Өчигдөрхөн хэн нэгэн намайг гомдоож, шархлуулж, сэтгэлийг минь эмзэглүүлсэн мэт сэтгэгдэлтэй би өглөө сэрлээ. Даавуугаар ороогдсон занданшуулсан цогцос мэт хөнжлөөрөө өөрийгөө байдгаар нь ороосон би зүүн талаараа хэвтээд, нэг нүдээ дэрэндээ нааж, нөгөө нүдээ арайхийн нээхэд өчигдөрхөн эр нөхөр маань унтахынхаа өмнө хувцсаа эвхэн тавьсан сандал харагдав. Ингэхэд тэр хаачив? Байрлалаа солилгүйгээр би гараа хөнжил доороос гаргаж, нурууныхаа ар руу явуулан тэмтэрч үзвэл хоосон байв. 

 

Тэр босоо юм байлгүй. Тэртээ хол усны чимээг сонсогдохыг бодвол тэр усанд орж байгаа байх. Гараа хоёр хөлнийхөө завсраар оруулан хавчаад нүдээ аньсан ч гэлээ шалтгаан нь мэдэгдэхгүй гомдлоосоо болж унтаж чадсангүй. Тэгэхээр нь ахин нүдээ нээж нөхрийнхөө тайлж тавьсан хувцсыг ахин ширтлээ. Түүний хүрэм сандлын түшлэгт өлгөөтэй байх бөгөөд дор нь нямбайлан эвхсэн өмд, бас гүйцэд тайлаагүй бүс нь унжиж харагдана. Нэг нүдээ хүчлэн байж би тэрхүү бүсний бараан өнгөтэй арьс, дээр нь гаргасан нүх, бас шар төмөр бүхий товчлуурыг нь анхааралтай ажиглав. Удаан эдэлснээс ч тэр үү нэг нүх нь бусдаасаа хэтэрхий том болжээ. 

 

Нөхөртөө би энэ бүсийг таван жилийн өмнө буюу гал голомтоо дөнгөж бадраасныхаа дараа бэлэглэсэн билээ. Тэр үед миний бие Квондоттигийн өргөн чөлөөнд байх гуталчны газар очоод нэлээд эргэлзсэний эцэст энэ бүсийг худалдан авсан билээ. Эхэндээ би тас хар, эсвэл матрын арьсаар хийсэн бүс авъя гэж бодож байлаа. Дараа нь иймэрхүү бараан өнгийг өдөр ч, шөнө ч зүүж болох юм гэдгийг ойлгосон билээ. Миний нөхөр ямартаа ч чийрэг хүчирхэг эр тул бүс нь барьж улмаар ахин нэмэлт гурван нүх гаргах хэрэгтэй болж билээ. Тэр их идэж, уудаг тул хоолныхоо дараа бүсээ ямагт сулладаг юм. 

 

Бүсэн дээр “a V la sua V” гэж сийлсэн байдаг. Энэ нь Витториод Витториогоос нь” гэсэн утгатай юм. Бидний нэр ийн давхацсан нь надад маш их таалагдаж билээ. Бидний гэрлэх болсон шалтгаан бараг энэ гэхэд болно доо. 

 

Заримдаа би түүнд хандаж: 

-Бидний нэрийг Витторио, Витториа гэдэг. Тиймээс бид ямагт ялагч байх хэрэгтэй гэж хэлдэг байв. 

