв дарамт, хавчлага дор ажилладаг хувийн хэвшлийнхэн ашигтай ажиллаж манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг үйлдвэрлэж байна шүү дээ. Ганцхан жишээ дарьдахад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах үйлдвэрүүдээс ганц ашиггүй ажиллаж байгаа нь төрийн өмчийнх байна. Энэ мэтчилэн төрийн нэрээр түмний хөрөнгийг үрэн таран хийж буй зарим жишээг дурьдъя.

 

МИАТ-ЭЭР МӨНГӨ УГААСАН ХЭРЭГ

МИАТ  ТӨХК сүүлийн жилүүдэд байнга л алдагдалтай ажиллаж ирсэн. Тус  компани жилд 139 “тэрбум төгрөгийн зар­лага гаргаж, 130 тэрбумын ашиг олон есөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна” хэмээн удирдлагууд нь мэдэгдэж байв. Түүнчлэн МИАТ алдагдалтай ажиллаж байгаагийн гол шалтгаан нь өндөр үнээр шатахуун авдагтай холбоотой хэмээн тайлбарладаг байсан юм. Цаашилбал алдагдалтай ажиллах гол шалтгаан болж байсан гэх шатахууны үнийг ч удирдлагууд нь зохиомлоор өсгөж байсан баримт бий. Зам тээврийн сайд А.Ганхуяг саяхан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “МИАТ компанид бүтцийн өөрчлөлт хийж 2.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болсон” гэсэн. Цаашилбал үр ашиггүй зардлаа танавал энэ компанид алдагдлаа нөхөж ашигтай ажиллах боломж бий. Хамгийн гол нь МИАТ-ийг өдийг хүртэл толгойлж байсан хүмүүст энэ компанийг ашигтай ажиллуулах сонирхол байгаагүй. Эсрэгээрээ ашиггүй ажиллуулах нь тэдэнд ашигтай байсан хэрэг. МИАТ компанийн орлого болох ёстой байсан мөнгийг хувьдаа завшсан, зарлагаа зохиомлоор нэмсэн гээд энэ компанийн удирдлагууын увиагүй үйлдэл сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч байгаа. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг хянаж байх үүрэгтэй ТӨХ-ны удирдлагууд ч мөн хариуцлага хүлээх ёстой байх. Гэтэл МИАТ-д мөнгө угаасан хэргийн талаар ТӨХ-ны дарга асан Д.Сугар “Ийм зүйл болсныг сонсоод үнэхээр гайхаж байна. Би мэдээгүй юм байна” гээд л хээв нэг сууж байсан. Төрийн чухал алба хашиж байсан хүн гэхэд байж боломгүй хариулт шүү.

 

ТАВАНТОЛГОЙН ДАМПУУРАЛ

Ердөө хоёрхон жилийн өмнө “Монголын нүүрс дэлхийн зах зээлийг зорилоо” хэмээн нээлт хийж бөөн сүр болж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр дампуурлаа зарлахад ойрхон байна. Нүүрсний нөөцөөрөө дэл­хийд дээгүүрт ордог энэ уурхай үүдээ барьж байна. Компанийг дампуурлын ирмэгт тултал нь доройтуулсан буруутан нь улстөрчид. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК тээврийн компаниудад өгөх мөнгөгүйгээс болж нүүрсний тээвэрлэлтээ зогсоочихоод байна. Өмнөх Засгийн газрын “Чалько” компанитай хийсэн дэндүү хөөрхийлөлтэй гэрээнээс болж өнөөдөр бид ацан шалаанд орчихлоо. Уг нь “Эрдэнэс Тавантолгой”-н ирээдүйг бид арай л өөрөөр харж төсөөлж байлаа. Гэтэл одоо энэ компанийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Алс хэтээ бус өнөө маргаашаа харж хийсэн үйлдэл нь эргээд хүзүү ороолоо. “Эрдэнэс Тавантолгой” компани “Оюутолгой”-той үйл ажиллагаагаа бараг л зэрэг эхлүүлсэн. Гэтэл Өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэр хугацаанаасаа өмнө ашиглалтад орчихсон байгаа бол  “Эрдэнэс Тавантолгой” ХК дампуурах шахаж байна. Энэ бол компанийн үйл ажиллагаанд төрөөс хэт их оролцсоны гай.  Өөрөөр хэлбэл төрийн өмчит компанийг сонгуулийн золиос болгож буй бодит жишээ юм. Манайхан “Оюутолгой” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын гэрээг сайн муу элдвээр хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ ямар ч болсон бай тус компанийн ажил урагштай байна. Энэ мэтчилэн дурьдаад байвал төрийн өмчит компаниудтай холбоотой но их бий. 

 

Н.Санжаасүрэн