ОХУ-ын эрх баригчид таван жилийн турш Дональд Трампыг дэмжиж, үүний зэрэгцээ түүний нэр хүндийг унагах хангалттай баримт материал цуглуулж авсан хэмээн Британийн тагнуулын албаны экс ажилтны илтгэлд бичжээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ оролцож, мэдээллийн сүлжээг нь хакердаж, Трампыг ялахад ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн АНУ-ын тусгай албадын илтгэлд дээрх мэдээлэл багтсан бололтой. 2015-2016 онд болсон үйл явдлыг хамаатуулж буй Британийн экс тагнуулчийн илтгэлийг Америкийн BuzzFeed сайт дэлгэжээ. ОХУ-ын Холбооны аюулгүйн алба Трампыг 2013 онд Москвад ирэхэд нь түүний эсрэг баримтыг цуглуулж улмаар Трампыг сүрдүүлэх болсон хэмээн илтгэлд онцолсон байна. Тухайлбал, Дональд Трамп Ritz Carlton зочид буудлын Ерөнхийлөгчийн өрөөнд биеэ үнэлэгчидтэй уулзсан тухай баримт нотолгоог оросууд олж авсан ажээ. Энэ өрөөнд өмнө нь Барак Обама, Мишель Обама нар буудаллаж байсан юм.
 
Трампын хүрээлэл, тэр тусмаа сонгуулийн кампанит ажлыг нь удирдаж байсан Пол Манафорт, улс төрийн зөвлөх Картер Пейж нар Оросын удирдлагатай “сайн, нягт харилцаатай” байсан хэмээн британи тагнуулчийн илтгэлд бичсэн байв. Тэд Оросын эрх баригчдын төлөөлөлтэй уулзахдаа эрчим хүчний салбар дахь ОХУ, АНУ-ын хамтын ажиллагаа, Москвагийн эсрэг өрнөдийн хориг арга хэмжээний талаар ярилцсан аж. Илтгэлд дурдсанаар, Кремль Трампт тусалж, АНУ-ын Ардчилсан намын үйл ажиллагааны талаарх мэдээллийг дамжуулж байсан аж. Кремльтэй дээд төвшинд харилцаа холбоотой байж, АНУ дахь Оросын дипломат төлөөлөгчийн газартай ч нягт сүлбээтэй байсан Нью-Йоркийн тэрбумтны багийнхан Америкийн Тагнуулын газрын нууц мэдээллийг АНУ-д амьдардаг “Оросын олигархиуд” болон тэдний гэр бүлийн хүмүүсээр дамжуулан Оросын талд өгч байжээ.
 
Трамп ч, ОХУ-ын тал ч Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг ялагдуулах сонирхолтой байсан бөгөөд Москва цаашдын хамтын ажиллагааны болзол болгож тэрбумтны эсрэг баримт, нотолгоог гаргаж тавихгүй хэмээн амлажээ. ОХУ, АНУ-ын Ардчилсан намын нууц мэдээллийг ол­золж өрсөлдөгч нарт нь дамжуулаад, хариуд нь Кремль Украиныг нэгтгэсэн үйл явцыг буруутган зэмлэхгүй гэсэн амлалтыг Трампаас авсан хэмээн илтгэлд онцолсон байна.
 
Нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп нэгдүгээр сарын 6-нд тусгай албаны төлөөлөлтэй уулзсаныхаа дараа “Орос, Хятад зэрэг хэд хэдэн орон АНУ-ын төрийн бүтэц рүү кибер довтолгоо хийсэн. Гэвч энэ халдлага нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөөгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн билээ. АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо, Үндэсний аюулгүй байдлын агентлагаас бэлтгэсэн нууц илтгэлд, АНУ дахь улс төрийн үйл явцад нөлөөлөх кампанит ажлыг зохион байгуулах тушаалыг Оросын лидер Владимир Путин биечлэн өгсөн гэсэн нь ил болсон юм. Бүх судалгаагаар ялна хэмээн гарч байсан Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоныг ялагдуулж, Бүгд найрамдах намын Дональд Трампыг ялуулахад оросууд нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж. Харин Москва энэ бүхнийг эрс няцааж байна.
 
Н.Мөнхжин