Ийн бодож байтал нөхөр маань дотоож, богино цамцтайгаа угаалгын өрөөнөөс гарч ирэв. Түүний бие нүсэр том, булчинлаг болохоос ямар нэг илүүдэл өөх харвин үгүй. Тэр сандал, бид хоёрын дундуур орж ирэв. Тэр үед л би түүнийг хэрхэн, яаж намайг гомдоосныг саналаа. Тийм ээ, намайг гомдоосон хүн бол тэр, миний нөхөр байсан бөгөөд түүний ажил дээр болсон үдэшлэг дээр болсон явдал. Таны бодлоор төгс төгөлдөр эмэгтэй хүн гэж хэн бэ гэсэн асуултад миний нөхөр төгс төгөлдөр эмэгтэй гэдэг бол сайхан бие цогцостой, цагаан арьстай, цайвар үстэй англи эмэгтэй гэж хариулсан юм. Ер нь бол хүүхдэрхүү, хөгжилтэй, тамирчин бүсгүйн дүр төрхтэй байх ёстой гэнэ. Тэгтэл би хар үстэй, маш туранхай, өгзөгийг үл тооцвол ер нь бол хавтгайдуу нэгэн. Нүүр царайд минь ч гэсэн ямарваа нэг хүүхдэрхүү, тэр тусмаа хөгжилтэй шинж төрх үгүй. Царай төрх минь өлөн гэж хэлж болох, ногоон нүд, унжуудуу хамартай, ам минь том, бас уруул минь памбагар. Би яг л хөдөөгийн биеэ үнэлэгч шиг тод буддаг байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч надад нүүрээ будах таалагддаг. Учир нь, миний царай төрхийг улам бүр нухацтай болгодог билээ. 

 

Ахиад л нөхрийнхөө хэлсэн үгийг би санахад гомдсон сэтгэл минь ахин сэргэв. Доромжлогдсон, бас хардсан сэтгэл төрнө. Хэтэрхий олон хүн байснаас би гадагш нь ил гаргаж чадаагүй гонсгор байдлыг ямар нэгэн аргаар гадагш нь нулиман гаргах хэрэгтэй байв. Нөхөр маань бөхийж, чихэнд минь хошуугаа хүргэх төдий үнсэв. Би огт хөдөлсөнгүй, гэвч өөрийнхөө хамгийн муухай гэсэн дуу хоолойгоор түүнд хандаж: 

-Үгүй ээ, намайг битгий үнс. Өнөөдөр нэг л биш өдөр байна гэж хэллээ. 

“Өнөөдрийн байж байгааг ээ” гэхийн оронд “өнөөдөр нэг л биш өдөр” гэж хэлснийг анзаараа болов уу, тэр. 

Өнөөдөр чухам миний хувьд “аз жаргалгүй байх” тэр өдөр гэдгийг би бүрэн итгэлтэй байгаа тул би түүнд тэгж хэлсэн билээ. “Аз жаргалгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Энэ бол гэнэтийн муухай, жигшим зүйл. 

 

Нөхрийн маань гайхсан янзтай дуу хоолой сонсогдоно. 

-Юу болоод байна даа, айн? 

-Чи чинь өчигдөр бүх хүний өмнө намайг гомдоосон шүү дээ. 

-Чи чинь солиороо юу? 

-Үгүй, би солиороогүй. Солиотой хүн байсан бол аль хэдийнэ яваад өгчихсөн байх байсан. 

-Чи чинь яагаад байгаа юм бэ? 

-Төгс төгөлдөр эмэгтэйн тухай өчигдрийн ярианы хувьд чи тамирчин байрын маш сайхан биетэй, цагаан үстэй англи бүсгүй бол чиний хувьд төгс гэж чи хэлсэн биз дээ? 

-Тэгээд юу гэж? 

-Ийм бүсгүйн арьс нь тунгалаг цагаан, хөөсөрч буй оргилуун дарсныхтай адилхан гэж чи хэлсэн. Харин надад болохоор чи хөлний минь хооронд лам хүний хар сахал байдаг гэж хэлдэг. 

-Тэгээд юу гэж? 

-Чи үүгэрээ намайг гомдоож шархлуулсан. Хүн бүр л намайг харж, би чиний хувьд төгс төгөлдөр биш гэх шиг болж байсан. 

-Үгүй ээ, энэ бол худал зүйл. Бүгд л хөхрөлдөж инээлдэж байсан тэгэхээр л би тэгсэн. 

-Надад бүү хүр. Чамайг надад хүрэх бүрийд шоргоолж гүйх шиг санагдах юм. 

 

Тэр энэ үеэр орны ирмэг дээр суугаад, хөнжлийг минь бүсэлхий хүртэл сөхөж, өгзөгийг минь илэхийг оролдсон тул би ингэж хэлэхэд хүрсэн юм. Учир нь би дандаа чармай нүцгэн унтдаг л даа. 

-Тэр чинь зүгээр нэг үг биш. Чи хар л даа гэж би түүн рүү хашгираад би өөрийнхөө туранхай, даарснаас болж биржийсэн бараан арьстай гараа үзүүлэв. 

