"Алтан элс" гэх энэ эмнэлэг Шастины нэрэмжит Нэгдсэн III эмнэлгийн дэргэд оршдог. Тус эмнэлэгт өнгөрсөн оны есдүгээр сард хэвтэн эмчлүүлж байсан 17 өвчтөний 14 нь эмэйд хордсон хэрэг гарч олныг цочроож байсан билээ.

Энэ хэргийг цагдаагийнхан олон сарын турш шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Гэтэл Баянгол дүүргийн Прокуророос хэргийг хянаж үзээд хэрэгсэхгүй болгожээ.



Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээс харахад, нэгдүгээрт, эмнэлэгт хэвтэж байсан хүмүүс эмнээс хордсон нь тогтоогдоогүй, хоёрдугаарт, эмүүд нь стандартынх, гуравдугаарт, нэгэн өвчтөн бага зэрэг хямарсанд бусад нь дагаад сэтгэлээр унасан, дөрөвдүгээрт, "Алтан элс" эмнэлэг ЭМЯ-ны албан ёсны зөвшөөрөлтэй, тавдугаарт, эмнэлгийн дарга Б.Цэндсүрэн өвчтөнүүдийг хохиролгүй болгосон зэргээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх аж.



Гэхдээ энд нэг зүйл эргэлзээ төрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын шалгалтаар эм тариа нь стандартынх гэдэг нь тогтоогдсон юм бол эмнэлгийн зүгээс өвтөнүүдэд төлсөн хохирлын мөнгө ямар учиртай болж таарав. Өвчтөнүүдэд юунаас болж ямар хохирол учирсан бэ гэдэг нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл дээр байсангүй. Тэгээд ч тухайн үед өвчтөнүүд хохирсон юм бол энэ нь гэмт хэрэг болох учиртай баймаар. Ямартай ч «Алтан элс» ялгүй хоцорсонд хүмүүс гайхдаг юм билээ.



Өнгөрсөн оны есдүгээр сард дуулиан тарьж байсан эл хэргийг яагаад шалгах шаардлагагүй болсон, мөн эмчилгээ болон эм тарианд нь ямар нэгэн зөрчил илрээгүй гэх дүгнэлтүүдийг мэргэжлийн байгууллагууд гаргасан нь ихээхэн хардлага дагуулдаг. Учир нь тухайн үед тус сувиллын зөвшөөрлийн хугацаа дууссан хэрнээ мэргэжлийн сувилагчгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг шалгалтынхан тогтоосон.

 

 

Тэр үед энэ явдал дуулиан тарьж, хувийн эмнэлгүүд хөлд нь чирэгдэх вий гэсэндээ шалгалтад бэлдэж байлаа. Үүнээс гадна, хугацаа нь дууссан тариа авч ирж өвчтөнүүдэд хийснээс болж зургаан хүн эндэх шахсан гэх шалтгаанаар МХЕГ-аас үйл ажиллагааг нь түр зогсоож, хаалган дээр нь «Хаалттай» гэх бичиг өлгөсөн. МХЕГ газар буруу дүгнэлт гаргасан баймааргүй.

 

Дээр нь тухайн үед мэргэжлийн болон холбогдох албаныхан бүгд л «Алтан элс»-ийг буруутай гэж байсан хэрнээ эцэст нь бүгд дүгнэлтээсээ ухарсан нь ийнхүү олны хардлагыг төрүүлээд байгаа.



Энэ талаарх олон нийтийн хардлагуудыг сийрүүлбэл, тус эмнэлгийн дарга Б.Цэндсүрэн эмч мэргэжилтэй хүн биш, сувиллын талаар «А» ч үгүй. Тэгсэн атал тусгай зөвшөөрөл нь хүссэн бүгдэд олддоггүй сувилал нээсэн нь тухайн үеийн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туултай холбоотой гэнэ. С.Туул болон Н.Цэндсүрэн нар дотны найзууд гэдгийг тэднийг мэддэг хүн бүр хэлдэг.



Б.Цэндсүрэн «Луно- ба» ХХК-ийг нөхөр Л.Базаррагчаатайгаа ажиллуулдаг. Тэд 2009 онд Төв аймгийн Аргалант сумын нутагт «Алтан элс» сувилал байгуулахаар тусгай зөвшөөрөл авсан. Гэтэл дээрх сувилал нь 2011 онд татан буугдсан атлаа гэнэт л нийслэлийн Баянгол дүүр¬гийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөн «Алтан элс» эмнэлэг болгон ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед болсон хэргийг эргэн саная.



Өвчтөнүүд хорддог тэр өдөр Б.Цэндсүрэн 17 хүнд үзлэг хийж, баахан тариа бөөндөж байгаад тарьж орхисон байдаг. Гэтэл удалгүй 14 хүний биеийн байдал муудан бөөлжиж, арьсан дээгүүр нь тууралт өгсөн байдаг. Хүн эмчлэх эрхгүй эмнэлгийн даргын балгаар эм, тариа хийлгэсэн өвчтнүүдийн бие эрс муудаж, харьяа дүүргийн эмнэлгүүдэд хуваан хэв- түүлж байсан юм. Түүнчлэн дуудлагаар очсон эмч нар ч «Дахиад жаахан удсан бол өвчтнүүд амь насаа алдах байлаа» хэмээн өгүүлж байсан.



Уг нь мэргэжлийн бус хүн ажилласнаас болж олон хүн амь насаа алдах байлаа гэдгийг холбогдох байгууллага болон олон эмч нар нотлоод өгсөн. Гэтэл нийгмийг түгшээж байсан эл хэрэг нам жим байж байсаар хавтаст хэрэг нь хаагдаж орхисонд ард иргэд гайхахаас өөр яах вэ.Энэ талаар бид сурвалжлан хүргэх болно.


Р.Саруул