“Стандарт” банкин дахь монголчуудын зээлийг худалдаж авах “BNP Paribas” манайд “суурьших” нь
2013/11/04
Өмнөд Африкийн “Стандарт” банк Монголын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилж, олон улсын арбитрын шүүхэд хандахаар болсон. Тэгвэл үүнтэй зэрэгцээд тус банк Монголын зээлдэгчдийн авсан 350 сая ам.долларын хөрөнгийг Францын “BNP Paribas” банкинд худалдахаар болжээ.
Азийн хэд хэдэн орны уул уурхайн салбарт олгосон нэг тэрбум орчим ам.долларын зээлийг тус банкинд олгохоор болсон ч тэр дундаас зөвхөн Монголын зээлийг авахаар зөвшөөрсөн гэж байгаа. Тэгвэл Францын “BNP Paribas” компани Монголтой ямар холбоотой вэ гэх асуулт гарч ирнэ.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцсан “Шинэ төмөр зам”-ын төслийн зөвлөх багийг сонгон шалгаруулахад санхүүгийн зөвлөхөөр нь “BNP Paribas” банк тодорсон. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд эхний ээлжинд баригдах 1800 километр замд зориулж таван тэрбум гаруй ам.доллар төсөвлөсөн.
Түүнээс тэрбум орчмыг нь Монголоос гаргаж, үлдсэнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, банкнаас хөрөнгө оруулахаар төлөвлөсөн юм. Ийм хэмжээний хөрөнгийг босгохын тулд туршлагатай санхүүгийн зөвлөхүүд авахаар шийдлээ хэмээн албан мэдээнд дурьдаж байв. Харин тэрхүү туршлагатай зөвлөхүүдийнх нь нэг нь энэхүү Францын банк болж таарчээ.
Өмнөх парламентын үед “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалах тухай ид яригдаж байв. Тухайн үед Монголын Засгийн газар олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн банкийг сонгон авч нээлттэй хөрөнгө оруулалтын санал тавьсан юм. Тэдгээр дөрвөн банкны нэг нь мөнөөх л Францын “BNP Paribas” байв. Түүнчлэн Оюутолгойн төслийн гол хөрөнгө оруулагч байсан “Айвенхоу Майнз” компанийн тэргүүн нар болох Роберт Фрийдланд, Жон МакКей нарын санал болгосны дагуу гадны хэд хэдэн банкнаас санхүүжилт авахаар болж байсан. Оюутолгойн төслийг санхүүжүүлэх зээлийг олгох тэдгээр банкны тоонд мөн л “BNP Paribas” багтсан юм. Энэ талаар Р.Фрийдланд “Гол зээлдэгч бүлгээ бий болгох нь Оюутолгой төслийн санхүүгийн багцыг найдвартай бүрдүүлэх чухал алхам болно” хэмээн мэдэгдэж байлаа. Ийнхүү тус банк Монголтой олон сэжмээр холбогдсоор байгаа юм.
Парис, Лондонд төвтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “BNP Paribas” банкны хувьд 2000 он гэхэд дэлхийд тэргүүлэгч банкны тоонд багтах болжээ. Харин 2012 онд “Bloomberg”, “Forbes”-оос гаргасан мэдээлэл дээр үндэслээд тус банк нийт хөрөнгийн хэмжээгээрээ дөрөвдүгээрт жагссан байна. Санхүүгийн хямралын хүнд жилүүд буюу 2007-2009 онд харин ч бүр өндөр ашиг олж байсан гэдэг. Тухайлбал, 2008 онд Америкийн эдийн засаг бүхэлдээ хямарч, моргейжийн зээлийн салбар зогсонги байдалд орчихоод байхад “BNP Paribas” гурван тэрбум фунт стерлинг, 2009 онд 5.8 тэрбум фунт стерлингийн ашиг олж байжээ. Зээлжилтийн зэрэглэл тогтоогч “S&P”, “Moody’s”, “Fitch” агентлагууд тус банкны зээлийн чанарыг А+ хэмээн тогтоосон юм. Адил төстэй санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт. Мөн Евро бүсийн орнууд дундаа хамгийн их нөөцтэйд тооцогддог. Харин үйл ажиллагааны тухайд гэвэл бизнесийн гурван салбар руу голчлон чиглэдэг. Тэр нь үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, жижиглэнгийн үйлчилгээ юм.
Анх Францын Засгийн газрын санхүүжилттэйгээр 1848 онд байгуулагдаж байсан санхүүгийн байгууллага нь яван явсаар 1932 он гэхэд албан ёсоор банк болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин 1993 онд хувьчлагдаж, хувийн арилжааны банк болжээ. Тэр нь энэхүү “BNP Paribas” банк юм. Одоогийн байдлаар Франц, Итали, Бельги, Люксембургийн санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс гадна АНУ, Польш, Турк, Украйн, Хойд Африкийн орнуудад салбараа байгуулжээ. Нийтдээ дэлхийн 80 гаруй оронд салбартай, 200 мянган ажилтантай, түүнээс 160 мянга нь Европт байдаг аж. Гэхдээ сүүлийн үед Африкийн зах зээлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх сонирхолтой байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байв. Түүнээс гадна Монголын хөрөнгө оруулалтын салбарт байнга нэр нь дуулдаж байгаагаас үзэхэд манай улсыг ч бас сонирхож байгаа бололтой.
Хамгийн сүүлийн мэдээллээр бол “Рио Тинто” компани өнгөрсөн зун гурван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Харин үүнтэй холбогдуулан маш их хэмжээний хөрөнгө босгох бондын арилжааны гол зөвлөхөөр хэд хэдэн банк ажилласны тэргүүн эгнээнд нь бас л “BNP Paribas” байгаа юм. Өнгөрсөн онд гурван тэрбум ам.долларын шууд бус алдагдал хүлээсэн “Рио Тинто” компанийн хувьд Оюутолгой төслийн хоёрдугаар шатны санхүүжилтийг босгох зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагуудад хандсан. Энэ хүрээнд 14 зээлдэгч зөвшөөрсөн гэдэг. Тэр дунд 250 сая ам.долларын санхүүжилт олгох бололцоотой хэмээн хамгийн том дуугарсан хоёр банк байгаагийн нэг нь “BNP Paridas” юм.
Т.Элиса