Тэр огт дуугарсангүй хөнжлийг минь татаж, өгзөгийг минь ил гаргав. Тэр яг л тэнд минь үнсэхийг хүссэн бололтой. Би түүний нүүр рүү хүчтэйхэн цохиод авлаа. Хэтэрхий хүчтэй цохисноосоо эрүүг нь хугалчихаагүй байгаа гэж өөрөө ч айх шиг болов. Тэр өвдсөндөө муухай хашгирч, 

-Үгүй, чи чинь яаж байна аа гээд хариуд нь тэр намайг баруун мөрөн дээр минь цохиод авлаа. 

-Намайг доромжилчихоод бас зодно гэнэ ээ. Зод л доо. Өмднөөсөө бүсээ гаргаж ирээд сургаж эхлэх юм биш биз? Хэрэв чи бүсээ авахаар ухасхийвэл би гэрээс чинь бүрмөсөн явна. Чи намайг хэзээ ч олж харахгүй шүү. 

 

Хэлсэн үгнийхээ утгыг бүрэн ойлгуулахын тулд миний хувьд аз жаргалгүй байх гэдэг ойлголтод урт хэлнээсээ болж нөхөр маань дандаа бүсээ шүүрч авдаг тэр явдал орно гэж тайлбарлах хэрэгтэй. Мэдээж хэрэг би өдөөн хатгадаг, хэл амаараа доромжилдог, аль болох хатуу, хорыг нь малтсан үг сонгож авдаг. Тэр үед үнэхээр гомдсон бололтой тэр шууд л бүсээ сугалж аваад намайг өвдгөн дээр минь суулгаж байгаад нэг гараараа хоолойноос минь барьж байгаад, нөгөө гараараа бүсээ далайгаад л зодож гарна даа. Гэхдээ түүнийгээ их бодлоготой хийнэ. Тэр цохилтоо айхтар нарийн хуваарилдаг бөгөөд ойр ойрхон солбиулан зоддог тул өгзөг минь цусан судлаар тэр даруй дүүрдэг билээ. Амьсгалынх нь хэмнэлтэй давхцдаг түүний энэ цохилтыг би огт эсэргүүцдэггүй, амиа аврахыг ч боддоггүй, тиймээс ч сувилагчид тариулах гэж байгаа мэт биеэ суллаад хөдөлгөөнгүй тайван хүлээдэг юм. Бага зэрэг ёолж байхдаа өгзөгөө хөдөлгөнө. Гэхдээ энэ нь цохилтоос бултах гэсэн хэрэг биш, харин өвдөлтийг тэгш хуваарилах гэж тэр шүү дээ. Эцэст нь бахардаж ядарсан нөхөр над руу дайрна. Бүсээ тавьж, гараа хоёр хөлний минь дундуур оруулна. Тэр үед нь би яг л нохой шиг бүсийг нь зууж аваад нүдээ анин үргэлжлүүлэн ёолохдоо энэ удаад арай өөр, нөхрийн төрүүлж байгаа мэдрэмжийг илэрхийлсэн байдлаар дуу алдана. 

 

Хэн нэг нь “Үгүй ер. мазохист, зовлон тарчлаагч хайр дурлал уу?” гэж дуу алдаж магад. Энэ бол огт тийм биш. Би мазохист биш, нөхөр минь ч садист биш. Оновчтой хэлбэл бид зөвхөн тав зургаан хормын туршид л түр зуур ийм дүрд хувилдаг. 

 

Хамгийн гол нь үүний дараа бид хоёуланд нь ичгэвтэр болж бие биедээ хэлэх ч үг олддоггүй. Харин дараа нь ийм зүйлийг ахиж давтахгүй хэмээн андгайлцгаадаг билээ. 

Өнөөдрийн хувьд гэхэд би түүнтэй зодолдохоор зэхэж байхдаа ямартаа ч зодуулах хүсэл огт төрөхгүй байв. Тэгсэн атлаа дотроо: “Алив, бүсээ тайлаад зодооч” гэж хэлэх шиг санагдана. 

