Туйлшрал
2013/03/03
Монголын ээжүүд анхдугаар их хуралдайгаа өнгөрсөн ням гарагт АСА циркэд хийлээ. Хуралдайд үг хэлж буй ээжүүд голдуу улс төр ярьж, МУ-н ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муучилж, харин Н.Энхбаярыг өрөвдөж, уйлах нь халаг суллахыг шаардацгааж байв.
Өнөөдөр монголын нийгэмд ээжүүдийн сэтгэлийг зовоож байгаа зүйл Н.Энхбаяраас өөр байхгүй бололтой. Нэгийг нь хэт тахин шүтэж, нөгөөг нь муучилж байгаа нь үнэндээ ээжүүдийн сэтгэлээс гарч буй үнэн үг гэхэд итгэхэд бэрх.
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх хурлаар хэлэлцэж, ял оноосон. Энэ л асуудал ээжүүдийн сэтгэлийг түгшээж буй. Харин нийгэмд болж буй бусад зүйлд ээжүүд тэр бүр эмзэглэдэггүй нь хуралдаанд үг хэлж буйгаас харагдлаа.
Монголд өнөөдөр гэр бүлийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар болж. Энэ байдал ээжүүдийг эмзэглүүлэхгүй байна гэж үү.. Өрх толгойлсон ээжүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, аавыгаа ээжийгээ санагалзсан балчир жаалууд хагас өнчин гэх тодотголтой өсөж байна. Энэ бүх улс орны нарийн ширийн асуудалд ээжүүд эмэгтэй хүний нарийн мэдрэмжээрээ хандахгүй байгаа нь харамсмаар. Монголын залуучууд архинд толгойгоо мэдүүлж, охид, бүсгүйчүүд нь харийн хүний өврийг бүлээцүүлж явна. Хүсээгүй жирэмслэлт гэх зүйл газар авч, ээжийнхээ гэдсэнд бүрэлдэж, хорвоод хүн болж төрөх гэж байгаа үрсийн амийг тасалж байна. Аборт хийлгэх нь ердийн үзэгдэл болчихож. Энэ бүхэнд ээжүүдийн сэтгэл эмтэрч, халаглахгүй байна гэж үү.
Хуралд оролцож, индэрт гарч үг хэлж буй ээжүүдийн амнаас "МУ-д 37 оны их хэлмэгдүүлэлт эхэлж, эхнээс нь хүмүүсийг хүчээр барьж хорьж байна. Ц.Элбэгдоржоо чи ээжгүй хүн үү, Н.Энхбаярыг сулал.” гэх мэт үгсийг хэлж байлаа. Ёстой л ээжүүдийн сэтгэл үрдээ биш, харин Н.Энхбаярт болчоо юу даа. ““Үрийн санаа ууланд, эхийн санаа үрд” гэдэг. Та нар өөр юм бодож явахад, би та нарыгаа л бодож явдаг” гэж ээжүүд үрээ зэмлэдэг. Харин 21-р зуунд дээрх үг хүртэл шинэчлэлийн салхинд өөрчлөгдөж, үрийн санаа эхэд, эхийн санаа Н.Энхбаярт болоо юу даа.
МАХН-ынхан өнөөдөр намын дарга Н.Энхбаярыгаа хэргээс мултлахын тулд ээжүүдийг ашиглан нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдого хийсээр байна. Алдарт эхийн одонтой ээжүүдийг өлсгөлөн зарлуулж, эцэст нь эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан ээжүүдийн хуралдайг зохион байгуулж. Н.Энхбаярыг өрөвдүүлэн яриуллаа.
Ээжүүдийг хуралдсаныг буруутгах гэсэнгүй ээ. Харин ярилцсан асуудал нь Н.Энхбаяраас хэтэрсэнгүй. Ээжүүд Н.Энхбаярыг өмгөөлөн хамгаалж, магтан дуулж, хэтэрхий туйлширлаа. Тэд нийгмийн эмзэг асуудлын талаар тийм ч их ярьсангүй. Өдрийн од шиг цөөхөн ээжүүд л нийгмийн асуудал ярьлаа. Бусад нь бүгд улс төр ярьж, Н.Энхбаярыг магтан дуулж, бусад нам эвсэл, урьд урьдын төрийн тэргүүн болон одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг муучиллаа. Түүний ажил, үйл хэргийг үнэн зөвөөр нь дүгнэлгүй, хийж буй үйлдэлийг нь бүгдийг нь буруутгалаа. Энэ бол хэтийдсэн туйлшрал биш гэж үү.
Үнэндээ бол ээжүүд анхдугаар хуралдаанаараа арай л өөр асуудлыг түлхүү ярих ёстой байлаа. Гэвч тэд зөвхөн МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлыг түлхүү ярьж, нийгэмд тулгамдаж буй, тэдний ярих ёстой асуудлуудыг орхигдууллаа. Н.Энхбаяр энхийн цагаан тагтаа, Ц.Элбэгдорж бол хар хэрээ гэсэн ойлголтыг ээжүүд бидэнд өгч байна. Тэд Н.Энхбаярыг хэлмэгдүүлж, Ц.Элбэгдорж шоронд хорьж байна. 37 оны хэлмэгдүүлэлт өнөөдөр эхэллээ” гэх мэтээр сүржин мэдэгдлүүдыг тоть шиг давтлаа.
Харин үр хүүхдийнхээ ирээдүй, тэдний амьдралд тулгамдаж буй асуудлын талаар ярьсангүй. Ээжүүдийг улс төрийн утсан хүүхэлдэй болгон ашиглаж буй энэхүү байдал нь яваандаа нийгэмд эхчүүдийн үгийг үнэгүйдүүлэх аюултай. Аль нэгэн нам эвсэл, улс төрчийг аялдан дагаж, түүний үгийг хэт тахин шүтэж, буруу зөвийг нь тунгаалгүй хэн нэгний үгээр өмгөөлж, хамгаалж буй энэ байдал нь яваандаа ээжүүдийг утсан хүүхэлдэй болгож ашиглахад амар гэх ойлголтыг нийгэмд өгвөл яана. Тиймээс ээжүүд хэтийдсэн туйлшралаасаа салж, үнэн мөнийг нь тунгаан байж, үгээ хэлээсэй. Ээжүүд өнөөдөр хэн нэгэн улс төр, нам хүчний төлөө биш харин үр хүүхэд, ач зээгийнхээ ирээдүйн төлөө дуу хоолойгоо төрд хүргээсэй...
Н.Чинзориг