“Хан ресурс” нууцын зэрэглэлд шилжлээ
2013/03/04
Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани дөрвөн жилийн өмнө лиценз цуцалсны хариуд Монгол улсын Засгийн газар, Цөмийн энергийн газрыг арбитрийн шүүхэд өгч нэхэмжлэл гаргажээ.
Энэ асуудлаар Цөмийн энергийн газрын мэргэжилтэн Б.Хангайгаас тодруулахад “Энэ хэрэг нууцын зэрэглэлд хамрагдсан тул мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Олон улсын шүүх хуралтай холбоотой элдэв мэдээллийг гадагшаа цацахгүй байхыг холбогдох албаны хүмүүст Засгийн газраас үүрэгдсэн байна. Хууль зүйн яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа энэ хэргийг, ямар зорилгоор нууцлах болсон нь тодорхойгүй байна.
Монголын Улсын Засгийн газар 2013 оны дөрөвдүгээр сарын тавны дотор компанийн хохирлын мэдүүлгийн хариуд Олон улсын арбитрт тайлбар өгөх бол. “Хан Ресурс” компани 2013 оны зургаадугаар сарын 28-ны дотор Монголын Засгийн газрын мэдүүлгийн хариуг өгнө.
С.Гансолонго