Энэ удаад гайхмаар нь онцын зүйл болсонгүй. Тэр сандал руугаа очиж, өмдөө авсан боловч ямартаа ч бүсээ сугалж авсангүй, харин засч харагдав. Түүнийг өдөөн хатгахаар шийдсэн би: 

-Алив, юугаа хүлээгээв? Яагаад занчихгүй байгаа юм бэ? Айгаа юу? Нүцгэн өгзөгөө гаргаад чиний араатан шиг авирыг би хүлээж байна гэв. 

 

Би галзуурсан юм шиг байв. Түүн рүү байдгаараа хашгичиж байхдаа аль болох зодуурыг дааж тэсч өнгөрүүлэх гэж биеэ засч байлаа. Тэр над руу гайхсан харцаар хараад огт хөдөлсөнгүй. 

-Чи үнэхээр айгаад байна уу? Хулчгар. Энэ удаад би чамайг үнэхээр орхиод явна гэхээс чи айж байгаа шүү дээ. Хэрэв чамайг ганц л хөдөлдөг юм бол бидний хооронд бүх зүйл дууссан шүү. 

 

Тэр над руу чулуу шиг хүйтэн харцаар харж, юу болоод байгааг ойлгохыг хүсч байв. Дараа нь огцом өндийж босч явахдаа эхлээд унтлагын өрөө, дараа нь хонгил, эцэст нь үүдний хаалгыг саван гарч одов. 

Надад босч биеэ янзлан хувцаслахаас өөр арга үлдсэнгүй. Миний сэтгэл улам бүр гонсойж юу хийхээ ч мэдэхээ болив. Угаалгын өрөөнөөс гараад толины өмнө будаг хийхээр очихдоо өөрийгөө хараад айж хоцорлоо. Хүнхгэр нүд, асар том ам, хонхор хацар, өлөн хүнийх шиг унжгар уруул гээд. Нүүрээ будаж дуусаад өөрөө өөртөө: 

-Ээжид очоод Витториотой салах болсноо хэлнэ гэж хэллээ. 

Ээж маань хуримын өдрийн маргаашнаас миний шаардсанаар манай байрны доод давхарт амьдрах болсон юм. Харин одоо хүүхэд наснаас минь хойш эргэн тойронд минь зовоон тарчлаагчид байснаас надад ийм хүсэл оргилох болсон гэдгийг би ойлгож байна. Үнэхээр ээж минь надтай хүнлэг бусаар харьцаж байсан тул хүүхэд насыг минь хулгайлан одсон гэлтэй. Эцэгтэй минь ойр дотны харилцаагаа илэн далангүй харуулсаар тэр миний бага насны дурсамжийг үгүй хийж орхисон. Хулгайлсан гэхэд болно. 

 

Хаалганы хонхыг дараад доод уруулаа хазлаж, хүлээж ядан зогсов. 

-Энэ чинь чи юу? Яг хэрэгтэй үе дээрээ ирлээ хэмээн тэр уулга алдав. 

Би түүн рүү дуугүй хараад дотогш орлоо. Түүнийг харах бүрийдээ би: “Хэзээ нэг хөгшрөх юм бол доо” гэсэн бодол төрдөг билээ. Тэр яаж цаг хугацааг даван туулж чаддаг юм бол оо? Тавин настай гэхэд тун чиг толигор, баяр хөөртэй царайтай юм. Яг л гучтай хүн шиг. Үнэндээ тэрбээр Швейцарьт очиж хамгийн өндөр өртөгтэй эмч нараар мэс засал хийлгүүлсэн л дээ. Ямартаа ч тэр ямагт тайван, бас өөртөө итгэлтэй байдаг учир тэр залуухан харагддаг байж болох. Тэгтэл би хорин есхөн настай атлаа хэдийнэ үрчийж эхэлсэн байгаа нь тун шударга биш санагдана. 

-Хэрэг болсон гэв үү? Юунд тэр вэ? 

Яг л зарцдаа хандаж байгаа дээдсийн хүрээллийн авхай шиг тэрээр халаатан доороосоо нүцгэн хөлөө маягтай нь аргагүй гаргаж ирээд над руу зааж: 

-Хумс засалчид очих зав надад үнэхээр байсангүй. Чи миний эрхий хурууны эврийг аваад өгөөч. Яагаадыг мэдэхгүй, байнга л эвэршиж байх юм гэлээ. 

