Монголын рок, попын шилдгүүдийн төлөөлөл болсон Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, Гитарчин Д.Өлзий-Орших, Продюссер Б.Наранзун, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү, дуучин Ч.Цэлмүүн, дуучин Л.Насанбуян,  Repper Gee, Rokit bay, “Бид дөрөв” хамтлаг, “Anemone” хамтлаг нарын “The Mongolian Live Sessions": "Шинэ Үе” төслийг дэмжиж хамтран ажиллаж буйгаа илэрхийлсэн бичлэг цацагдаж эхэллээ.

   Рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг  "Prosound" студийн дууны найруулагч “Рагу Раман” санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Тэрээр монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран амжилттай хэрэгжүүлж буй энэхүү төслийн үргэлжлэл болох “Шинэ үе” төслийн шалгаруулалт эхэлж урлагийн ертөнцөд шинэ хувьсал бий болгох, өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч 12-25 насны дуулах, хөгжим тоглох авъяастай залуучуудыг дэмжихээр хоёр үе шаттай явагдаж буй юм.

   Эхний ээлжинд 30 оролцогч тодрох бол шилдэг 14 оролцогчийг “Prosound" студийн дууны инженер Рагу Раман, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “The Mongolian Live Sessions” төсөлд орсон уран бүтээлчдийн төлөөлөл шүүхээс гадна олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэгчдийн саналаар тодруулах юм байна. Шилдэг 14 оролцогчийг Нью-Йоркийн “Guitar Center”-ийн хамгийн шилдэг брэндийн хөгжмийн зэмсэгээр шагнах юм.

   “Номин констракшн” групп, “Unitel” групп,  “Turkish Airlines”, болон “SBN” телевизтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү “Шинэ үе” реалити нь хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа амьд хөгжим, амьд дуу хоолой ямар чухал ач холбогдолтойг залуучуудад мэдрүүлэх, түүнчлэн рок поп ертөнцөд аль хэдийн байр сууриа эзэлсэн уран бүтээлчдийн замнал болоод тэдэнтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж зөвлөгөө авах боломжийг уг шоу нэвтрүүлгээр олгох аж.

Ингээд та бүхэндээ монголын рок, попын шилдгүүдийн “The Mongolian Live Sessions”-ийн бичлэгийг хүргэж байна.