Д.Эрдэнэсайхан: Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяа миний өмнөөс хохирлыг 100 хувь барагдуулсан
2013/03/05
Үнэтэй ваар хагалснаасаа болж, ажилгүй болж, бусдад чичлэгдэж яваа гэгдээд байгаа Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхантай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
Түүнийг ажлаа хийж явахдаа ваар хагалж, Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн уурыг барж, цалингийн зээлээр хохирлоо барагдуулж, гудамжинд гарсан гэх мэдээлэл сайтуудаар цацагдсан билээ. Гэвч тэрбээр дээрх бүх мэдээллийг няцааж, мэдэгдэл гаргасан байлаа.
-Чухам юу болсон талаар эхлээд тодруулахгүй юу?
-2012 оны тавдугаар сард хамгаалалтын ажилтны дуудлагаар Ерөнхий сайд асан С.Батболдын их тэнгэр дэх гэрт ажилласан юм. Тэр үед өөрийн санамсар болгоомжгүйгээсээ болж, ойрхон байсан ваарыг унагаад хагалчихсан. Тэгээд унагаж хагалсан ваарныхаа хэлтэрхийг аваачиж Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны удирдлагууддаа харуулсан. Тэгээд би ийм хэрэг хийчихлээ. Энэ ямар үнэ өртөгтэй байдаг юм бол бусдад учруулсан хохирлоо барагдуулья гэж хүсэлт гаргасан.
-Та өөрөө тийм хүсэлт гаргасан юм уу?
-Тэгэлгүй яах вэ дээ. Бусдын эд зүйлийг өөрийн болгоомжгүйгээсээ болоод унагаад хагалчихсан хүн чинь.
-Тухайн үед гэрийн эзэгтэй байсан бөгөөд таныг төлж барагдуул гэж хашгирсан гэж мэдээлсэн байсан шүү дээ?
-Үгүй ээ. Тухайн үед гэрийн эздийн хэн нь ч байгаагүй. Дуудлага өгсөн хамгаалалтын ажилтан болон үйлчлэгч л байсан. Тэдний хэн нь ч надад юу ч хэлээгүй.
-Та Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяатай хэзээ уулзсан юм бэ?
-Тэр хүнтэй би хэзээ ч уулзаж байгаагүй. Телевизээс л хааяа царайг нь харж байснаас биш нүүр тулж хэнтэй нь ч уулзаж, учирч байсангүй.
-Тэгээд хохирлыг нь барагдуулна гэхээр удирдлагууд тань юу гэж хэлсэн юм бол?
-Би өөрөө хүсэлт гаргасан учраас байгууллага ч татгалзаагүй. Тэгээд ваарны үнийг манай удирдлагууд судалсан юм шиг байна лээ. Миний л буруугаас болсон болохоор цалингийн зээл авч байгаад ч болов бусдын хохирлыг барагдуулья л гэж бодсон. Шууд гаргаад өгөх мөнгө байх биш. Тэгээд удирдлагууд маань ваар захиалж авчруулсан юм билээ. Түүнийгээ удирдлагууд оруулж өгтөл Х.Отгонтуяа гайхаж, энэ хэрэг мандсан юм билээ. Тэгээд хэрэг явдлын талаар сонсоод “Юун сүртэй юм. Ямар санаатай хагалсан биш. Одоо нэгэнт аваад ирсэн юм чинь би өөрөө төлье тэр сантехникчээр төлүүлээд хэрэггүй шүү” гэж хэлсэн талаар удирдлагууд маань надад хэлсэн. Би бүр баярласан шүү. Тухайн үед гэрийн эзэд тэр ваарны талаар огт мэдээгүй байсан юм билээ.
-Тэгж хэлэхэд нь та дэргэд нь байгаагүй юм уу?
-Байгаагүй. Хамгааллалтын ажилтнууд л байсан. Ваарны төлбөр болох таван сая 460 мянган төгрөгийн нэхэмжлэхийг нь би комисаруудад нь л оруулж өгсөн шүү. Тэгээд л миний өмнөөс хохиролыг 100 хувь барагдуулчихсан. Надаас нэг ч төгрөг гараагүй. Би ч цалингийн зээл авах гэж байснаа шууд л больчихсон. Ердөө ийм л юм болсон. Гэтэл сайтуудад ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл гарсан байсан. Үнэндээ миний учруулсан хохирлыг барагдуулж өгсөнд тэр гэр бүлд би талархаж явдаг.
-Энэ явдлаас болж таныг ажлаасаа халагдаж, гудамжинд явж байна гэсэн шүү дээ?
-Би өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд л явж байна. Сая ч гэсэн ажлаасаа шууд л ирлээ. Тэр явдлаас болж надад ямар ч хариуцлага тооцоогүй. Намайг бүр гурван хүүхэдтэй гэж мэдээлсэн байсан. Би ганц л хүүхэдтэй.
-Та сайтад мэдээлэл өгсөн гээд байгаа Баянсан гэдэг хүнтэй ямар холбоотой юм бэ?
-Баянсан гэдэг нэртэй хүн манай хамаатан садан, найз нөхөд, тэр ч байтугай хамар хашаанд маань ч байхгүй. Одоо л ийм нэр сонсч байна.
-Энэ мэдээлэл гарснаас хойш ажлаа хийхэд тань хүндрэлтэй зүйл гарч байна уу?
-Надад эвгүй л байна. Мөн ажлаа хийгээд явж байгаа, харин ч бусдын өмнөөс хохирлыг нь барагдуулчихаад элдвэрээрээ хэлүүлж байгаа хүмүүст бүр ч хэцүү байгаа байх. Ингэж бусдын нэр хүндэд халдах нь зохисгүй юм.