Би ч тэр даруй дэлбэрч орхив. 

-Хумс засалчид оч оо. Өнөөдөр нэг л биш өдөр байна. Үнэнийг хэлэхэд чиний эвэршсэн арьс миний ойг гутааж байна гэв. 

 

Зөвхөн хар амиа л хичээдэг эх минь яг миний бодсончлон байдлаар надад хандаж: 

- Тэгээд яах гэж ирээв? гэж асуув. 

-Эвэр авах гэж л лав биш гэж би хариулав. 

Ээж ширээн дээр байгаа цэцгийг оролдох мэт дүр үзүүлснээ: 

-Чи хэтэрхий бүдүүлэг, тэсэхэд бэрх хүн шүү гэж хэлэв. 

-Витториогоос салж байгаагаа танд хэлэх гэсэн юм. 

-Чи дандаа л тэгж ярьдаг мөртлөө хэзээ ч зүрхэлдэггүй биз дээ гэж ээж хэлэв. 

-Энэ удаад ноцтой шалтгаан бий. Тэр надад хайргүй. Бидний гэрлэлт бүтэлгүйтсэн. 

-Та хоёр хүүхэдтэй болох хэрэгтэй байж. Энэ бол гэр бүлээ авч үлдэх цорын ганц арга. Гэхдээ би эмээ болохоос айдаг шүү. 

 

-Би хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна. Тэднээр чинь яах юм бэ?

-Тэгвэл чи юу хүсээд байгаагаа хэлээч дээ. 

-Би юу ч хүсээгүй. Надаас хулгайлсан зүйлийг чинь авахыг би хүсч байна. 

-Хулгайлсан гэнэ ээ? Чи чинь юу яриад байна аа? 

-Тийм ээ, хулгайлсан. Хулгайлаагүй юм бол чи миний аз жаргалыг авсан. Тийм ээ, миний хүүхэд нас аз жаргалтай байх ёстой байсан. Гэвч чи надад садаа болсон. Энэ бүхнийхээ оронд нөхөртэйгээ завхайрч байсныхаа гэрч болгосон. 

-Хэрэв би андуураагүй бол тэр чинь чиний эцэг байсан байх аа? 

 

Бүх зүйл тийм биш байсныг би сайн санадаг. Тэднийг ор дэрнийхээ ажлыг хийж байхад нууцаар харж мөрдөж байсан охин хүүхдийн зөн совингоор би мэднэ. Бага насны хүүхэд тэднийг харж хянаж байна уу үгүй юу гэж тэд огт санаа зовдоггүй байлаа. 

-Чи түүний эрхтэнийг амандаа хийж, эрхтэнийг нь шувтарч байхыг харсан. Тэр чиний араас хийж байхыг ч би дандаа хардаг байсан. 

Ээж үхэж буй цэцгээ гараараа засч янзлангаа: 

-Тэгээд чи дусав уу? 

-Үгүй ээ, би дусаагүй байна. Чи намайг нууц амрагуудтайгаа эвлэрэхэд ашигладаг байсан. Янз бүрийн арга заль зааж өгөөд, нялх хүүхдэд баймгүй занд сургасан. 

Энэ ч бас худал байв. Би түүний царай руу харж миний худал үгсийг хэрхэн хүлээж авах бол гэдгийг ажиглаж байлаа. 

 

Тэр маш тэвчээртэй байснаа ахиад л:

-Чи дуусав уу гэлээ. 

-Үгүй ээ, би хэзээ ч дуусахгүй. Чи миний залуу насны аз жаргалыг хулгайлсан. Чи намайг Витториод бараг худалдсан. Харин оронд нь энэ байрыг авсан шүү дээ. 

Харин саяын энэ хэлсэн зүйл үнэн билээ. 

Би түүний царайд ямар нэг өөрчлөлт гарах нь уу гэж ахин сайн ажиглав. Гэвч тэр яасан ч үгүй. Юу ч болоогүй юм шиг цэцгээ янзална. 

-Харин одоо эндээс зайл. Надад хийх ажил их байна. Зүгээр болтлоо ахиж бүү үзэгд гэж тэр маш хатуу хэлэв. 

