Н.Удвал сайд ухаан­гүй явна. Тэр Н.Энх­баярыг “delete”-чихлээ. Ерөн­хийлөгчийн сон­гуульд нэр дэвших хамгийн өндөр магад­лалтай байсан эксийг тэр ардаа орхиж дөн­гөлөө.

Түүнд ийм эрх бий гэж бодсон учраас тэр. МАХН гэх малгайг өөрийн болсон цагаас нь хойш тэр Н.Энхбаярын дэргэдээс холдоогүй. Иймээс тэрбээр өнгөрсөн хугацааны хөдөлмөрийн хөлсөө авч байгаа нь энэ бололтой юм.


Экс Ерөнхийлөгч Н.Энх­баярын биеийн байдал муудаж, яаралтай эмч­лэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт бий. Дүгнэлтэд дурьд­санаар “Монгол Улсад шинжлүүлж болдоггүй, эсийн задрал явагдаад эхэлсэн. Яаралтай эмчлэхгүй бол амь насанд нь аюултай” гэсэн байдаг. Иймээс биеийн байдал болон сэтгэл санаанд анхаарах хэрэгтэй хэмээн намынхан нь тодот­гож, ээжүүд хүр­тэл өлсгөлөн зарлав.

 

Нулимс дуслуулан ярих ээжүүдийн үгэнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин л уярч, өмгөөлөн хам­гаалан гүйж харайсан юм. Түүнээс биш Н.Удвал тэргүүтэн огтхон ч тоосонгүй. Юун нус нулимстайгаа хутгалдаж, доошоо орох. Уг нь намын даргаа аврах эцсийн найдвар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд л байлаа.

 

Намын квотоор сайд, тэр дундаа Эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх болсон нь Н.Энхбаяр аврагдлаа гэхтэй утга нэг сонсогдож байлаа, тухайн үед. Харамсалтай нь, нөхцөл байдал гишүүдийнх нь хүсч байснаар болсонгүй.



Эхэндээ Н.Удвал сайдыг  нийт хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаад байна гэж ойлгох уу, нэг хоёр ялтны төлөө тэмцээд явна гэж үзэх үү хэмээн хардаж байлаа. Ганц л хүний төлөө энэ салбарыг толгойлж байна гэж нийтээрээ ажиглах болсон. Харин тэр зөвхөн өөрийнхөө төлөө өнөөдрийг хүртэл явж байж.

Хэн нэгэн Энхбаярын төлөө ч бус. Нийт иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ч биш. Гагцхүү Н.Удвал улс төрийн тавцан дээр гялалзаж байхын тулд “хөдөлмөрлөж” байсан бололтой. МАХН-ын даргыг сайд нарын II эмнэлэг рүү шилжүүлэн эмчлэхийн тулд нэлээн л юм болсон юм даг. Ялтан Н.Энхбаяр хорих ангийн эмч нараар эмчлүүлэхгүй хэмээн зөрүүдэлж, биеийн байдал нь муудаж, асуудал ар араасаа хөвөрч байв.

Гэтэл сүүлдээ II эмнэлэгийн эмч нар эксийг эмчлэхээс татгалзаж, үхвэл ч үхнэ л биз гэсэн байдлаар хандах нь тэр. Гэтэл тийнхүү мэдэгдэж байсан эмч нь Н.Удвалын хүн байсан гэх яриа чих дэлсэв. Хэрэв ялтан Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд гэдийчихэж мэдэх нөхөр тул ийнхүү “хор” найруулсан гэх.

Ямартаа л II эмнэлгийн сонгон шалгаруулалт хэдийнэ явагдаад дуусчихсан атал салбарын сайд тушаалаа гаргахгүй хав дарж байх билээ. Гагцхүү сайдын тушаал гараад л дарга нь томилогдож, түр орлон гүйцэтгэгч нөхрийг өөрчлөх учиртай аж. Гэвч өнөөдрийг хүртэл Байгаль солигдоогүй байгаа нь хардлагыг улам өдөөв.

Нөгөөтэйгүүр, Н.Энхбаярыг II эмнэлэг рүү хэвтүүлэн эмчлэх шаардлагатай хэмээн мэдэгдэж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хорих ангийн ерөнхий эмч Т.Доржсүрэнг ажлаас нь халж байгаа гэнэ. Түүний оронд “МАХ” яаманд байсан Анаркүлийг томилж байгаа гэх яриа ч гарчээ.

Өнөөх Анаркул нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хүн гэдгийг нь эл хүрээнийхэн андахгүй. Товчхондоо, Н.Энхбаярыг Х.Тэмүүжингийн гарт “арилжиж” байгаа юм байх. Ийнхүү Н.Удвал сайд бусдаар бамбай хийж, эксийг намнах ажиллагаа явуулж эхэлсэн талаар учир мэдэх хүмүүс жиргэж эхэллээ. Намын дарга нь эмнэлэгт биш шорондоо байвал эрхэм хатагтай санасандаа хүрэх юм байх.

Түүний хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь туйлын зорилго. Өнгөрсөн долоо хоногт болсон бага чуулганаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болох дөрвөн хүнийг нэрлэсэн. Мэдээж, Н.Удвал сайдын нэр дунд нь бий. Мань хүн ч хэдийнэ сонгуулийн PR сурталчилгаандаа анхаарлаа хандуулаад эхэлсэн гэнэ.

Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох нь гэх мессеж нисгэж, сонгогчдыг соронздох болсон аж. Н.Энхбаяр байгаагүйсэн бол Н.Удвал байх байсан уу гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд бий. Цаг хугацаа хамгийн сайн шүүгч ээ гэж. Албан тушаал араншин таниулж эхэлсэн юм даг уу даа, хөөрхий.


Гэвч Эрүүл мэндийн  салбарыг элгээр нь хэвтүүлсэн сайдад ард түмэн итгэл хүлээлгэх болов уу. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр Монголын эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жилд тасралтгүй уруудсаар ирсэн ч  өнөөдрийнх шиг “мөхөл”-ийн ирмэгт тулж байсангүй.

Ёстой л нөгөө “хувьсгалын тохироо бүрдэв”  гэгчээр Н.Удвал эл салбарыг толгойлох болсноос хойш нялхсын эндэгдэл, элдэв янзын онош нь тодорхойгүй өвчин ээлж дараалан гарч, тангараг өргөсөн эмч нар цагаан өмсгөлтэй “алуурчид” болж хувирав. Энэ бүхнийг салбарын сайд харж, бас сонсч байгаа ч ард түмнийхээ өмнө ил гарч, ажил үүргийнхээ талаар учирлаж, уучлал гуйсангүй.

Албан тушаалаа өгч огцроход ч багадах хэргийг нь мэдсээр атлаа зөөлөн сэнтийдээ шигдсээр өнөөдөртэй золголоо. 1978 онд АУИС-ийг төгсч,  2002 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан  Н.Удвал сайд уг нь салбарынхаа сайн мэргэжилтэн гэх. Харамсалтай нь сайн бөх болгон сайн дасгалжуулагч болдоггүй гэдгийг тэр батлаж өгөв бололтой. Ийм хүнийг төрийнхөө хойморт залах гэж үү. Н.Удвал сайд аа “ухаан” орооч.


Л.Нинжсэмжид