Өнөөдөр эхэлсэн чуулганаар ирцийн асуудлаар хэрүүл хийсэн гишүүд энэ асуудалд ч анхаарал нь төвлөрөхгүй, зарим гишүүн санал хурааж буй асуудлаа ч ойлгохгүй байсаар цайны цаг болж, чуулганы хуралдааныг завсарлууллаа.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдэд хандан 15:00 цагт орж ирэхийг анхааруулаад үдээс хойш ирц бүртгэнэ, өнөөдөр та нараас салахгүй гэдэг анхааруулгыг ч өгөөд амжсан юм. Мөн тэрбээр “Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан, Б.Наранхүү нар хурал тасласан. Ардчилсан намын бүлэгт зориуд хэлье. Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа. Би түүнийг таван жил энэ танхимд орж ирж суусныг нь харсангүй. Хуралдаа яагаад суудаггүй юм гэхээр хэвлэлийнхэнд мэдэхгүй юм чинь гэдэг хариулт хэлээд сууж байна билээ шүү дээ тэр нөхөр чинь” гэсэн юм.