Монгол хүн юу хийдэг вэ, юуг хамгийн сайн хийж чаддаг вэ гэж сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр үнэнийг мэдэх гэж  асуулт тавьсан Монгол хүн байна уу? Ер нь Монголчууд юу хийхийн төлөө амьдардаг вэ?  Монголчууд засаглагдагч ард түмэн үү эсвэл засаглагч ард түмэн үү гэж асуулт тавьсан Монголын сэхээтэн байна уу?

 

Түүх нэгэн зүйл хэлж өгдөг. Нөгөө дэлхий дахинд магтан дуулж байгаа Чингис хаан Монголчуудыг дэлхийг ЗАСАГЛАГЧ үндэстэн болгосон биш үү?Амтай бүхэн л уламжлал гэж ярьдаг. Үнэндээ бидний уламжлал бол дэлхийг засаглагч уламжлал болохоос засаглагдагч уламжлал биш гэдгийг ойлгох цаг болжээ.

 

Засаглагч үндэстэн байхад учир байна шүү. Хүн төрөлхтөний төлөө үнэт зүйл байхгүй үндэстэн хэзээ ч засаглагч үндэстэн байж чадахгүй.

 

13-р зуунд Монголчууд засаглагч үндэстэн болж төлөвшсөн. Үүний үр дүнд Европ болон Ази дахь үндэстнүүд энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөл бүрдсэнээс  гадна энэ 2 тивийн ард түмний хооронд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа мэдлэгийг чөлөөтэй солилцож, үндэстэн бүхэн өөрсдийн шашинаа шүтэж өрөөл бусдын шашинд гай болохгүй байх тогтолцоог бүрдүүлж өгсөнөөрөө Чингис хаан агуу байсан, байсаар ч байх болно. Энэ бол Монголчуудын хүн төрөлхтөний төлөөх хэн ч хийж чадаагүй үнэт зүйл юм.

 

АНУ-ын ерөнхийлөгч хамгийн сүүлчийн хэвлэлийн хурал дээрээ олон зүйл ярьсан боловч эцсийн эцэст Орос үндэстэнд хүн төрөлхтөний төлөө хийх нандин зүйл байхгүй гэдгийг зарласан. Өөрийн үндэстнээ эрхэм дээд болгон өрөөл үндэстнийг дорд үздэг Хятадын төрд та бүхэнд хүн төрөлхтөнд хийх үнэт зүйл байна уу гэж анхааруулга давхар өгчээ.

 

Хүн төрөлхтөн бүгд ижил учир аливаа үндэстэн ижил байж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байхыг анхааруулсан.Монголчууд засаглагч үндэстэн байх уу, засаглагдагч үндэстэн байх уу гэж хүн бүхнээс асуух юм бол засаглагч үндэстэн байя л гэх байх

 

Засаглагч үндэстэн байхын тулд хүн төрөлхтөний төлөө үнэт зүйлтэй байхыг боловсролын амин сүнс болгож, дэлхийг засаглагч үндэстэн байх эрдэмийг сургадаг боловсролын тогтолцоотой байх хэрэгтэй. Монголын боловсролын тогтолцоог дэлхийн засаглагч үндэсний боловсролын тогтолцоо болгох хэрэгтэй. Дэлхийг засаглагч үндэстний боловсролын тогтолцооны амин сүнс бол хүн төрөлхтөний төлөөх ёс суртахууны хүмүүжил байдаг.

 

Авилгач гэдэг нь төрийн эрх мэдэлд очсон хулгайч нарыг л хэлдэг шүү дээ. Хулгайч хүн бүтээх чадвар муугаас гадна амьдрах ч чадваргүй байдаг. Ийм нөхдүүдийг хаана, хэн бэлдээд байгааг сонирхон асуусан хүн байна уу?

 

Амьдрахаас өөр хүсэл зорилгогүй , яасан ч яадгийн гэсэн аав ээж, өвөө эмээ нар төрийн хулгайчдыг бэлдэж байгаа нь үнэн. Авилгачдыг таслан зогсоохын тулд авилагчдын ундарга болсон аав ээжүүдийг устгах уу? Үгүй биз дээ?

 

Төрийн хулгайчдын ундарга болсон аав ээжүүдэд моралын хүмүүжил олгохоос өөр зам байхгүй. Боловсрол гэдэг бол зөвхөн хүүхдэд зориулсан тогтолцоо биш аав ээж нарыг тасралтгүй хүмүүжүүлж байх тогтолцоо юм.

 

Монгол үндэстнийг дэлхийн засаглагч үндэстэн болгох тогтолцоо нь аав ээжээс эхлээд төрийн боловсролын тогтолцоо хүртэл үргэлжлэх ёстой.Засаглагдагч үндэстэн байна гэдэг боолын шинж. Монгол юуг засаглаж байна вэ? Таван хошуу малаас өөр засаглаж байгаа зүйл байна уу?

Засаглагч үндэстэн байхын тулд хүмүүнлэг байх нь тодорхой.Засаглагч үндэстэн байхын тулд мөнгө ба мэдлэг хэрэгтэй.

Засаглагдагч байх уу, засаглагч байх уу гэдэг асуудал өнөөдрийн Монголын сонголт болоод байна.

Монголчуудын “сүсэг бишрэл” нь түвдийн далай ламд засаглагдаж байгаа учир сүсэг бишрэлийн боол.

 

Монголын эдийн засаг хэнд засаглагдаж байна?

Мөнгө хэнд засаглагдаж байна?

Боловсрол хэнд засаглагдаж байна?

Шинжлэх ухаан ,технологи нь хэнд засаглагдаж байна гэж бодож шийдлийг нь олох цаг болсон юм биш үү?

Засаглагдагч байна гэдэг бол боол байхын шинж.Боол байх хүсэлтэй ард түмэн ямар ч эрмэлзлэл байхгүй. Эзэн нь шийдэж байгаа учраас тэр шүү дээ. Монголчуудын эзэн нь хэн бэ??

 

Б.П.Түмэннасан.