-Ер нь энэ хэргийн талаар таныг л мэдээлэл өгсөн болов уу гэх хардлага бусдад ч гэсэн төрж байгаа байх?
-Хэрэв мэдээлэл өгөх шаардлагатай бол би өөрийн биеэр очиж өгнө. Зураг хөрөгтэйгөө. Би анх удаа л хэвлэлд ярилцлага өгч үзэж байгаа нь энэ. Түүнээс биш хэвлэлийнхэнтэй нэг ч удаа уулзаж байсангүй. Юун мэдээлэл энэ тэр өгөх. Тэгээд ч ажил дээрээ болсон явдлын талаар хамаатан садан, найз нөхөддөө ч ярьдаггүй. Хамт ажиллаж байгаа нөхдүүд маань мэдэж байгаа байх.
-Энэ хэргийг санаатайгаар ингэж гуйвуулан мэдээллэсэн нь таныг чиглүүлэв үү эсвэл Ерөнхий сайд асан С.Батболдыг уу. Танд өс хонзон санасан хэн нэгэн хийсэн юм биш биз. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Намайг ийм мэдээлэл гаргаагүй гэдгийг байгууллагынхан, хамт олныхон маань мэднэ. Би ямар гавьяа байгуулсан биш юу гэж хүн амьтанд ярих билээ. Найман жил ажиллахдаа анх удаа л дуулианд хутгалдаж үзэж байгаа нь энэ. Чухам дуулиан гаргасан эзэн нь хаана явдаг юм байгаан бүү мэд. Цаад далд утга санааг нь мэдэхгүй юм. Гол нь энэ хүмүүсийн нэр хүндэд л санаатай халдсан үйлдэл болов уу гэж бодогддог. Уг нь боломж гарвал Х.Отгонтуяатай нүүр тулж уулзаад баярлалаа бас уучлаарай гэж хэлэх юмсан.
…Бусдын үнэтэй ваар хагалсан гэх дуулианы эзэн ийн ярьж байна. Үнэндээ хэдэн жилийн өмнө л зарим нэг чөлөөт хэвлэл бусдын өмнөөс худал бичиж, тэр мэдээллийнхээ төлөө бусдыг шантаачилж амьдардаг байсныг мэдэх нэг нь хангалттай мэднэ. Зарим нэг сайтуудын эл зохиомол мэдээллээс болж төрийн үйлчилгээнд ажиллаж буй энэхүү эгэл жирийн слесарч залуу үнэхээр ажлын байраа алдвал хэн хариуцлага хүлээх юм. Өөрөө өөртэйгээ ярилцлага зохиож, бусдыг шантаачлагч сайтын захирал гэх залуу ажлын байраар хангаж, ар гэрийг нь тэжээж амьдрахгүй нь лав.
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед зарим сайтуудаар Их тэнгэр цогцолборын сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхан миний биетэй холбоотой ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан өөрийн биеэр дараах няцаалтыг хийж байна.
Д.Эрдэнэсайхан миний бие 2012 оны тавдугаар сард албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдан бусдын эд зүйл гэмтээн хохирол учруулсан. Гэхдээ сайтуудад бичсэнчлэн гэргий Х.Отгонтуяа нь орилж, хашгирч, төлж барагдуул гэсэн нь худал болно. Тухайн үед Х.Отгонтуяа байгаагүй бөгөөд хамгаалалтын ажилтан нь дуудлага өгч, тэр үед ч миний дэргэд байсан. Миний бие өөрийнхөө санамсар болгоомжгүйгээс болж, бусдад учруулсан хохирлоо төлөхийг хүсч, Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны удирдлагуудаа хүсэлт гаргасан билээ. Гэвч учруулсан хохирлыг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяа 100 хувь барагдуулсан юм. Надаас ч нэг ч төгрөг гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн тухайн үед Х.Отгонтуяа ваар хагарсан тухай мэдээгүй байсан билээ. Гагцхүү ваарыг шинээр захиалан авчирч өгөхөд мэдсэн хэрнээ санаатайгаар бусдын юмыг хагалсан биш хэмээн өөрөө хохирлыг нь барагдуулсан юм. Гэтэл худал мэдээлэл бичсэн болохыг энэ мэдэгдлээрээ няцааж байна.
Түүнчлэн Д.Эрдэнэсайхан би өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа бөгөөд хэн нэгнээс болж гудамжинд гарсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Мөн миний буруутай үйлдэлтэй холбогдуулан эдгээр хүмүүсийн талаар ташаа мэдээлэл тарааж, бусдын нэр хүндэд халдаж байгаад гайхаж байна.
Харин ч миний буруугаас болж, гарсан хохирлыг барагдуулж өгсөнд Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяад баярлаж явдаг нэгэн. Гэтэл иймэрхүү ташаа мэдээлэл гарч, нэр хүндэд нь халдсан явдалд Х.Отгонтуяа таниас энэ мэдэгдлээрээ дамжуулан уучлал хүсье.
Дахин ташаа мэдээлэл гаргахгүй, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг хүсье.
Төрийн тусгай хамгаалалтын газрын “Их тэнгэр цогцолбор” тусгай үйлчилгээний албаны сантехникийн ажилтан Д.Эрдэнэсайхан
Зочин · 2021/02/17
Хүнийг гүтгэсэн сайтыг зөрчлийн хуулиар арга хэмжээ авмаар юм