-Би хэзээ ч зүгээр болохгүй гэж би галзуу хүн шиг замдаа хашгичсаар гарч одов. 

Эцэг минь хаягдсан хуучин нэгэн дүүрэгт амьдардаг. Тэр уран барилгач хүн. Нэг мэдэхэд би эцгийнхээ гэрийн үүдэнд ирээд нэрээр нь дуудаж зогслоо. 

 

Тэр намайг тэврээд гэртээ оруулав. 

-Витторио бид хоёр салж байгаа гэдгээ танд хэлэх гэж би ирлээ. 

-Яагаад тэр вэ? 

-Тэр намайг зоддог.

-Яаж зоддог гэж? 

-Тэр намайг нүцгэн чигээр нь орон дээр хэвтүүлж байгаад өмднийхээ бүсээр ороолгодог.

-Чи үүнээс болж түүнийг орхихоор шийдээ юу?

-Тийм ээ, би тантай хамт амьдрахыг хүсдэг учраас түүнийг орхиж байгаа юм гэж би гэнэт хашгирав. 

Би түүний хүзүүнд нь зүүгдээд,

-Арван таван жилийн тэртээ намайг усанд живж байхад намайг аварсанаа санаж байна уу? Би танаас яг одоогийнх шигээ хоёр гараараа барьж байхад та надтай хамт живэхгүйн тулд намайг нүүрэн дундуур минь цохисноо санадаг уу? Намайг зодож жанчиж байсан бүх хүмүүсийг бодвол таны цохилт надад илүү ойр дотно санагддаг шүү. 

 

Тэр айсан бололтой намайг өөрөөсөө түлхээд: 

-Чамайг хэн гомдоогоод байгаа юм бэ дээ? 

-Ээж, нөхөр, бүгд л… 

-Тэгээд болоо юу? 

-Би ээжээс дэмжлэг авахаар очиход тэр намайг алгадсан. 

-Ээж чинь чамд хайртай. 

-Хацар дээр минь гарын ором байхыг харахгүй байна уу? Нөхөр бүсээр зоддог нь багадаагүй байтал ээж ингэж байдаг. Та хар л даа. 

 

Ямар өвчин нь хөдөлснийг бүү мэд би тонгойж, банзлаа сөхөөд өгзөгөө гаргав. Дашрамд хэлэхэд би маш тонтгор дур булаам өгзөгтэй билээ. 

-Хараач, нөхөр маань надтай яаж харьцдагийг. 

Би дотоожоо тайлж өгзөгөө харуулах агшинд нам гүм болсон байв. Гайхмаар юм. Аав миний гараас барьж, хажуу тийш нь аваачаад банзлыг минь буулгав. Тэр миний өмнө зогсоод толгойгоо савчиж: 

-Ингэж болохгүй гэж хэлэв. 

Би түүний гарыг бариад урууландаа аваачин байдгаараа үнсэн байж: 

-Та л намайг аварч чадна гэж үглэв. 

Тэр над руу удтал харж байснаа гараа татаж аваад дараа нь: 

-Чи солиорчхож гэв. 

-Үгүй, би солиотой биш. Та жинхэнэ эр хүн байсан. Харин одоо хумсаа нуусан муур болж. Урьд нь хүүхдээ цохиж чаддаг байсан хэрнээ одоо гэнэт өгзөгнөөс нь айж гэнэ. 

-Чи нөхрөөсөө болж бүр ухаанаа алдчихжээ. Чи эндээс явбал сайн байхсан. 

-Хулчгар, та цохь л доо. 

-Уучлаарай. Би эмэгтэй хүн зодож сураагүй. Харамсалтай байна. 

 

Үнэндээ үүний дараа тэндээс явахаас өөр арга байсангүй. Яг л нөхрөөсөө, бас ээжээсээ явсан шиг. 

