Өнөөдөр Зул сарын баярын өдөр
2016/12/25
Өнөөдөр Зул сарын баярын өдөр буюу Христийн шашны бурхан мэндэлсэн өдөр. Баруун Европын ард иргэд болон Христийн шашинтай дэлхийн хүн ард уламжлалт баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Христийн шашин шүтлэгтэй хэн ч байлаа гэсэн католик, протестант болон үнэн алдартны сүсэгтнүүд Бурхан мэндэлсэн гэж үздэг энэ өдрийг Григорийн цаг тооллоор тэмдэглэдэг бөгөөд мөнхийн аз жаргал, амар амгаланг билэгдсэн гацуур модны оройд “Вифлеемийн од” зүүдэг заншилтай. Учир нь энэ од тэнгэрт харагдсан үед Есүс мэндэлсэн гэж үздэг.
Есүс Христ чухам хэзээ төрсөн тухай тодорхой цаг тоолол өнөө хэр байдаггүй, энэ тухай Библийн судар болоод Евангелийн дөрвөн сургаалд ч бичиж үлдээгээгүй байдаг байна. Харин Христийн анхны шүтлэгтнүүд Бурханы мэндэлсэн өдрийг бүр анхнаасаа чухалчлаагүй бөгөөд Пасха буюу бурхан дахин мэндэлсэн өдрийг баяр ёслолын өдөр болгож ирсэн байдаг. Энэ өдөр нь арванхоёрдугаар сарын 25-ны өдөр. Тавдугаар зууны үеэс тэмдэглэж ирсэн баярын энэ өдрийг 1582 онд Ромын пап ламтан Григорий XIII гаргаж ирснээр Григорийн гэж нэрлэгдсэн цаг тооллоор тэмдэглэх болсон түүхтэй.
Энэхүү баярыг дэлхий дээр хоёр тэрбум орчим хүн өргөн нижгэр тэмдэглэдэг байна. Зул сарын баяр нь Англиар Merry Christmas гэсэн үг бөгөөд энэ нь Есүс Христийн мэндэлсэн өдөр аж. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, хоорондоо бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг байна.
Мөн 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон гэдэг. 1900-аад оны үеэс бизнесийн салбарт Христмасын бэлгийн худалдаа хүч түрж, өнөөг хүртэл эл худалдаа байсаар байна. Дэлхийн өнцөг булан бүрт үйлдвэрүүд баярын тоглоом чимэглэл, гэрэл болон бусад зүйлсийг үйлдвэрлэх болжээ.
Европын зарим оронд Христмасыг “Xmas” гэж тэмдэглэдэг нь Христийн сүмүүдээс уламжлалтай гэнэ. Учир нь Грект X нь Христийн нэрний эхний үсгийг бичдэгээс энэ нь нийтэд түгсэн аж. Зул сарын баяр болгоноор дуулагддаг “Silent night”, “Jingle Bells” зэрэг дуунууд маш алдартай бөгөөд өдгөө 140 орны хэл дээр орчуулагдан дуулагдаж олонд танигдсан байна.