Тэндээс гараад машинаараа асар хурдтай давхиж байхдаа гэнэт Жачинто дээр очих ёстой юм байна гэдгээ ойлгов. Нөхөрт гараад таван жил болохдоо нөхрөө араар нь тавьсан цорын ганц эр хүн бол тэр билээ. Заримдаа би өөрөө өөрөөсөө “Араар тавина гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр хүн ороо л биз, гараа л биз, тэглээ гээд ганцхан удаа. Үүнийг хуурсан гэж хэлж болох уу хэмээн асууж байлаа. Нэгэн удаа машины тос дуусчихаад ойрхон засварын газар байдгийг санасан билээ. Тэр газар нэгэн дундаж насны царайлаг эр байх. Тэр өдөр би түүнтэй учир ургуулах гэж огт бодоогүй юм шүү. Ядаж байхад мөнгөгүй байсан. 

Түүнийг миний машиныг үзэж дууссаны дараа мөнгөө төлөх цаг ирэв. Тэр хэтэрхий өндөр үнэ хэлсэн тул гэнэт би:

-Хэтэрхий үнэтэй байна, би өөр аргаар төлж болохгүй юу гэж билээ. 

Тэр гайхсан янзтай нэг над руу, нэг машин руу харсанаа: 

-Алив суу, машины чинь мотор зүгээр эсэхийг явж шалгаадхая гэлээ. 

 

Дараа нь тэр:

-Энэ бол цорын ганц тохиолдол. Би эхнэртэй хүн, эхнэртээ ч хайртай гэж билээ. 

Энэ явдлаас хойш гурван жил өнгөрчээ. Би хоёр ч удаа машинаа сольсон. Засвар үйлчилгээ авах бүрийдээ би зөвхөн түүнийг зорьж очдог байлаа. Намайг төлбөрөө хийх гэх бүрийд тэр “Хэрэггүй, нэгэнт үзүүлсэн үйлчилгэнийх” гэдэг байлаа. 

Тэгэхээр над руу орж, гарсан тэр аравхан хором түүний хувьд насан туршдаа үнэгүй засвар хийх үнэ цэнэтэй байсан юм шиг. 

 

Энэ удаад би түүнийг надад тусалж чадах цорын ганц хүн гэж бодож очив. 

-Хайртай эхнэр чинь чиний араар тавьж байна гэж чи мэдвэл яах вэ? 

-Бодохыг ч хүсэхгүй байна. 

-Тэглээ гэж бод л доо. 

-Тэгвэл алаад өгөх байсан. 

Тэгснээ тэр миний машин руу очоод тойрч үзсэнээ: 

-Нэлээд их гэмтэл байна. Тавин мянган лир болно доо гэж их л хүйтэн хэлэв. 

-Чи засч өгөх үү? 

-Энэ удаад үнэгүй засч чадахгүй. Надад мөнгөө төлөх л болох нь дээ. 

 

Тэгэхэд нь би: -Машинд суучих. Ярих юм байна гэв. 

Тэр дуугүй суулаа. 

-Би үнэгүй засуулах гээгүй. Би урьдын адил мөнгөө төлмөөр байна гэж намайг хэлэхэд тэр: 

-Үгүй ээ хангалттай. Надад мөнгө хэрэгтэй байна. Би эхнэртэй хүн гэж чамд хэлээ биз дээ? гэж уурлалаа. 

-Тийм бил үү? Тэгвэл эхнэр чинь чамайг араар чинь тавиад байна. Үүнийг хэлэх гэж би ирсэн юм гэж шал худлаа ярив. 

-Хэн тэгж байна. 

-Чамайг машин доогуур хэвтэж байхад чинь Флоренцо эхнэр дээр чинь хэвтэж байгаа даа гэж намайг хэлэхэд тэр жинхэнээсээ уурлаж хоолойноос минь зуураад авав. Үнэхээр би үүнийг л хүлээж байсан юм. Тэр нэг хэсэг байснаа гараа авч машинаас буугаад хаалгыг нь савав. 

 

Өглөө нөхөртэйгээ муудалцсанаас хойш бүгдтэй нь холбоогоо таслах гэж. Үнэндээ миний хүссэн зүйл нөхрөөрөө хайрлуулахыг, бас өөрөө хайртай эхнэр нь байхыг хичээсэн. Ингээд би хаалгаа хаагаад гэр лүүгээ буцлаа. 

Гэртээ ороход ханан дахь хадааснаас нөхрийн минь бүс харагдана. 

Италийн нэрт зохиолч Альберто Моравиа

 

Эх сурвалж www.wikimon.mn